Categories
мэдээ цаг-үе

“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун: Хотын утаа, замын түгжрэлийг эсэргүүцсэн бүтээлээ “Чи” гэж нэрлэсэн

Энэ бямба гарагт төв талбайд утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал болно. Энэхүү жагсаалд “Никитон” хамтлаг оролцохоо мэдэгдээд байгаа билээ. Ингээд “Никитон” хамтлагийн ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуунтай ярилцлаа.


-Та утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалд нэгдэхээр болжээ. Утааны тухайд ямар бодолтой байдаг вэ. Яагаад нэгдэхээр болов?

-Утаа, униар аймшигтай, гамшгийн хэмжээнд байгааг хэн бүхэн мэдэж байгаа байх. Би гэр бүлээрээ долоон буудлаас цааш лагерьт гарахаар явах үед энэ утааг бүр ч их мэдэрдэг. Тэнд үргэлж амьдарч, аж төрж буй хүмүүст бүр ч илүү хор хөнөөлтэй байгаа нь мэдээж. Энэ муухай угаараас болж хичнээн хүүхэд эндэж байгаа бол гэхээс гол харламаар санагдаж байна л даа. Утаа энэ хэвээрээ байвал цаашдаа бүр ч хүнд байдалд орох байх. Тиймдээ ч иргэнийхээ үүргийг гүйцэтгэж энэхүү жагсаалд оролцож байна. Мөн уран бүтээлч хүн нийгэмд дуу хоолойгоо хүргэж байх ёстой гэж боддог. Тиймдээ ч бид утааны эсрэг уран бүтээл хийсэн, түүнийгээ жагсаалын үеэр хүргэнэ. Энэхүү утааны эсрэг жагсаал бол бослого биш бидний л санал байх юм. Үүнийг улстөржүүлж, ард нь эрх мэдэл, мөнгөтэй хүн байна уу гэж хардах хэрэггүй гэдгийг онцолмоор байна. Манайхан бүх зүйлийг улстөржүүлээд сурчихсан юм шиг санагддаг.

-Та утааны эсрэг уран бүтээлээ эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэлээ. Ямар уран бүтээл хийсэн бэ?

-Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө Улаанбаатарын түгжрээ маш их байсан. Тухайн үед би энэхүү дуугаа хийж байсан юм. Гэхдээ үг нь бүрэн гүйцэд болж өгөхгүй байсан болохоор орхичихсон байлаа. Харин залуучуудыг утаа, униарны эсрэг дуу хоолойгоо өргөж байгааг сонсоод өнөөх дуугаа гүйцээгээд дэмжье гэж бодсон. Одоо бол энэ утаа хүн бүхний хамгийн эхний асуудал болоод байна. Утааг арилгах арга хэмжээ авахгүй бол болохгүй нь байна шүү гэсэн сэрүүлэг болохоор дуу гэж ойлгож байгаа. Манай “Никитон” хамтлаг бүрэлдэхүүнээрээ энэ дуун дээрээ ажилласан. Дуундаа түгжрэл эсвэл утаа гэсэн нэр өгөөгүй. “Чи” гэж нэрлэсэн. Хүн бүхэнд хамаатай, дор бүрнээ хичээх ёстой учраас ийн нэрийдсэн юм. Заавал улс төрийн эрх мэдэлтэй хүн рүү чихээд байж болохгүй байх. Хүн ирээд л бүх зүйлийг сайхан болгочихно гэсэн сэтгэлгээтэй байж болохгүй. Дээр, дооргүй л хичээх ёстой. Дугуйны хамер, тос зэргийг шатаахаа больчих хэрэгтэй. Дараагийн ээлжинд нь нүүрсээ шатаахаа болих гээд шат дараатай арга хэмжээ аваад явчихвал ч. Ер нь тэгээд хувь хүмүүс өөрсдөө хариуцлагаа үүрээд, хийж байгаа зүйлдээ эзэн болж чадвал тэр нь хөгжлийн эхлэл гэж боддог юм даа.

-Та өмнө нь “Хүүхэд буруугүй” гэсэн уран бүтээл хийж байсан. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг сүлд дуу болсон энэ дуу хэрхэн бүтсэн бол?

-Яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хамтран “Хүүхэд буруугүй” уран бүтээл хийж байсан. Дуучин Алтанцэцэгийн захиалгаар хийсэн дуу л даа.Тэр дуу Монголд өрнөсөн “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” дэлхийн санаачилгын сүлд дуу болсон юм.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу. Сонсогчдодоо хэзээнээс шинэ уран бүтээлээ хүргэж эхлэх вэ?

-Шинэ уран бүтээлийн ажлаа эхлээд явж байна. Бүрэлдэхүүнд маань бага зэрэг өөрчлөлт орсон. Чинбаа бид хоёр жилийн өмнөөс хамтарч ажиллаж байгаа. Бид нэг цомогтоо гурваас доошгүй жилийг зарцуулдаг. Хамгийн сүүлд “Үүлэн үст” цомгоо 2013 онд гаргаж байлаа. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа “Чи минийх” гэсэн цомгийнхоо ажилд орчихсон явж байна. Удахгүй гарах болно. “Дурлалын гэмт хэрэг” киноны дуу болох “Чи минийх” гэсэн дуугаараа цомгоо нэрлэсэн. Энэхүү цомог маань нийт арван дуунаас бүрдэж байгаа. Утааны эсрэг “Чи” гэсэн дуу маань ч орно.

-Цомгоо гаргасныхаа дараа тоглолтоо хийх үү?

-Тэгэлгүй яахав. Цомгоо гаргачихаад тоглолтынхоо бэлтгэлд орно доо.

-“Никитон” хамтлаг тоглолтын билетээ нэг сая төгрөгөөр үнэллээ. Цомог нь бас 55 мянгөн төгрөгийн ханштай байх юм. Тоглолт үзэхийг хүссэн ч хэтэрхий үнэтэй байна гэсэн яриа нэг хэсэг гарч байсан. Энэ тухайд таны бодол…

-Манайх хүн ам цөөтэй улс. Хичнээн хүн цомог, билет авдаг билээ. Үнийн хувьд тэрийг бодолцох хэрэгтэй. Тоглолт хийх танхим зэргээс хамаараад билетийн үнийн хувьд янз янз байдаг л даа. Харин бид нийтэд хүртээлтэй байх үүднээс энэ зун төв цэнгэлдэхэд тоглолт хийх болно.

-Таны өвөө Төрийн соёрхолт морин хуурч Г.Жамъян, харин аав тань “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг Ж.Батсайхан гэж хүн байсан. Аавыг тань цаг агаарын мэдээний алдарт “Цэнхэр залаа” аялгууг чихнээ хоногшуулсан дөрвөн эрэгтэй ятгачны нэг гэвэл илүү мэдэх байх л даа. Ер нь таныг урлагийн зам сонгоход тань гэр бүлийнхэн тань юу гэж хэлж байв?

-Миний ээж бас бүжигчин хүн. Энэ төрөл жанрыг сонгоод урлагийн хүн болоход аав минь баярлаж байсан. Намайг аав, ээж минь их чөлөөтэй, дураар нь өсгөсөн л дөө. Тиймдээ ч дураараа уран бүтээлээ хийж, хүссэн дуугаа дуулсаар л явна. Ер нь би дураараа дургиж явсаар л өдийг хүрлээ дээ.

-Таны хүүхдүүдийн нэр их өвөрмөц санагдаж байлаа. Яагаад тэгж нэрлэх болсон юм бэ?

-Миний том хүүг Мянхаа, дунд хүүг Арсай, харин охиныг минь Эва гэдэг. Би бага байхдаа уран зохиолын ном их уншдаг байлаа. Тэр үед л хүүдээ Арсай гэж нэр өгнө дөө гэж бодож байсан. Мөн хүмүүс хүүхдүүдийнхээ нэрийг товчилж дуудаад байдаг. Тийм болохоор товчлохгүйгээр шууд дуудчихдаг нэр өгье гэж бас бодсон л доо.

-Хүмүүс одоог хүртэл “Янаг цэцэг”, “Хос хунгийн дууль” зэрэг дуунуудыг сонсох дуртай байдаг. Та арван жилд байхдаа энэ хоёр дууны аялгууг хийж байсан юм билээ. Хэрхэн бүтэж байсан юм бол?

-“Янаг цэцэг” дуу миний зохиосон хамгийн анхны дуу. 1987 онд долдугаар ангид байхдаа аяыг нь бичиж байсан. Харин үгийг нь гамин Батаа хэмээх доод айлын маань ах зохиосон. “Хос хунгийн дууль” бол рок Мөнхсайханы үг л дээ. Ер нь дуунуудын маань ихэнх үгийг Гэрэлбаатар гэж залуу хийсэн байдаг.

-Таны 1990-ээд онд дуулагдаж байсан дуунууд одоо ч гэсэн залуусын сонсох дуртай дуу хэвээр байна. Үүний нууц нь юунд байна вэ?

-Тийм гэж үү. Баярлалаа. Ямартай ч караокед хааяа ороход “Янаг цэцэг”, “Чи минийх” гээд дуунууд маань явж байдаг юм. Надад бол таатай л байдаг. Уран бүтээл хүмүүсийн сэтгэлд хүрч хоногшиход мэдээж чадвар хамаатай. Мөн дуунд зүрх сэтгэлээ шингээж дуулах юм бол үлддэг л гэж боддог юм.

-Таны Америкаас ирээд гаргасан хамгийн анхны уран бүтээл “Аргагүй сайхан Бурмаа” байсан уу?

-Би анх дууны үг сонирхож эхэлж байсан үе л дээ. Миний хамгийн анхны дууны үг байсан. Энгийн үгтэй дуу л даа. Хүмүүст хэр сайн хүрснийг мэдэхгүй юм.

-“Үүлэн үст” дууны үг их содон санагддаг. Харин таны хувьд?

-Тийм шүү. Надад дуулах дууны маань сэдэв, үг нь их чухал байдаг. “Чи минийх” дуун дээр “Ямар ч үнээр хамаагүй чи минийх” гэсэн мөр бий. Мөн “Үүлэн үстэй, цасан царайтай” гэх мэт. Энэ дууны үгийг Цэнд-Аюуш гэж хүн зохиосон. Эмэгтэй хүнийг байгалийн үзэгдлүүдтэй жишиж их гоёор хэлчихсэн. Эмэгтэй хүнийг гоёор хэлнэ гэдэг хэзээ ч моодноос гарахгүй л дээ. Хайр сэтгэл ч мөн адил. Миний дууны сэдвүүд голчлон хайр сэтгэлийнх байдаг. Мөн нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйлийг дуулахыг хүсдэг. Харин хүн болгон дуулдаг болоод ч тэр үү ээж, аавын тухай дуу нэг их төрдөггүй.

-Сүүлийн үед шоу нэвтрүүлгүүдээр сайн, муу маш олон дуучид гарч ирж байна. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Дуу дуулна гэдэг чөлөөтэй асуудал л даа. Хэн ч яаж ч дуулж болно. Тэр хүний л эрхийн асуудал байх.

-Урлагийн үнэ цэнэ гэдэг талаасаа байж болох зүйл үү?

-Үнэ цэнэтэй байх эсэх нь өөрөөс нь шалтгаалах зүйл. Лангуун дээр байгаа бараатай л адил юм л даа. Гоё бол гоё, муу бол муу. Цаг хугацааны шалгуур хэрэгтэй. Муу бараа элэгдээд л алга болно. Сайн бараа бол өнгө зүс нэмж, улам л гялалзана. Сайн байлгаж чадвал шүү дээ.

-Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг таны бодлоор…

-Мэргэшинэ гэж нэг юм бий. Мэргэшээд ирсэн цагт л хүн хүлээн зөвшөөрдөг юм байна гэж ойлгодог.

-Урлагаас өөр сонирхлыг тань татдаг зүйл юу байна вэ?

-Би спортод дуртай. Тэр дундаа бокс үзэх, биллъяард тоглох сонирхолтой. Тулааны урлаг таалагддаг юм. Мөн покерт дуртай. Өрсөлдөөнтэй зүйл л их сонирхол татдаг даа. Хэрэв урлагийн хүн болоогүй бол спортод сонирхолтой болохоор тамирчин л болох байсан байх.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *