Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнийг 50-150 төгрөгөөр нэмсэн нь хууль бус хэмээн мэдэгдлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Шунхлай”, “Петровис” зэрэг шатахуун импортлогч компаниуд шатахууны үнийг 50-150 төгрөг хүртэл нэмснийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн МҮЭХ-ноос мэдэгдлээ.

МҮЭХ-ны МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд Онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа үнэ нэмэхийг МҮЭХ эрс эсэргүүцэж байна. Үүнийг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг. Эрх бүхий байгууллагуудад хандалгүйгээр үнээ дур мэдэн үнэ нэмж болохгүй. Өмнө нь хуулийн хүрээнд холбогдох байгууллагуудад үнэ нэмэх асуудлаа тавьж шийдвэр гарсны дараа нэмдэг байв. Харин энэ удаа дур мэдэн үнэ нэмсэн асуудал эдийн засгийн хүндрэлтэй үед хэрэглэгчийн нуруунд ачаа болж байна. Цагаан сар дөхөж буй энэ үед шатахууны үнэ нэмсэн хэмээн хүнс, барааны үнэ өсөхийг үгүйсгэхгүй. Тиймээс холбогдох байгууллагуудад үнээ нэмэхдээ асуудлыг судалж, Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд шийдэхийг шаардаж байна. Үнэ нэмсэн компаниудад хариуцлага тооцоод өнгөрөх бус хэрэглэгчийн хохирлыг барагдуулахыг шаардана” хэмээлээ.

Түүнчлэн тус холбооноос шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох шаардлагатайг уламжлав. Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байгаа аж. Тодруулбал импортлогчид зөвхөн уул уурхайн компаниудад хилийн үнээр шатахуун нийлүүүлж буйг тэд шүүмжиллээ.

МҮЭХ шатахууны үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх
чиглэлээр Засгийн газар, Ерөнхий сайдад санал, шаардлага хүргүүлэхээс гадна ШӨХТГ-т хандах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *