Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ардчилсан нам улс төрийн шинэчлэл хийж чадлаа

Ардчилсан намын даргын сонгууль орон даяар болж өнгөрлөө. Сонгуулийн сунгааны өмнөхөн энэ нам гишүүдийнхээ бүртгэлийг шинэчлэн цэгцэлж янзалсан юм. Намын даргад нэр дэвшигч таван хүн 40 хоногийн турш хамтдаа хот хөдөөгүй уулзалт ярилцлагаа хийж, гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ. Эцэст нь хэнийг намын даргаар сонгохоо гишүүдээсээ асуухад С.Эрдэнэд намынхан нь итгэл хүлээлгэн саналаа өгчээ. Өчигдөр сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж түүнийг 2928,92 оноогоор тасархай түрүүллээ хэмээн баталгаажууллаа. Удахгүй болох Ардчилсан намын их хурлаар түүнийг албан ёсоор намын даргаар батламжлах юм. Энэ үйл явдалтай зэрэгцээд намын даргын сонгуулийг луйвардсан, мөнгө тараасан гэх мэт үг яриа гарч байна. Өөрөөр хэлбэл, ялагдсан хүмүүсийн улс төр эхлэх нь бололтой. Иймэрхүү хэл амыг даруйхан ойлголцож дарахгүй бол Ардчилсан намын эрх ашигт хор нөлөө ихтэй, хожмын ажилд нь сөрөг үр дагавартай байдаг. Эв түнжин муутай, ойлголцохгүй үедээ хэн нэгэн гомдогч намаасаа гарч шинэ нам байгуулаад явж байсан түүх олон. Тийм нам хэсэгхэн хугацаанд олны анхааралд өртөөд, дахин нэр нь ч сонсогдохгүй алга болдог. Намаас гарч нам байгуулбал хэн ч биш, хүчгүй, сул дорой байдаг гэдгийг эдний намынхан яс махандаа шингэтэл мэдэрсэн хүмүүс. Ийм зовлонг туулсан хэн ч хэл ам, хэрүүл заргаар далимдуулан намаа салган, хоёр хувааж зүрхлэхгүй. Тиймээс үүсээд буй элдэв хэрүүл заргаа ойлголцож, ярилцаад зогсоох хэрэгтэй.

Өнөөдөр С.Эрдэнэ шиг луйварчин байхгүй гэж муулж байна. Шударга бусаар өрсөлдлөө л гэнэ. Ямар ч зүйл хий хоосноос бий болдоггүй, бодит уг үндэстэй байдаг. Яаж ч луйвардсан, мөнгө тараасан гэсэн хамгийн өндөр оноо авсан гэдэг нь бодитой зүйл. Өөрөөр хэлбэл, олон хүн түүний төлөө саналаа өгсөн нь үнэн юм. С.Эрдэнэ 1996 онд Баянгол дүүргийн Засаг дарга болсноос хойш энэ дүүрэгтэй нэр нь холбоотой явдаг хүн. Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн Ардчилсан намын дарга гээд 20 гаруй жил зүтгэхдээ яаж ажиллаж, юу хийснийг намынхан нь харж л байгаа. Намдаа яг ингэж зүтгэх юм байна, намдаа ажиллаж, ялалт авчрах юм байна гэсэн итгэлээр гишүүд нь сонголтоо хийгээ байлгүй.
С.Эрдэнийн дараа хамгийн өндөр санал авсан хүн Н.Алтанхуягийг намын генсек болгох хэрэгтэй гэж зарим улстөрчид үзэж байна. Энэ тун зөв бодлого юм. Хамгийн өндөр хувийн санал авсан хүнээ намын дарга, дараагийнхыг нь намын ерөнхий нарийн бичгийн дарга болгодог туршлага улс төрд бэлээхэн бий. Хуучин нэрээр МАХН буюу одоогийн МАН 1996 онд сонгуульд анх удаа ялагдсаныхаа дараа удирдлагадаа хариуцлага тооцож, намын шинэчлэл хийх, шинэ даргаа сонгох ажил эхлүүлсэн байдаг. Намын даргад Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баяр нар ил далд өрсөлдсөн гэдэг. Мэдээж, нэр хүнд зангаргаараа Н.Багабанди намын дарга болсон бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаараа С.Баярыг авах сонирхолтой байжээ. Гэтэл үүнээс аль өмнө П.Жасрай, Ц.Гомбосүрэн зэрэг намын нэр нөлөө бүхий томчуудын идэвх зүтгэлээр намын бага хурал дээрээ Н.Энхбаярыг ерөнхий нарийн бичгийн даргаар тавьсан байдаг. “Шинэ залуу үеийн хүчтэй төлөөлөл, ийм нэр нөлөө бүхий залууг генсекээрээ тавихгүй бол нам залуусаа алдаж мэднэ. Бүр нам хуваагдах аюултай” гэх зэрэг хүчтэй ухуулга, ятгалгын үр дүнд Н.Энхбаяр МАХН (хуучнаар)ын генсек болсон учиртай. Энэ нь ч тухайн үедээ намдаа тун хэрэгтэй шийдвэр байжээ. Яг үүн шиг С.Эрдэнэ одоо хувийн амбицаа дарж, Н.Алтанхуягийг ерөнхий нарийн бичгийн даргаараа тавих хэрэгтэй. Ардчилсан намын нэр нүүр болсон Э.БатҮүл, Р.Гончигдорж, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг гээд хариуцлага үүрэх гишүүд нь шахалт үзүүлж, Н.Алтанхуягийг генсек болох ажил өрнүүлэх хэрэгтэй байна. Намын даргын сунгаанд хамгийн өндөр санал авсан хоёр хүн намаа төвөггүйхэн удирдаад аваад явах нь ойлгомжтой. Яваандаа Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягаа сойвол, хөдөө хотгүй хөл сайтай, нэр хүндтэй гэдэг нь саяын сунгаагаар харагдлаа.
Ардчилсан намын даргын сонгуулиар нэг зүйл тод ажиглагдлаа. Сайхан ярьдаг, хэт популист хүмүүсээс ард түмэн уйджээ. Нэг их шударга ёс, ардчилал ярьсан хоосон цэцэрхэгчид моодноос гарч байна. Сайн ч, муу ч ажил хийдэг, хэлсэн ярьсан, хийсэн ажил нь баримт нотолгоотой тийм хүмүүст сонгогчид итгэл найдвараа өгч байна. Яаж ч мууллаа гэсэн С.Эрдэнийн хийсэн ажлын нотолгоо дүүрэгт нь бэлээхэн харагдаж байна. Ажил хийх юм байна гэсэн ойлголт гишүүдэд нь төрсөн болохоор түүнийг намын дарга болгохоор сонгожээ гэж харагдаж байна. Бас нэг том зүйл бий. Нам дамнасан том бүлэглэл гэж их ярьдаг. Ийм бүлэглэлийн эсрэг ажиллаж чадна гэж намынхан нь үзсэн бололтой.
Сонгуулийн дараа үүсдэг хэл ам гардгаараа гарч л байна. Хаана ч, хэзээ ч ийм хэрүүл зарга тасардаггүй юм. Өнөөдрийн байдлаар сонгуульд ялагчийг мөнгө тараасан гэж шүүмжилж байгаа. Мөнгө тараасныг нь зөв гэхгүй ч ажиллаж байгаа хүмүүстээ хоёр цувдайны мөнгө өгчих нь амьдралд хамаагүй ойр, хоосон шударга ёс ярьснаас хавьгүй нүнжигтэй мэт харагддаг. За тэгээд, мөнгийг нь авсан хүнийхээ төлөө саналаа өгдөг хүн хэр олон байдаг билээ. Таны төлөө саналаа өгнө гэж мөнгийг нь авчихаад өөр хүнд санал өгчихөд хэн ч мэддэггүй гээ биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *