Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний их баяр наадмын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийснийг чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоог хангах үүднээс редакцийн шинжтэй зарим засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын асуултад ажлын хэсэг болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Энэ хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чиглэж байгаа аж.Зөвлөлдөх санал асуулгыг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна. Уг хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр зохицуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүд үзэв.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР НЬ БАТЛУУЛАХ ГОРИМЫН САНАЛЫГ ДЭМЖИВ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн. Чуулганы энэ сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор угхуулийн төсөлд тусгаад байгаа юм. Мөн Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд цолны болзол хангасан харваачдад цолыг нөхөн олгох үүднээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *