Categories
мэдээ цаг-үе

Пянз тоглуулагч

Дуу авиаг бичиж авчихаад түүнийгээ сонсдог болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх томоохон ололтуудын нэг. Үүнийг мэдээлэл дамжуулахад хамгийн том дэвшил болсон гэж судлаачид үздэг. Пянз тоглуулагчийг анх АНУ-ын иргэн Томас Эдисон, Шарл Кро нар хамтран бүтээж палеофон хэмээн нэрлэжээ. Гэвч дуу авианы ялгаруулалт нь тийм ч сайн байгаагүй гэдэг. Хяхтнаж, зарим авиа нь хэт чанга байсан тул чухам юуны бичлэг болохыг мэдэхийн тулд чихээ чанга яригчид нааж байж сонсдог байсан гэдэг. Томас Эдисон 1877 онд түүнийгээ патентлуулан авсан байдаг. Уг төхөөрөмжийн талаарх нийтлэлийг Германы зохион бүтээгч Эмиль Берлинер хэвлэлээс олж уншаад ихэд сонирхжээ. Тэрээр мөн иймэрхүү шинэ төхөөрөмж бүтээхээр шаргуу ажиллаж Томас Эдисон, Шаро Кро нарын бүтээлийг улам боловсронгуй болгосон юм.

Тухайн үед дуу, авиаг бичиж аваад дахин тавьж сонсоно гэдэг хүмүүсийн санаанд багтахгүй байсан гэдэг. Эмиль Берлинер улам боловсронгуй болгосон төхөөрөмжөө фонограф хэмээн нэрлэсэн. Уг нь бол түүнийгээ хараагүй хүмүүст зориулан бүтээсэн гэдэг. Гэтэл аажимдаа хөгжим сонсоход ашигласан байна. Пянз тоглуулагчийг бүтээсэн даруйд пянз бий болсон. Эмиль Берлинер пянзыг анх целлулойдоор хийсэн бөгөөд тэр нь одоо ч АНУ-ын Үндэсний музейд хадгалагдаж байдаг. Түүнийгээ улам сайжруулах зорилгоор эбонит буюу их хэмжээгээр хүхэр агуулсан зүйлээр хийсэн. Гэвч шаардлага хангаагүй гэдэг. Эмиль Берлинер пянзыг юугаар хийхийг нэлээд удаан бодож эрэл хайгуул хийсэн. Нэг удаа хувцасны дэлгүүрт явж байхад давирхайгаар хийсэн товч сонирхлыг нь ихэд татжээ. Үүнээс пянзыг давирхайгаар хийх санаа төрсөн гэдэг.

Эмиль Берлинерийн бүтээсэн пянз тоглуулагчийг 1902 оноос эхлэн өргөн хэрэглэх болсон. Үүний нэг шалтгаан нь Италийн тенор Энрика Карузогийн дуулсан арван дуутай пянзыг анх хэвлэн сонсогчдын хүртээл болгосон юм. Түүнийг сонсон хүмүүс гайхан бишрэхдээ дууг хэрхэн дамжуулж байгааг сайн ойлгоогүй гэдэг. Анхны пянзны ачаар Италийн дуурийн дуучин Энрика Карузо улам алдартай болоод зогсохгүй пянз тоглуулагч ч түүнээс дутахааргүй олны анхаарлыг татсан. Хамгийн гол нь энэ төхөөрөмж шинэ бизнесийг бий болгосон юм. Дуучдыг дуулуулж бичлэг хийж түүнийг нь пянз болгон хэвлэн гаргахдаа уран бүтээлчдэд шагналын мөнгө олгодог болсон түүх эндээс эхлэлтэй.

Пянз тоглуулагчийг мөнгөөр, улаан модоор үнэтэй, хямд гээд янз бүрээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнийг анх Америкт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд удалгүй борооны дараахь мөөг шиг олон үйлдвэр бий болсон гэдэг. Энэ бизнес Европт ч дэлгэрсэн. XX зууны эхээр гэхэд нэг жилд 3000 пянзыг шинээр гаргаж нийтдээ дөрвөн сая гаруй пянз борлуулдаг байсан хэмээн бичсэн байдаг. Үйлдвэрлэл улам бүр боловсронгуй болж пянз тоглуулагчийн стандартыг ч боловсруулан баталжээ. Тодруулбал, пянзыг нэг минутанд 78 удаа эргэдэг байхаар хийх ёстой гэсэн шаардлага тавьсан. Анхны пянзнуудын нэг тал нь 300 мм өргөн байсан бөгөөд ердөө таван минутын бичлэгийн багтаамжтай байв. Тиймээс томоохон хэмжээний хөгжмийн бүтээлүүдийг бичих ямар ч боломж байгаагүй.

Техник технологи хөгжиж пянз тоглуулагч болон пянз улам бүр боловсронгуй болж гигант, гранд, миньон гэсэн гурван янзын хэмжээтэй үйлдвэрлэхээс гадна хатуу, зөөлөн гэж ангилдаг болсон.

1948 онд энэ салбарт бас нэгэн хувьсгал гарсан түүхтэй. Америкийн дуу бичлэгийн “Co­lumbia” фирм нь удаан эргэхэд дуугардаг пянз тоглуулагчийг үйлдвэрлэжээ.

Манайд анх яг хэдийд пянз тоглуулагч орж ирсэн талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Монголд ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэд эгшигт хайрцаг хэмээн нэрлэх болсон түүнийг авчирсан гэсэн яриа байдаг. “Сэрэлт” киноны гол баатар болох Орос эмч өвчтөн ирэхгүй болохоор нь гадаа эгшигт хайрцгаа тоглуулдгийг үзэгчид сайн санаж байгаа байх. Ямар ч байсан манай нэртэй дуучид уран бүтээлчид, хамтлагуудын уран бүтээлийг агуулсан Оросын “Мелодия”, “Граммофон” –д үйлдвэрлэсэн пянз 1980-аад он хүртэл худалдаанд байсан түүхтэй. Дашрамд дурдахад, 1964 онд байгуулагдсан “Мелодия” фирмийн хувьд 1960-1980 онд маш олон пянз хэвлэн гаргасан оргил үе нь байсан. Харин өнөөдөр ихэвчлэн хуучны бичлэгийг хувилах үйл ажиллагаа явуулдаг аж.

1963 онд “Phillips” корпораци нь анх соронзон туузан дээр бичлэг хийж кассетыг танилцуулсан билээ. Ийнхүү пянзны эрин үе дууссан гэж болно. Харин өнөөдөр пянз, пянз тоглуулагч гэдэг нь өнгөрсөн үеийн сайхан дурсамжийг санагдуулахуйц ховор зүйлст тооцогдох болжээ. Өнөөдөр барууны зарим уран бүтээлчид цомгоо пянзаар гаргах тохиолдол ч бий. Гадаадад төдийгүй манайд ч пянз цуглуулагчид нэлээд байдаг. Тэдний нэг нь болох Б.Батболд хэмээх залуу 2015 оны эхээр “Дунд гол” нэртэй дэлгүүрээ нээж байсан билээ.

Түүний ярьснаар 1980 оны эхээр хамгийн сүүлд манай уран бүтээлчдийн пянз хэвлэгдсэн гэдэг. “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуутай пянз дунджаар 50 мянган төгрөгөөр борлогдож байсан гэнэ. Дашрамд дурдахад дэлхийн пянз цуглуулагчид Монгол пянзнуудаас энэ хоёр пянзыг л сонирхдог хэмээн Б.Батболд ярьсан байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *