Categories
мэдээ нийгэм

Улсын эмнэлгийн эмийн санд амбулаторийн өвчтөнд үйлчлэх нэгж бий болгоно

ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг уулзалтанд ЭМЯ, АХБ-ны төслийн баг, болон холбогдох бусад байгууллагууд , аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн эмнэлгийг төлөөлсөн 35 хүн оролцлоо. Уулзалтынг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэлсэн юм. Тэрээр “Эмийн зохистой хэрэглээг сайжруулах, өвчтний эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын шилдэг дадалд үндэслэн эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлж, амбулаторийн өвчтөнд үзүүлэх эм зүйн тусламжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээр олон улсын туршлагыг Монголын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх боломжийг танилцуулах ба уулзалт хэлэлцүүлгээс гарах зөвлөмж нь улсын эмнэлгийн эмийн санд амбулаторийн өвчтөнд үйлчлэх нэгжийг байгуулахад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа”-гаа хэллээ.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг улам боловсронгуй болгож хэрэгжүүлэх, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ажлуудыг хийн зохих үр дүнд хүрч байна.

Монгол улсын эм хангамжийн салбар хэрэгцээт эмийнхээ 80 орчим хувийг импортлодог бөгөөд одоогоор эмийн үнийн зохицуулалт хангалтгүй байна. Эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй эмээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг жигд хүртээмжтэй хангах, эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, эмийн худалдан авалтыг оновчтой зохион байгуулах, эмийн үнийн зохицуулалт, эмийн зохистой хэрэглээ, жор бичилт, эмийн тунгийн хяналт, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахад анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм.

Азийн хөгжлийн банк нь ЭМЯ-тай хамтран “Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд төрийн өмчийн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд нийтлэг хэрэглэдэг ерөнхий нэршлийн эмийн худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, улсын эмнэлгийн эмийн санд амбулаторийн өвчтөнд үйлчлэх нэгжийг бий болгох, эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх талаар ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *