Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын агаар дахь бичил тоосонцрын 70 орчим хувь нь Монгол, Хятадаас ирдэг

Өмнөд Солонгосын агаар дахь бичил тоосонцрын 70 орчим хувь нь Хятад зэрэг Зүүн Хойд Азийн улсуудаас эх үүсвэртэй болохыг саяхны судалгаа харууллаа гэж “AsiaOne” цахим хуудсанд бичжээ.

Өмнөд Солонгосын Байгаль орчны хүрээлэнгийн ажилтнуудын хийсэн судалгааг үзвэл, тус улсын агаар мандал дахь нарийн ширхэгт бичил тоосонцор болон агаар бохирдуулагч бусад бодисын 70 хүртэлх хувь нь Хятадаас гадна Казахстан болон Монгол зэрэг Төв Азийн улсуудаас эхтэй аж.

2001-2008 онд 254 хоногийн хугацаанд судалгааг явуулжээ. Энэ хугацаанд Сөүлийн агаар дахь бичил тоосонцрын нягтаршил нэг шоо метрт 100 ба түүнээс дээш хэмжээний микрограмм /мкг/ байжээ.

Баруун хойноос илүүтэй салхилдаг учир Хятад болон Монголын агаарын бохирдол Солонгосын хойгт нэвтэрч байна гэж Өмнөд Солонгосын Байгаль орчны хүрээлэнгийн судлаачид үзэж байна.

Агаарын бохирдол ард иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах болсон тул Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх 10 жилийн хугацаанд агаарын чанарыг Европын улсуудын түвшинд хүргэн сайжруулах зорилт дэвшүүлжээ. Тодруулбал, одоогоор нэг шоо метрт 23 мкг байгаа бичил тоосонцорын нягтаршлыг 2026 он гэхэд дунджаар 18 мкг болгон бууруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *