Categories
мэдээ улс-төр

Ж.Энхбаяр: Улаанбаатар хот дэлхийн хамгийн өмхий хотын нэг боллоо

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Үйлдвэржилт хөгжиж, нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болж, шинээр барих шаардлагатай болж, судалгаа хийгдсэн. Судалгаагаар шинэ төв цэвэрлэх байгууламж барихад 900 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хэдэн жилийн өмнөөс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай талаар асуудал хөндөгдөж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийг гаргах компанид 2 сая гаруй ам.доллараа өмнөх хотын захиргаа, ус сувгийн газрынхан алдчихсан. Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Манай төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд 500 мянган тонн лаг байгаа. Гэтэл Японд нэг тонн лагийг 12 кг шороо болгочихдог. Та бидний хэрэглэж байгаа ундны усанд уран, хором, мөнгөн ус илэрсэн байгаа шүү. Энэ асуудлаа манай барилга хот байгуулалтын яамныхан, хотынхон шийдээд явах чадалтай хүмүүс томилогдсон гэж найдаж байгаа. Хурдтай ажиллаарай гэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Улаанбаатар хот дэлхий хамгийн өмхий хотын нэг болоод байна. 20 жилийн өмнө усаа крантнаасаа түүхийгээр нь уучихдаг цэвэр хот байлаа. Гэтэл төлөвлөлтгүй, мэргэжилтнийхээ үгийг сонсохоо байсан, улстөрждөгийн уршгаар өнөөдрийн төвшинд хүрээд байна. БХБ-ын сайд инженерийн шийдлийг анхаарч, БОАЖ-ын сайд төв цэвэрлэхийг далд, ууршуулж, салхинд туугдан хот руу орж ирдэггүй талаас нь судалгаа гаргаж, хотын дарга гүйцэтгэх ёстой. Энэ зун ажлаа эхлүүлсэн байх хэрэгтэй. Үндэстэн болохоо байлаа. Ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргээ төр хийх ёстой. Тиймээс экспиртиз, технологио сайн хийх хэрэгтэй. Олон зуун тэрбум төгрөгөөр технологи хийчихээд үнэрийг нь дараагүй байв. Агаарын бохирдол утааг бууруулна гэсэн өмнөх удирдлагууд утаа сайжирсан гэж яриад явж байсан. Тийм зүйл гаргаж болохгүй. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах асуудлыг энэ ондоо багтаан шийдэж, ирэх жил гэхэд барьж байгуулах ажилдаа орохгүй бол Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарыг огцруулах асуудлыг тавих болно гэв.

Байнгын хорооын дарга Ц.Гарамжав: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудал учир зөв технологиор сайн хэрэгжүүлээрэй. Тоног төхөөрөмжөө сонгоогүй байж зураг төслөө хийнэ гэж байхгүй. Энгийн тоног төхөөрөмж сонгоорой гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *