Categories
мэдээ нийгэм

П.Цагааны санаачилсан “Дархад дууны цоморлиг”-ийн нээлт боллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны санаачилгаар нутаг нутгийн аялгууг олон нийтэд таниулах, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Дархад дууны цоморлиг” номыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргажээ. П.Цагаан уг номын нээлтийн үеэр ярихдаа “2016 оны УИХ-ын сонгуулиар байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл далайг захлан суусан зон олонтой уулзан, ярилцаж явахдаа тэр хүмүүс өвөг дээдсийн маань 700-800 жилийн соёлын өв, хэл яриа, аялгууг өдий хүртэл тээж явааг хараад Дархад зоны дууг эмхэтгэн хэвлүүлэх санаа төрсөн. Сүүлийн жилүүдэд монголчууд гадны улсын “савангийн дуурь”-т хэт шимтэхийн хэрээр тухайн улсын соёл эрчимтэй нэвтрэхээс гадна уламжлалт соёлын өв тээгчдийн тоо цөөрсөөр байна. Монгол Улсад бусдаас ондооших, омогших мөн чанар гээгдэж, соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай. Монгол монголоороо үлдэх боломж бол эх хэл, соёл юм. Тиймээс хойч үедээ Монгол Улсын оршин тогтнох дархлаа болсон эх хэл, соёлоо нандигнан үлдээх үйлсэд “далайд дусал нэмэр” болгох үүднээс энэхүү номыг хэвлүүлэн гаргалаа” гэв.

Энэхүү номд дархад ардын дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэй ашиглан эмхэтгэжээ.

Мөн газар газарт өөр өөрөөр дуулж ирсэн дархад дууг, гадаад дотоодын үе үеийн судлаачийн бүтээлээс шимтэн түүж, нийт 825 дууг газар усны нэр, үгсийн сангийн өвөрмөц тайлбарын хамт нэгтгэснээрээ урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлогтой гэнэ.

Цаашид тэрбээр буриад, урианхай, хотгойд зон олны ардын болон зохиолын дууг хадгалан хамгаалж нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны Дугуй танхимд болсон энэхүү номын нээлтэд Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, академич Д.Төмөртогоо, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, СГЗ, судлаач, орчуулагч Г.Аким нарын эрдэмтэн судлаач, багш нараас гадна номыг бүтээхэд туслацаа үзүүлсэн дархад зоны төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *