УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “Залуу малчдыг дэмжих аян” өрнүүлжээ. Монголын морин спорт, залуу уяачдын тэргүүн тэрбээр энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу гэр бүлийг сонгон 50 эм төлөг өгч, малжуулах ажил зохион байгуулж байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Залуучуудын мал маллаж хөдөө амьдрах сонирхол буурсан. Ихэнх нь хот, төв газрыг барааддаг болсон байна. Үүнээс болоод хотын замын түгжрэл, нүүрсний утаа ихэссэн байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд хотын төвлөрөлтэй тэмцэх биш хөдөөгийн малчдыг дэмжих, залуусыг мал маллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байгаа юм. Нийслэлд ажилгүй байгаа залуусыг хөдөө орон нутагт очиж мал маллахыг уриалах хэрэгтэй ” гэж санаа зовнин ярьсан байна. Түүний бодлоор бол хотод байгаа залуучуудыг 50 төлгөөр хуурч бүгдийг нь хөдөө хөөх юм байх. Үр дүнд нь хотын түгжрэл багасч, утаа униар нь арилж, хөдөө орон нутаг хөгжих юм гэнэ. Өнгөц харахад залууст мал өгч, ажилтай болгох гээд байгаа мэт. Үнэн хэрэгтээ залуусыг хөдөө цөлж, хөгжих, суралцах, мэдлэг мэргэжилтэй болох, орчин цагийн хүн шиг сайхан амьдрах боломжоос нь татгалзуулж байна гэсэн үг.
Мал маллах, малчин болох тийм сайхан ажил уу гэж захын залуугаас асуугаад үзээрэй. Бүгд д толгой сэгсрэн зугтах байлгүй. Яагаад гэвэл нүүдэлчид, малчдын амьдрал бол хамгийн хүнд бэрх, хатуу хөтүүг дөрвөн цагийн туршид туулдаг юм. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж сая нэг шөнө болохоор амсхийдэг цаг наргүй ажил. Салхи шуурганаар нялх жаахан үрсээ дааруулан дааруулан нүүдэл хийх, цасан шуурганаар хэдэн хонины араас явж байгаад осгох бол энүүхэнд. Зүсээн гандтал зүтгээд овойж оцойтлоо хөлжиж хөрөнгөжсөн хүн ч цөөн. Одоо бол бүгд л банкны зээлтэй, ноолуур гартал хэдэн төгрөг хүнээс зээлж цагаан сараа тэмдэглэх тухай л бодож суугаа. Ийм ундуй сундуй, өнгөрсөн зуунаараа байгаа амьдрал бол малчдынх. Ачлагын тэмээ нь портер машинаар солигдож, гэрэл чийдэн гэртээ гялалзуулдаг болсон ч байгалийн ая занг аргадан амьдардаг хүнд хүчир хөдөлмөр нь хэвээрээ. Ийм байтал өөрсдөө хотод шигдэн ая тухтай сайхан амьдарчихаад “Хөдөө л амьдрал байна. Хөдөө гарч мал малла. Малчны хөдөлмөр шиг сайхан нь хаана байна. Амьдрал мэдэхгүй байж хөдөөг мууллаа” гэж омогдохыг нь яана.
Хэрэв үнэхээр хөдөө малчин болчихоод санаа амар, стресс бухимдалгүй, ая тухтай, аз жаргалтай амьдарч болдог юм бол Д.Гантулга гишүүн өөрөө эхлээд малчин болчихоод бусдыгаа араасаа дуудаач. Яагаад өөрөө Улаанбаатарт, бүр саарал ордонд тухалж суучихаад залуусыг болохоор малчин бол гэж хөдөө хөөж байна вэ. Энэ бол өөрийнхөө дуртай хотод бусдыг оруулахгүй гэж байгаатай ялгаагүй юм.
Залуус Д.Гантулга гишүүний үгэнд орж, 50 төлгөнд хууртан малчин болуузай. Энэ зуунд нүүдлийн мал аж ахуй устаж үгүй болно гэдэг. Нүүдэлчид эрчимжсэн, суурин, ашиг шим ихтэй фермерийн аж ахуйд зайгаа тавьж өгч байгаа нь бодит үнэн. Хэрэв залуус малчин болж хөдөө гарвал тэр чигтээ хаягдана. Хийж бүтээх залуу халуун нас тань хэдэн хонины захад өнгөрнө. Орчин цагт хүмүүс улам л ая тухтай амьдарч, ингэж амьдрах шийдэл гарц нь нэмэгдсээр атал манай эрхэм гишүүн маань яагаад залуусаа хөдөө хөөгөөд унав. Түүний санаачилсан “Залуу малчдыг дэмжих аян” бол тэр чигтээ буруу юм. Харин ажилгүй залуусыг мэргэжилтэй болгож, мэргэжлийнх нь дагуу ажилд оруулах аян өрнүүлсэн бол хавьгүй дээр байлаа.
“Малчин болох хүн алга. Залуус хотод шигдээд хөдөө явахгүй байна” гэсэн шүүмжлэл бол арай хэтэрхий популист юм. Амьдрал дээр малчид өөрсдөө ийм шийдвэр гаргадаг юм. Тэд хүүхдүүдээ өөр шигээ болгохгүйн тулд их, дээд сургуульд явуулж, хот орон газар бусдын адил тохь тухтай амьдруулахыг хүсдэг. Энэ бол хүүхдээ гэсэн эцэг, эхийн чин хүсэл юм.
Монгол орон газарзүйн хувьд эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай. Жилийн дөрвөн улирлын ялгаа маш их. Зуны улирал нь дулаахан боловч маш хуурай бөгөөд зургаагаас наймдугаар сар хүртэл ердөө гуравхан сар үргэлжилдэг. Хахир хатуу хүйтэн өвөл нь барагдахгүй урт. Цаг агаарын тайланд дурдсанаар аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл бүхэл бүтэн долоон сар үргэлжилдэг. Хавар, намрын хэлбэлзэх хугацаа янз бүр байдаг ч хүйтэн хавсарга, жиндүү жаварлаг өдрүүд зонхилдог. 1989-2014 оны байдлаар Монголд жилд дунджаар 57 удаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл тохиолдсон бол сүүлийн жилд энэ давтамж нэмэгдсэн байна. 2015 онд л гэхэд аюулт үзэгдэл 76, гамшигт үзэгдэл 17 удаа болж есөн хүн амь насаа алдсан баримт байна.
Ийм цаг ууртай нөхцөлд хөдөө гарч, хөхөртлөө салхинд туугдан амьдрах залуус цөөн байх нь аргагүй юм. Хотын утаа, замын түгжрэлд ажилгүй залуусыг буруутган хөдөө хөөж байхаар, ажлын байрыг нэмэх, эдийн засгаа тэлэх, улс орноо хөгжүүлэх урт хугацааны цогц бодлого хэрэгжүүлээч.
О.ТУЯА