Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Назарбаевын гэгдэх “GTime” сүлжээ бизнесийн салбар зөвхөн Улаанбаатар, Улаан-Үдэд байдаг

-GTIME СҮЛЖЭЭГ ЦАГДАА НАР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Сүлжээний бизнесийн “давалгаанд” бид байсхийгээд л цохиулаад байх боллоо. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад хичнээн сүлжээний бизнес орж ирсэн юм. Гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс эхлээд автомашин, их хэмжээний мөнгөний ашиг олох боломж гээд л олон төрлийн сүлжээний бизнес хэрэгжиж байв. Гэхдээ ихэнх нь сүлжээний бизнес нэрийн дор бусдыг залилсан нь тогтоогдож, шоронгийн хаалга татсан байдаг. Мөн үүнийгээ дагаад олон мянган хүн хохирч үлдсэн байдаг. Сүлжээний бизнес цэцэглэх нь эдийн засагтай их холбоотой. 2011 оны хямралаар манайд 6000 гаруй иргэн хохирсон сүлжээний бизнестэй холбогдуулан “Говийн хөгжлийн ирээдүй”, “Барагдашгүй алмаз”, “Хүсэл мөрөөдлийн хүч” зэрэг байгууллагуудыг шалгаж байсан. Үүнийг манайд гарсан сүлжээний бизнестэй холбоотой хамгийн том хэрэг гэдэг. Тэгвэл эдийн засаг хямраад байгаа энэ үед дахиад л нэг сүлжээний бизнес манай улсад хүч түрэн орж ирээд байна. Сүүлийн үед мөнгөө өсгөх гэсэн хүмүүс Казахстанаас орж ирсэн “GTime Corporation”-ийн сүлжээ рүү олноороо орж элсэх болжээ. Амнаас ам дамжсан сурталчилгаанд автсан манайхан гэр бүл, хамаатан саднаараа элсэх болов. Иргэдийн дунд “Хүүе маш амархан баяжих боломж гараад ирлээ. “GTime” гэдэг сүлжээнд элсээд хэдэн төгрөг байршуулчих юм бол гэртээ сууж байгаад л мөнгөтэй болох юм байна. Бүх таньдаг хүн рүүгээ ярьдаг хэрэг” гээд л хэн нэгний хэлсэн сурталчилгаан дээр өөрийнхөө үзэл бодлыг нэмээд л ярих ажээ. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа гэрийн эзэгтэй, тэтгэврийн хөгшид, оюутан залуус, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид гээд хот, хөдөөгүй “GTime” гэх нэртэй сүлжээний бизнесээр “амьсгалж” байна. Ямар сайндаа л гоо сайхны салоноор үйлчлүүлж байгаа хүнд гоо сайханч эмэгтэй энэ талаар хоёр цагийн турш тайлбарлаж өгөх аж. Мөн дэлгүүрийн худалдагчид хүртэл үйлчлүүлж байгаа хүмүүст тайлбарлаж өгч байна. Гар утсанд байсхийгээд л мессэж ирэх ажээ. Интернэтэд тавьсан тус компанийн албан ёсны танилцуулгыг үзэхэд Казахстанд 2012 онд байгуулагдсан, татвар төлдөг хэмээн онцолсон байна. Шунгит хэмээх чулууг ашиглан цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ ч онцолсон. Шунгитыг ашиглан хийсэн ердөө гуравхан бүтээгдэхүүн танилцуулсан нь нүүр цэвэрлэгч, нүүр, гар, хөлийн тос. Тус компаниас хэдэн янзын хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа дэлгэрэнгүй бичжээ. Төв нь Алма-Аты хотод байдаг гээд дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн боловч хилийн чанадад ердөө хоёрхон салбартай юм байна. Нэг нь Улаанбаатарт, нөгөө нь ОХУ-ын Улаан-Үд хотод байдаг. “GTime Corporation” компанийн албаны вэб хуудсанд янз бүрийн хөтөлбөрүүдэд хамрагдаж чамгүй ашиг олж байр, “Ford Focus” машин хожсоныг нэлээд сурталчилжээ.

Н.НАЗАРБАЕВТАЙ ХОЛБОСОН НЬ

Казахстаны “GTime Cor­poration” нь байгуулагдаад удаагүй ч эх орондоо бол бүгд л мэддэг юм байна. Хүн бүрийг амжилттай бизнес эрхлүүлж чаддаг гэх тус компани нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зөвшөөрлөө авч Монголд салбараа албан ёсоор байгуулжээ. Харин манайд яагаад ч юм тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэмжсэн бизнес мэтээр ярьцгааж байна. Гэтэл албан ёсны вэб хуудсанд нь Н.Назарбаев дэмжиж ядуурлыг бууруулж, дундаас доош орлоготой хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой санаачилсан гэх талаар нэг ч өгүүлбэр олдсонгүй. Уг сүлжээний бизнес нь нэлээд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хэрхэн өргөжиж байгааг сошиалаар дүүрэн бичжээ. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хэмээн тодотгож байгаа нас, хүйс, яс үндэс, мэргэжил зэргийг үл харгалзан бизнес эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх сайхан боломжийг олгодог гээд л бусад сүлжээний бизнесийн л адил олны анхаарлыг татна. Сүлжээний бизнес ямар аюултай болох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа анхааруулсан байдаг. Гадаад улс орнуудад ийм бизнес хүмүүсийг юу ч үгүй болгосон гашуун түүх ч цөөнгүй. 1990 оны эхээр Орост “МММ” хэмээх компани санхүүгийн пирамид байгуулан тэр нь олон түмний нүдэн дээр нуран юу ч үгүй болж хэдэн мянган хүн хохирч байсан түүх санаанд оров. Энэ нь Оросын түүхэнд хамгийн томд тооцогдох санхүүгийн пирамид гэгддэг бөгөөд 10 мянган хүн хохирч тэдгээрээс 50 нь амиа хорлосон эмгэнэлтэй түүх бий. Өнгөрсөн тавдугаар сард Грекийн цагдаагийн байгууллагаас улс орон дамнасан санхүүгийн пирамидыг босгох байдлаар мөнгө олж, угааж байсан бүлгийг баривчлах томоохон ажиллагааг явуулсан. Энэ хэрэгт холбоотой 18 хүнийг баривчилсны дотор Украины өргөмжит консул хүртэл байсныг сануулахад илүүдэхгүй байх.

“GTime”-ийн Монгол дахь салбарынхан улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн дэвтрээ ч фэйсбүүкт тавьжээ. Гэвч татварын бүртгэлийн дэвтрийн хавтас л харагдана. Уг нь бол дотор нь ямар хаягаар хэрхэн бүртгэгдсэн, татвар төлөлт нь ямар байгаа зэрэг нь хамгийн чухал. Тус компани нь гоо сайхан, энергийн бараа үйлдвэрлэх, олон улсын аялал зохион байгуулах, хэд хэдэн оронд үйлдвэрлэдэг бугуйн цагийг гэрээгээр борлуулахаас гадна “Форд” автомашины дилер гэдгийг манайхны тархинд хоногштол бичсэн байв. Хэрвээ та энэ бизнес хөтөлбөрт эхнээс нь орохыг хүсвэл ердөө 135 мянган төгрөг л хэрэгтэй гэнэ. Гэвч хуримтлал, үндсэн, VIP, авто гэсэн дөрвөн хөтөлбөрийн оруулах мөнгөн дүн нь өөр өөр. Хөтөлбөрийн ангилал ахих тусам оруулах мөнгөний тоо нэмэгдэнэ. Хамгийн гол нь та хоёр хүнд л төслийг танилцуулахад хангалттай хэмээн фэйсбүүкт бичжээ. Үнэндээ бол танилцуулах бус элсүүлэх ёстой юм. “Та яагаад GTime-д ороогүй юм бэ, яагаад орохгүй байгаа юм бэ”, “Хүмүүс яагаад VIP хөтөлбөр рүү шургаад байна гэхээр мөнгөө хурдан өсгөж авах боломжтой” хэмээн таныг сэнхрүүлнэ. Төгсгөлд нь илүү мэдээлэл авахыг хүсвэл “Чатаар холбогдоорой” гэсэн өгүүлбэр заавал тавьсан байв. Доороо хүн элсүүлэх нь сүлжээний бизнесийн оршин тогтнох арга. Фэйсбүүкт тавьсан утасны дугаараар нь залгахад “Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачилгаар бий болсон бизнес” гээд хэзээ ч ирж уулзаж болно хэмээн ихэд уриалгахан ярив. “Сүлжээнийх хэмээн болгоомжлох хэрэггүй” хэмээн хэлж байсан нь цахим ертөнцөөр шүүмжлэл нэлээд дагуулж байгааг илтгэж буй бололтой. Угтаа энэ санхүүгийн пирамид нурахад Ерөнхийлөгч Н.Назарбаев тус болохгүй, хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Сүлжээний бизнес гэх нэрийн дор олон мянган хүн элсэн орж, мөнгөө залилуулдаг. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байснаас болж олон мянган хүн хохирдог. Тэгвэл олон мянган хүн элсэн ороод байгаа “GTime Corporation”-ийн сүлжээ бизнесийг цагдаагийн байгууллага хянаж, шалгаж байгаа юу гэдгийг албаны эх сурвалжаас тодрууллаа. Тэрбээр “Пирамид хэлбэрээр сүлжээний бизнес хийхийг хуулиар хориглосон заалтаас өөр манай улсад сүлжээний бизнесийг хориглох хууль огт байхгүй. Үүнийг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс овжин ашиглаж бусдыг залилсан олон хэрэг гарсан. Сүлжээний бизнест итгэх нь хувь хүний өөрийнх нь асуудал. Гэхдээ тухайн сүлжээний бизнесийн талаар өргөн хүрээний мэдээлэлтэй байх ёстой юм. Иргэд мэдээлэл байхгүй, бусдын амнаас дамжсан үгээр явсаар байгаад хохирч үлддэг. “GTime Corporation”-ийн сүлжээ бизнесийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Хаанаас санхүүгийн эх үүсвэртэй байна. Үйл ажиллагаа нь хуулийн дагуу хэвийн явагдаж байна уу гэдгийг шалгаж тогтооно. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна” гэв.

МОНГОЛ ДАХЬ СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕСИЙН ТҮҮХЭЭС

Сүлжээний бизнес нь анх 1997 онд Монголд орж ирсэн. Тэдний дийлэнх нь ОХУ-аас орж ирсэн бөгөөд хүмүүс гэр бүл, ах дүүгээрээ элсэж хохирсон тохиолдол зөндөө. Одоогоос хэдэн жилийн өмнө ШӨХТГ-аас явуулсан судалгаагаар 100 хүн дунд санал асуулга явуулахад 22 хувь нь 680 000 төгрөгөөс 5000 ам.доллар хүртэл мөнгөөр сүлжээний бизнест орж хохирсон хэмээн хариулсан байдаг. 48 хувь нь сүлжээний бизнест орж төөрөлдсөн гэсэн хариу өгчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Цагдаагийн байгууллагаас ийм бизнес эрхлэгчдийг шалгаж эхэлсэн тухай мэдэгдэж байсан. “GTime”-ийнхан фэйсбүүкт сүлжээнийхээ бизнесийг идэвхтэй сурталчилж байгааг уншсан эдийн засагч Д.Чимэддамба хэмээх хүний бичсэн сонордуулгаас сонирхуулъя. “Сэрэмжлүүлэг болгох үүднээс оюун ухаанаараа биш шуналдаа тулгуурлаад шийдвэр гаргаж элсэхээсээ өмнө уг үндсээр нь сайн судлах шаардлагатай юм. Эдийн засаг хямрахын хэрээр луйвар цэцэглэдэг. Нэн ялангуяа сүлжээний луйвар. За тэгээд мэдлэг байтугай мэдээлэлгүй байна. Элсэгч хэзээ ч компанид нь итгэж элсдэггүй юм.

…Казахстанд ийм санхүүгийн пирамид хориотой байдаг. Оруулж ирсэн гэх хүмүүс нь өөрсдөө ч зохиосон байх магадлал өндөртэй. Цэвэр луйвар шүү. Мөнгөө алдав аа. Алдчихаад амаа барьснаас алдахаасаа өмнө сэрэмжтэйгээр сайн судалж ухаж мэд. Таныг юу ч гээд сэнхрүүлчихнэ. Таны мөнгө надад хэрэггүй ээ. Гэхдээ олон мянган хохирогч гарсны дараа асуудал руу хууль хүчний байгууллага ордог юм. Алдсан мөнгөө олж авдаг тохиолдол байдаггүй шүү.

2000 оноос хойш энэ салбарыг судалж, арав гаруй судалгааны ном бичиж нэлээн олон луйврын сүлжээний шүүх хуралд мэргэжлийн шинжээчээр ажиллаж байсны хувьд магадгүй та мөнгөө өгөөд элсчихсэн бол эргүүлээд өөрийнхөө мөнгөө өөрийн танил найз нөхөд ах дүү хамаатан саднаа элсүүлж байж л олж авдаг. Өөрөөр хэлбэл, элссэн л бол хүссэн хүсээгүй эдийн засгийн онц ноцтой үгсэн хуйвалдсан бүлэг гэмт хэрэгтэн болдгийг хатуу анхаараарай” гэж бичсэн байлаа.

МОНГОЛЧУУД МӨНГӨӨ ГАДАГШ НЬ ЦАЦСААР БАЙХ УУ?

“GTime”-д элсэгчид мөнгөө өгч эхлэхэд шунгитын найрлагатай гар, нүүр, хөлийн тос, “Луч”, “Atlantic” хэмээх цагуудыг авна. VIP хөтөлбөрт нь хамрагдах бол 500 ам.доллараас гараагаа эхэлнэ, “Ford Focus” хөтөлбөрт 26000 ам.доллар төлнө. Эхний хоёр хөтөлбөрийг нь алгасаад 920 ам.долларын худалдан авалт хийвэл 500+800 ам.доллараар цалинжих боломжтой. Нэг үгээр хэлэхэд жаргалд умбана л гэсэн үг юм байх. Гэвч энэ бүх мөнгө гадагшаа л гарна. Иймэрхүү санхүүгийн пирамид эхэндээ ихэд амжилттай байдаг хуультай. Олон хүний толгойг эргүүлнэ. Харин нурахдаа доороосоо эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эцэс сүүлдээ дийлэнх нь хохирогч болж хоосон хоцордгийг дэлхийн улс орнуудын төдийгүй манайд байсан иймэрхүү сүлжээнүүд бодит амьдрал дээр харуулсан. Монголчууд бид муу үг хэлж, муу юм бодохыг цээрлэдэг. Надад л ийм юм таарахгүй гэж боддог, бусдын сайхан үгэнд амархан итгэчихдэг. Сүлжээний бизнес нурдгийг хангалттай сонсч, мэдээлэл авч байгаа хэдий ч би биш, миний дараагийн хүн тэгнэ гэж боддог. Гэнэн гэмээр ч юм уу даа. Олон хүн хохирч хууль сахиулах байгууллагад хандахад цагдаа нар хэргийг шалгаж эхэлдэг. Гэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй гэдэг үг байдаг даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *