УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Автозамын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг
хийж, дэмжив.
Авто замын тухай хууль 1998 онд батлагдан өнөөг хүртэл мөрдөж байна.
Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдалд өөрчлөлт орсон
тул энэ хуулийг одоо байгаагаар нь дагаж мөрдөх боломжгүй болсон хэмээн
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлдээ
дурьдав.
Тэрбээр, “Хуулийн төсөлд Авто замын сүлжээний хөгжлийг төлөвлөх,
оновчтой удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор төрийн
байгууллагуудаас авто замыг хөгжүүлэхэд баримтлах зарчим, хүлээх үүрэг,
хариуцлагыг тодорхой болгон тусгалаа. Тухайлбал “Авто замын талаарх
төрийн байгууллагын бүрэн эрх” гэсэн хоёрдугаар бүлэгт Засгийн газар,
Авто замын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага, нийслэл,
аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх үүргийг тодорхой болгон зааж
өгсөн.
Мөн Нийслэл хот хүрээгээ тэлж, уул уурхай үсрэнгүй хөгжиж байгаатай
холбогдуулан шинэ замын хэрэгцээ бий болж байгааг харгалзан нийслэлийн
авто зам, тусгай зориулалтын авто зам, хурдны зам гэсэн шинэ
ангилал нэмж тусгасан” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир автозам
барихад шаардлагатай хайргыг хаанаас авах вэ гэдгийг нарийн тогтоох
хэрэгтэй гэлээ. Ажлын хэсгээс, “Түгээмэл тархацтай ашигт малтмал
олборлох асуудлыг орон нутгийн удирдлагууд шийддэг. Тухайлбал Өмнөговь
аймагт төмөр зам тавих гэхээр орон нутгийн удирдлагууд нь их хэмжээний
мөнгө нэхсэн асуудал байгаа. Тиймээс үүнийг хуулиар зохицуулахаар
тусгасан. Ажлын хэсэг дээр нарийвчлан хэлэлцэх боломжтой” хэмээн
хариулав.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Өөрийн хөрөнгөөр автозам барьдаг аж
ахуйн нэгж бий. Уг зам дээгүүр нь зорчих иргэдээс төлбөр авах асуудлыг
хуульд тусгасан уу хэмээн тодруулсан. Ажлын хэсгээс, “Төр, хувийн
хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд өөрийн хөрөнгөөр автозам барьсан бол
түүнийг нь концессийн гэрээгээр өмчлүүлэх асуудлыг Засгийн газар
шийдвэрлэж өгнө. Зорчсон иргэдээс авах төлбөрийн асуудлыг дагалдан гарах
журмуудаар зохицуулах юм” гэсэн хариулт өгөв.
Чанаргүй зам барьсан аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх
хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлээд, “Муу зам барьсны
улмаас осол гарч, иргэд амиа алддаг. Энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ.
Шинээр барьсан автозамын баталгаат хугацааг хэдэн жил байхаар
зохицуулсан бэ” гэлээ. Зам, засвар арчлалтын байгууллага ажлаа
хийгээгүйн улмаас иргэдэд хохирол учирсан бол тухайн компани нь
хариуцдаг байхаар хуульд тусгажээ. Харин шинээр барьсан замын баталгаат
хугацаа нэг жил байхаар Барилгын тухай хуульд заажээ. Үүнийг өөрчлөх
асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх явцад шийдвэрлэх боломжтой хэмээн
Ажлын хэсгээс хариулав.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.