Categories
мэдээ цаг-үе

Охидыг зодож, хүчирхийлсэн цуврал гэмт хэргийг 19 настай Рэнцэнсамбуу гэгч үйлдсэн болохыг тогтоожээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд онц ноцтой цуврал хэрэг гарсан билээ. Хэргийг Мөрдөн байцаах газрын Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн цагдаагийн алба хаагчид хамтран шуурхай ажиллаж илрүүлжээ. Гэмт хэрэгтэн 17-19 насны охидыг ганцаараа явж байхад дээрэмдэж, зодож, хүчирхийлсэн байна. Энэ сарын 4-нд хичээлээ тараад гэр рүүгээ явж байсан 17 настай О гэх охиныг үл таних этгээд зодсон хэрэг гарсан. Хохирогч охины цагдаа нарт өгсөн мэдүүлгээр “Жижигхэн биетэй эрэгтэй хүн гэнэт л гарч ирээд араас өшиглөж газар унагаад зодсон. Нүүрэнд цохиж, толгой руу дэвсэлж, элэг рүү өшиглөж зодсон. Сүүлдээ ухаан балартаад юу болсныг санахгүй байна” хэмээн мэдүүлжээ. Гэмт этгээд гар утсыг нь дээрэмдсэн нь тогтоогдсон байна. Үүний дараа энэ сарын 12-нд мөн л 18 настай Б гэгч охиныг сургуулиасаа гараад явж байхад нь үл таних этгээд зоджээ. Охиныг онц хэрцгийгээр зодож, газарт унагаад хүчирхийлэх гэж оролджээ. Мөн цүнх, бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн аж. Өмнө нь Өмнөговь аймагт хэд хэдэн удаагийн дээрэм, булаалтын хэрэг гарч, хэргийг шалгаж байсан гэнэ. Энэ сарын 14-нд Политехник коллежийн хашаанд 19 настай эмэгтэйг зодож, биед нь хүнд гэмтэл учруулан, хүчирхийлж орхисон хэрэг гарсан. Энэ талаар албаны эх сурвалж “19 настай эмэгтэйг гэмт хэрэгтэн араас нь дагаж байгаад шууд цохиж унагасан байна лээ. Ингээд тоосгоор толгой руу нь цохиж, хүнд гэмтэл учруулсан байсан. Их хэмжээний цус алдаж, ухаан алдсан охиныг гэмт этгээд хүчирхийлсэн. Үүнийхээ дараа харанхуй гудамжинд орхичихоод зугтаасан байсан. Цагдаа нар хэргийг шуурхай шалгаж эхэлсэн. Хохирогч эмэгтэйн биед үлдсэн үрийн шингэнийг шинжилгээнд өгсөн. Мөн гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн. Охидыг дээрэмдэх, ёс бусаар дур хүслээ хангах, хүчирхийлэх цуврал гэмт хэргийг нэг хүн үйлдээд байгаа нь шинжээчдийн гаргасан дүгнэлтээр тодорхой болсон. Хохирогч Г гэх 19 настай эмэгтэй сургууль дээрээ очиж хуралд суухаар явж байхад нь зодож, хүчирхийлсэн байсан. Гэмт хэрэгтэн охиныг дагаж явахыг хоёр гэрч харсан байдаг. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэгтний гадаад төрх байдал, өмсөж явсан хувцас зэргийг тогтоосон. Ингээд 19 настай Рэнцэнсамбуу гэгч хэргийг үйлдсэн болохыг тогтоосон” гэв. Хохирогч охины биеийн байдал тааруу байгаа аж.

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр 17-19 насны охидыг зоддог, эд зүйлсийг нь булааж, дээрэмдсэн, хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа 19 настай Рэнцэнсамбууг цагдан хорьсон байна. Тэрбээр Өмнөговь аймгийн нэгэн компанийн уурын зууханд галчаар ажиллаж байсан гэнэ. Ажлын гараатай өдөр болгон гэмт хэрэг үйлдэж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарт Рэнцэнсамбуу “Охидыг дагаж явж байгаад зоддог байсан. Ажил дээрээ сууж байгаад харанхуй болохоор гардаг. Ганцаараа явж байгаа охидыг дагаж яваад ойрхон хүн байхгүй үед зоддог байсан” хэмээн мэдүүлжээ. Рэнцэнсамбууг сэтгэцийн өвчтэй эсэхийг шалгуулжээ. Удахгүй шинжилгээний хариу гарах гэнэ. Цагдаа нарын үзэж байгаагаар гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээд сэтгэцийн өөрчлөлттэй, бусдыг зодож таашаал авдаг гаж донтон байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Түүнийг эрүүгийн хуулийн 91.1, 91.2 –т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *