Categories
мэдээ улс-төр

Япон Улсын Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2017.02.09/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Масато Такаока Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, ажиллаж эхэлсэнтэйгээ холбогдуулан төрийн өндөр дээд албан тушаалтнуудад бараалхаж буй хүрээнд энэхүү уулзалт болсон юм.

Уулзалтаар манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд томоохон төслүүдээ хэрэгжүүлж эхлэх, Олон улсын валютын сангийн зээлд хамрагдах арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар харилцан санал солилцож, ярилцав.

Мөн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудалд Япон Улс хөрөнгө оруулагчийнхаа хувьд уг нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулахыг хүсч буйгаа ноён Элчин сайд илэрхийлж, ашиглалтад оруулснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чухал алхам болно хэмээн тэмдэглэсэн. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үүнтэй санал нэг буйгаа тэмдэглэж, хоёр орны найрсаг харилцаа урьдын адил үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ” хэмээн онцлон хэллээ. Мөн энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой хүрээнд тус улсын нийслэл Токио болон Саппоро хоттой харилцаагаа өргөжүүлж, ах дүүгийн харилцаатай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд энэ тал дээр Япон Улсын ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Харин ноён Масато Такаока НИТХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд Монгол-Япон найрамдлын нийгэмлэгийн тэргүүний хувиар Монгол Улс, Япон Улсын харилцаанд хувь нэмрээ оруулж байгааг нь сайшаан тэмдэглэлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод Монгол Улсын нийт иргэдийн тал нь амьдардаг тул хотын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *