Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан нь малчдыг мал шиг нь амьдруулах хууль болжээ

Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хуулийн төсөл батлагдлаа. Манай улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Энэ нь манай нийт ажиллах хүчний 30 орчим хувийг бүрдүүлдэг байна. Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гарч байгаа. Саяын шинэ хуулиар бол малчин эрэгтэй 55, эмэгтэй нь 50 настай тэтгэвэртээ суухаар болжээ. Энэхүү хуулийн өөрчлөлтийн талаар С.Чинзориг гишүүн ингэж ярьсан байна лээ, “Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурин газрын бид өдөрт найман цаг нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг. Харин малчин хүний хөдөлмөр цагаар хуваарилагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий болтол тасралтгүй ажил нь үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж байгаа тэдний дундаж наслалт төв суурин газрын хүмүүсийнхээс доогуур байдаг. Энэ нөхцөлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулж байгаа юм” гэж.

XXI зуун гарчихаад байхад Монголын төр иргэдээ мал дагуулж, майханд амьдруулж, жалганд хүндрүүлж, жаран жилийн өмнөхөөр нь амьдруулж байгаа нь олон улсад бол шившиг юм. Үүнээс дор ичгэвтэр зүйл болсон нь малчдынхаа насыг хороосон албан мэдээллийг төрөөс өглөө. Юу гэж ойлгох вэ. Тэртэй тэргүй энэ хэдэн малчин чинь 60 наслахгүй болчихоод байна. Тэгэхээр 55 нас хүрвэл хүргээд тэтгэвэрт нь гаргая гэж. Малчдынхаа нас хорогдсоныг төр нь баталлаа. Энэ нь хуулиар бас батлагдав. Тийм болохоор бид энэ хуулийг эрс эсэргүүцэж байна. Иргэдээ ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Бүр цаашилбал өвөг дээдсээ доромжиллоо гэж харж байгаа.

Америкийн зарим дэлгүүрийн гадна талд лоовууз өмссөн монгол малчин шиг зэс хөөмлийг тод гэгч нь хадчихсан байдаг юм. Тийм дэлгүүрээр индианчууд орж архи, тамхи үнэгүй авч хэрэглэдэг. Индианчуудаа их харж үзсэн хууль баталсан нь энэ. Тэд ч живсэн л дээ. Ер нь архи, тамхиндаа хордоод үхэцгээсэн. Америкийн нэрт нийтлэлч Майкель нэгэнтээ бичихдээ “Цагаанууд нь улаанаа маш ихээр хядсан. Тэгсэн өнөөдрийн улаануудад зориулсан халамж нь тэднийг илүү их хядлаа. Эцэстээ улаанууд буюу индианчууд нь хядлагаар нэг мөр дуусаагүй, халамжаар сөнөцгөөсөн юм” гэж бичсэн байдаг. Манай өнөөдрийн малчны тэтгэврийг таван жилээр нааш нь татсан хууль үүнтэй агаар нэг сонсогдож байна. Наанаа бол энэ хоёр үндэстэн их маш асарч халамжилсан, тухайн үедээ гоё хууль мэт харагдах ч тодорхой хугацааны дараа ерөөсөө л сүйрэл дагуулсан хуулиуд. Жишээ нь архи, тамхи үнэгүй юм чинь хэрэглэж байгаа хүмүүс нь үхэж дуусна биз дээ. Манай малчдын насыг таван жилээр нааш татсан нь яг л адилхан. Халамжийн арав таван төгрөгөө юунд зориулахыг мэдэхгүй. Хөдөө хэдэн дов толгодоос өөр харах юмгүй, сэнсэрсэн хэдэн хөгшин, сэгсийсэн хэдэн жаал л байгаа. Малынхаа араас өдөр шөнөгүй явж байгаад тэртэй тэргүй үхэцгээнэ гэсэн үзэл санаатай хууль тэдэнд зориулан гаргачихлаа. Ерөөсөө энэ хууль нь үзэл санааны хувьд их муухай. Төв суурин газар 60 нас хүртэл нийгмийн даатгалаа төлөөд байгаа хүмүүс нь таван жилийнхээ даатгалыг ижил насны малчин нөхөртөө төлөөд өөрөө хөдөлмөр эрхлээд явах нь. Энэ мэтээр харвал их юм бий.

Таван жилийн наана үхнэ гэсэн ийм хууль гаргаж байхаар малчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулсан, бүрдүүлсэн хуулийг төрөөс гаргаж олигтойхон дэмжээд өгөөч. Үнэндээ нүүдлийн аж ахуй, нүүдлийн соёл иргэншил гэдэг нь өнөөдрийн хувьд дэлхийд музейн үзвэр болчихсон зүйл. Тийм зэрлэг бүдүүлгүүд Монголын хээр талд хэд гурваараа нүүж явааг үзэх гэж, ийм бүдүүлгүүд энэ дэлхийн нэг хэсэгт байна шүү гэсэн үзмэр. Өөр ямар ашиг байгаа юм бэ. Америкт хэдэн индианчууд байсныг нь дээр хэлсэн хуулиар архи, тамхинд живүүлж, амьдрах ямар ч боломжгүй хүмүүс болгож хувиргалаа. Австралид аброгенчууд гэж хэдэн нөхөр хээрээр явдгийг төрөөс бодлогын хуулиар бас дуусгаж байгаа юм билээ. Монголын хээр талд хэдэн нүүдэлчин үлдсэн, тэднийг төр нь ийнхүү насгүй болгож эхэллээ.

Манай малчдын өнөөдөр эрхэлж буй аж ахуй нь тэдэндээ ашиг багатай. Өдөр шөнөгүй гадаа байдаг, ийм хүнд хүчир, өнөөдрийн төрийнхний үзэж байгаагаар тэгсгээд үхэх нь тодорхой хэсгийнхэн. Монголын төр ингэж муухай хэлэхийн оронд засгийн бодлогоор, хууль гаргаад хагас нүүдлийн ч гэдэг юм уу, бидний нэршилдгээр эрчимжсэн мал аж ахуй руу оруулмаар байна.

Монголын саруул сайхан хөдөө, хээгүй зочломтгой… өөр юу юу гэж хөөргөн магтдаг билээ. Ядарсан малчдыг, тэр их хаврын хавсарга, их хуурайшилт, цас бороо, тэсгим хүйтний дунд тэсч амьдардгийг диваажин мэтээр магтан дуулдаг бичгийн хүмүүс, яруу найрагчид, зохиолчид байдаг. Тэдний хэн нь тэгээд магтаад байгаа хөдөөдөө очиж амьдраад, сайхныг нь мэдрээд байгаа юм. Энэ бол нэг талаас үзэл суртал. Амьдрал үнэн юманд л дуртай. Эдэн дээр нэмэгдсэн бас нэг хөдөөг магтдаг хүмүүс бий болсон нь УИХ-ын гишүүд, улстөрчид юм. Үнэхээр өвлийн тэсгим хүйтэнд морины хүйтэн цулбуурт гараа хайруулж үзсэн хүн эдний дунд бий юү. Хаврын хавсарганаар малын салиатай холилдож үзээгүй байж нэг л их хөдөөний сайхан нүүдлийн соёл иргэншил гэж ярьсан хүмүүс. Ингэнээс ботго авах хамгийн хэцүүг мэдэх үү. Нялх ботго энэ хорвоод бараг байхгүй эмзэг хэврэг амьтан байдаг юм шүү дээ. Хөдөөний сайхныг хийгээд маш хүнд хэцүүг мэддэг хүн гэвэл цөөхөн. Өнөөдөр цас зудын мэдээг үзээд бараг өмнөөс нь яс хавталздаг байхгүй юу.

Их гүрний хаяанд байсан индианчуудын гунигт түүх архи, тамхи хоёрын үнэтэй дууссан. Монголын нүүдлийн соёл иргэншил таван жилийн нас татсан энэ хуулиас болох нь гэж харагдаж байна. Ийм дэмийн балай хуулийнхаа оронд малчин түмнийхээ хүн шиг сайхан амьдрах орчинг бүрүүлж өг. Тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж өг. Малчны хүүхдүүдийг 10 настайд нь сургуульд оруулна ч гэх шиг. Арван нас хүртлээ мал царайлаад явна гэсэн үг үү. Дэлхийн жишиг нь өөрөө хоёр, гурван настайгаас нь эхлэн сургалтын хөтөлбөрт хамруулж байна. Тийм атал Монголын төр юунд мэдрэл муутай царайлна вэ. Төр засаг нь дэлхийн хөгжлөөс хол хоцорсон юм яриад байхаар чинь энэ Монгол Улс сөнөдөг юм байгаа биз дээ.

Эцэст нь хатуухан хэлэхэд, малчны тэтгэврийн насыг таван жилээр татсан энэ хууль чинь өнгөн дээрээ халамж энэрэл шиг харагдах ч малчдыг мал шиг нь амьдруулах гэсэн өргөн утгатай хууль болох нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдрэгдэх болох нь. Уг нь мал шиг бус хүн шиг амьдруулах хууль хэрэгтэй болохоос эрт үхнэ, үхэхээс нь таван жилээр ч болтугай нааш нь татъя гэж хууль батлах нь буруу юм аа. Малынхаа хотонд мал шигээ амьдарч буй малчдаа хүн шиг, хүн ёсоор амьдруулах, дэлхийн хөгжлийн жишигт амьдруулах нь л тэдэнд жинхэнэ төрөөс өгч буй энэрэл халамж юм.

Б.НЯМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан нь малчдыг мал шиг нь амьдруулах хууль болжээ” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигч таны гарт очлоо. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ хэмээн ярьжээ.

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой хийсэн ярилцлагыг мөн энэ нүүрээс эхлүүлжээ. Тэрбээр “Ээжүүд болон малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан хоёр хуулийн төсөл батлагдлаа” гэжээ.

“Улс төр” нүүрт намрын чуулганыг хоёрдугаар сарын 10-нд хаах тухай мэдээлжээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “АН-ын дүрмийн хэлэлцүүлэг орон даяар эхэлсэн” тухай ярьсан байна.

“Баримт, үзэл бодол” нүүрээс “Тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан нь малчдыг мал шиг нь амьдруулах хууль болжээ” нийтлэл хүлээн аваарай.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле өвөлжилт хүндэрсэн зүүн аймгуудад ажиллаад иржээ. Тэрбээр өвөлжилт, цаг агаар, малын халдварт өвчин, вакцины тухай ярьжээ.

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Ж.Мягмаржав баруун талдаа жолооны хүрдтэй автомашин яагаад осол их гаргаж байгаа талаар мэргэжлийн үүднээс тайлбарласан байна. Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх хэрэгтэй гэж тэр өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт прокурорын буруугаас болж хохирсон гэж үзэж байгаа компанийн захирлын яриа нийтлэгджээ.

Онц ноцтой гэмт хэрэгтэн хилийн торыг дайрч зугтсан тухай энэ нүүрт мөн мэдээлжээ.

“Дэлхийн мэдээ” Румынд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа тухай онцолжээ.

“Эмч” нүүрт уламжлалт эмнэлгийн их эмч Ш.Ариунжаргал уушгины хавдарт хотын утаа нөлөөлж байгаа эсэх талаар болон ханиад томууны сэдвээр зөвлөжээ.

“Цаг үе, залуус” нүүрээс “Mongolian next top model” нэвтрүүлгийн оролцогч Б.Ану-Үжин “Намайг хасагдсан гэхэд илт баярлахаар нь уйлахгүй байж чадаагүй” хэмээн өгүүлжээ.

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *