Энэ амралтын өдрүүд буюу 18, 19-нд үргэлжилсэн 30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө өрсөлджээ. Тэд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулж шилдгүүдээ тодруулсан байна.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцжээ. Тэмцээнээс манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын “Зураг” төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд “Зураг” төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын “Хөзөр” төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, “Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.