Categories
мэдээ цаг-үе

Улсаа тоносон экс Ерөнхийлөгч

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Гамби улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өнгөрсөн. Гэвч сонгуулийн дүн гарснаас хойш тус улсын байдал тогтворгүй болсон.

Гамби улс нь Африкийн баруун хэсэгт оршдог бөгөөд тус тивийн хамгийн жижигхэн улсын нэг. Сенегалаас өөр улстай хиллэдэггүй Гамби ДНБ-ийхээ хэмжээгээр Африкт доороосоо хоёрдугаарт ордог, нэг сая 800 мянга гаруй хүн амтай. Африкийн нэгэн жижигхэн улс сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татах болсон нь нэг л шалтгаантай. Тус улсын Ерөнхийлөгч асан Яйя Жамме гэгч төрийн тэргүүний сонгуульд ялагдал хүлээчихээд албан ажлаа өгөхөөс татгалзсан байна.

Гамбид 2016 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр анх удаагаа ардчилсан сонгууль болсон нь энэ аж. Санал хураалтын дүнг зарласны дараахан Яйя Жамме албан ажлаа өгнө гэсэн. Гэвч удалгүй бодлоо өөрчиллөө гээд огцрохоос татгалзжээ. Саналын хуудсыг тоолох явцад алдаа гарсан гэсэн тайлбараар дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, улс орондоо онц байдал тогтоосон. Нөхцөл байдал тун эвгүй болсон тул олонхийн дэмжлэгийг хүртэж ялсан Адам Бэрроу эх орноосоо явахаас өөр аргагүй болсон гэдэг. Олон улсын байгууллагууд тэр дундаа НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс Яйя Жаммегийн энэ үйлдлийг буруутгаж засгийн эрхийг хүлээлгэн өгөхийг шаардсан юм. Баруун Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Сенегал болон Нигер дэх цэргүүдээ Гамби улсын хил дээр бэлэн байдалд оруулж Яйя Жаммед хоёр хоногийн хугацаа өгчээ. Гамбигийн арми ч шинэ Ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Төрийн тэргүүнээр сонгогдсон Адам Бэрроу аргаа барахдаа Сенегал дахь Гамби улсын Элчин сайдын яамны байранд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн. Түүнийг төрийн тэргүүн болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа Африкийн орнууд мэдэгдсэн юм. Баруун Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Яйя Жамметэй хэлэлцээ хийсний эцэст ажлыг нь өгүүлэхээр болсон юм. Гэхдээ өөрт нь Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа хууль дүрэм зөрчсөн хэрэг хүлээлгэхгүй байх болзол тавьжээ. Ингээд экс Ерөнхийлөгчид эх орноосоо явахаас өөр сонголт үлдээгүй. 1993 оноос хойш засгийн эрхийг барьсан Ерөнхийлөгчийг ёс төртэйгөөр гаргаж өгчээ. Түүнийг үдэх ёслолд цэргийн найрал хөгжим хүртэл оролцсон юм. “Энх тайван, хайр энэрлийг эрхэмлэгч хүн” гэсэн бичигтэй цамц өмссөн үзэл нэгт нөхөд нь Яйя Жаммег онгоцонд суулган өгчээ. Тэрээр онгоцны үүдэнд очоод Коран судраа үнссэн гэнэ. Харин гамбичуудын хувьд энэ бол хамгийн баяртай өдөр байсан бололтой. Огцрох хүсэлгүй Ерөнхийлөгч явсан өдрийн орой нь иргэд бөөн баяр болж шөнөжингөө цэнгэжээ.

Энэ явдал үүгээр дууссан бол яахав. Экс Ерөнхийлөгч зүгээр ч явчихсангүй, улсын санд байсан бүх мөнгийг хуу хамаад арилжээ. Нутагтаа байх сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд улсынхаа төрийн санд байсан 11,4 сая ам.долларыг өөрийн болгосон. Түүгээр ч зогсохгүй үнэтэй машин зэрэг эд зүйлсээ ачааны онгоцоор гадаад руу гаргаж амжсан байна. Хамгийн аймшигтай нь одоо улс орон нь ямар ч мөнгөгүй болжээ. Гамби сохор зоосгүй болсныг Сангийн яам, Төв банкны ажилтнууд баталж мэдэгдэл хийсэн. Сенегал дахь Гамбигийн ЭСЯ-нд тангаргаа өргөсөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ч одоо яахыг хэлж мэдэхгүй байгаа гэнэ. Дашрамд дурдахад тэр ч нутагтаа очоогүй л байна.

Гамбигийн Ерөнхийлөгч Яйя Жамме нь 29 настайдаа буюу 1994 онд цэргийн хүчээр төрийн эрхийг булаан авсан хүн. Тэрээр Гамбигийн армид алба хааж байсан 25-30 насны таван дэслэгчийн хамт уг ажиллагааг зохион байгуулж өөрөө улсыг түр удирдах зөвлөлийг тэргүүлжээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1996 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан. Түүнээс хойш хорь гаруй жил Гамбиг удирдаж байгаа бөгөөд хэд хэдэн удаа улиран сонгогджээ. 2003 онд залуучуудтайгаа уулзахдаа борооны улирлаар залуучууд юу ч хийхгүй хөлбөмбөг тоглодог явдлыг шүүмжилж “Борооны улиралд ажил хийхгүй хөлбөмбөг тоглож улс орныхоо төлөө хөдөлмөрлөхөөс зайлсхийсэн залуусыг шоронд суулгана” гэсэн удаатай. Ингэж Гамбид хөлбөмбөг тоглохыг хориглосон түүхтэй. 2009 оны эхээр төрийн тэргүүний эгч нь нас барахад гамбичууд “чөтгөр” хэмээн нэрлэдэг ер бусын увдистай гэгддэг хүмүүсийг буруутгасан. Ингээд улс орон даяар “чөтгөрийг ангуучлах” нэртэй аян зарлаж мянгаад хүнийг хэлмэгдүүлжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnes­ty International” байгууллагаас хийсэн судалгаагаар энэ үеэр мянгаад хүн хэлмэгдсэн гэдэг. Уг ажиллагаанд цэрэг, цагдаа, тагнуулын ажилтнууд, Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хүртэл оролцож баривчлагсдыг нууц газар хорьж, мансууруулах төрлийн зүйл уулгаж байжээ. “Чөтгөрийг ангуучлах” аяны золиос бологсдын дийлэнх нь өндөр настнууд байсан бөгөөд зарим нь амиа алдсан гэдэг. Яйя Жамме өөрийгөө нэг бус удаа ер бусын увдистай хэмээн зарлаж, ХДХВ буюу бидний ярьдгаар ДОХ болон астмаг анагаадаг эмийг бүтээсэн хэмээн мэдэгдсэн. Улс оронд болж бүтэхгүй байгаа бүхэнд бэлгийн гаж буруу зуршилтнуудыг буруутгаж бүгдийг нь ална хэмээн заналхийлж байсан.

Яйя Жамме төрийн тэргүүний албыг хаших хугацаандаа хэрхэн хөрөнгөжсөнийг хараахан тогтоогоогүй. Тэрээр нэлээд хэдэн “Rolls Royces” машинтай, АНУ-ын Мэрилен мужийн Потомаке хэмээх газар 3,5 сая ам.доллараар байшин авсан байдаг. Түүний охин нь Манхеттенд нэг жилийн 40 сая ам.долларын төлбөртэй хувийн сургуульд сурдаг. Экс Ерөнхийлөгч Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн залуу төдийгүй хамгийн чинээлэг төрийн тэргүүн хэмээн бичигдсэн. 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй тэрбээр хэрхэн баяжсанаа Аллахаас илгээсэн хишиг хэмээн тайлбарлаж байжээ. Гамбигийн хэвлэл мэдээлэлд хяналт тогтоож байсан тэрээр улсынхаа бүх сэтгүүлчдэд Засгийн газрын мэдэлд байх, үгүй бол зайлах гэсэн хоёр болзол тавьсан байдаг. Тэрээр хэвлэлийнхэнд хэтэрхий дураараа байна хэмээн шүүмжлүүлдэг байсан юм. Гамбигийн экс Ерөнхийлөгчийн эсрэг хэрэг үүсгэсэн хэдий ч улсын сангаас авсан мөнгө зэргийг эргүүлэн авах найдвар бараг байхгүй. Учир нь Яйя Жамме нь Экваторын Гвинейд байгаа. Экваторын Гвинейн Ерөнхийлөгч Теодор Обиангу Нгему Мбасого нь түүний найз бөгөөд 1979 оноос хойш тус улсын төрийн тэргүүний албыг хашсан. Эквадорын Гвиней нь улс төрийн хэрэгтнүүдийг бусад орнууд төдийгүй олон улсын эрүүгийн шүүхэд ч хүлээлгэн өгдөггүй орон. Тиймээс Гамбигийн улсын сангаас алдагдсан мөнгийг эргүүлэн олж авах найдвар бараг байхгүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *