Энэ жил “Оскар” шагнал гардуулах ёслол 89 дэх удаагаа болно. Хоёрдугаар сарын 26-ны өдөр болох шагнал гардуулах ёслолыг уламжлалт ёсоор шууд дамжуулах юм. Энэ удаагийн “Оскар” гардуулах ёслолыг Америкийн хошин шогийн жүжигчин Жимми Киммел хөтлөхөөр болжээ. “Жимми Киммед шууд нэвтрүүлгээр” шоугаараа олны танил болсон тэрээр энэ нэр хүндтэй ёслолын ажиллагааг хөтөлсний хөлсөнд ердөө 15 мянган ам.доллар авах тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байна. Яагаад ийм бага хөлс төлөх болсныг тайлбарлахдаа “Яагаад ийм бага гэж үү? Яагаад гэвэл хөлс төлөхгүй бол хууль бус явдал болно” гэжээ. 2016 онд “Оскар” гардуулах ёслолыг жүжигчин Крис Рок хөтөлж хөлсөнд нь 232 мянган ам.доллар авч байсан юм.
2017 оны “Оскар” шагналд нэр дэвших бүтээлүүдийг шалгаруулах ажиллагаа ид явагдаж байна. Ингээд энэ жил “Оскар” хүртэх магадлал хамгийн өндөр гэгдэж буй бүтээлүүдийг танилцуулья.
“Ла Ла Лэнд” (La La Land)
Найруулагч Дэмьен Шазеллийн бүтээл болох энэ кино одоогийн байдлаар “Оскар” хүртэх хамгийн өндөр магадлалтай хэмээн урлаг судлаачид үзэж байгаа. Мюзиклийн гол дүрд жүжигчин Эмма Стоун, Райан нар тоглосон. Венецийн кино наадамд энэ бүтээлийг анх удаа үзүүлсэн бөгөөд жүжигчин Эмма Стоун нь шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. “Ла Ла Лэнд” нь мөн Канадад болдог Торонтогийн кино наадмаас үзэгчдийн шагналыг хүртсэн юм. Уг бүтээлд жаз хөгжимчин Себастьян болон залуу жүжигчин Миа нарын харилцааны талаар өгүүлдэг. Тэд нэгэн клубт санамсаргүй танилцаж хамтарсан хэд хэдэн гайхамшигтай бүтээл туурвисны дараа хайр сэтгэлтэй болдог. Мюзикл нь мөн Лос-Анжелес хотын тухай өгүүлсэн нь чухал юм. Учир энэ хотод “Оскар”-ыг гардуулах ёслол болдог тул нөлөөлнө хэмээн урлаг судлаачид үзжээ.
“Анир чимээгүй” ( Silence)
Найруулагч Мартин Скорсезегийн “Анир чимээгүй” киног ямар ч эргэлзээгүйгээр шилдэгт шалгарч “Оскар”-т өрсөлдөх бүтээл аж. Энэ бүтээлийн талаар ярихын өмнө найруулагчийг дурдахгүй байхын аргагүй. Мартин Скорсезе нийтдээ 12 удаа “Оскар”-т нэр дэвшсэн. 2013 онд “Уолл Стритийн чоно” (The Wolf of Wall Street) бүтээлээрээ “Оскар”-ын таван номинацид өрсөлдсөн. “Анир чимээгүй” киногоо Сюзак Эндогийн романаас сэдэвлэн хийсэн байна. XVII зуунд католик шашны хоёр номлогч Себастьян, Фрэнсис нар сураггүй алга болсон багшийгаа хайхаар Японыг зорьж байгаа талаар өгүүлдэг. Тухайн үед Японыг барууны нөлөөнд автуулахгүй хэмээн гадаадынхныг хамаагүй оруулдаггүй байсан үе.
“Салли” (Sally)
Алдарт жүжигчин Клин Иствудын найруулсан бүтээл. Өдгөө 85 настай тэрээр энэ киногоороо ямар уран бүтээлч болохоо дахин харуулсан гэдэг. Нисгэгч Челси Салленбергерт тохиолдсон бодит явдлаар сэдэвлэн хийжээ. 2009 онд түүний жолоодож явсан зорчигч тээврийн онгоц гэнэт жолоодлогогүй болоход маш чадварлагаар Гудзон гол дээр буулгасан. Энэ явдал Нью-Йорк хотын оршин суугчдын нүдэн дээр болсон явдал. Алдарт Клинт Иствудын кино нь хоёр удаа “Оскар” хүртэж байсан. Энэ киноны гол дүрд хоёр удаа “Оскар” хүртсэн нэрт жүжигчин Том Хэнкс тоглосон.
“Сноуден” (Snowden)
АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Сноудений талаар өгүүлсэн кино. Тэрээр 2013 онд ТТГ-аас иргэдийн утсыг чагнадаг талаарх мэдээллийг олонд ил болгосноор нэлээд шуугиан тарьсан. Сноуден эх орноосоо зугтан гарч ОХУ-д орогносон билээ. Энэ киноны найруулагч нь алдарт Оливер Стоун, гол дүрд Жозеф Гордон-Левитт тоглосон. Уг бүтээл нь үзэгч төдийгүй шүүгчдийн сонирхлыг ихэд татсан бүтээл гэдэг нь гарцаагүй. Дашрамд дурдахад Сноудений бүтээл өмнө нь “Оскар” хүртэж байсан билээ.
“Үндэстэн бий болсон нь” (The Birth of a Nation)
Энэ жилийн нэгдүгээр сард болсон “Сандэнс” кино наадамд шилдэг бүтээлээр тодорсон кино. 1813 онд боолуудын бослогыг удирдсан хар арьстан номлогчдын талаар өгүүлсэн бүтээл. Киноны найруулагч, зохиолч, гол дүрд тоглосон Нэйт Паркер нь 1999 онд хүчингийн хэргээр буруутгагдаж шүүхэд дуудагдаж байсан. Тиймээс уг бүтээлийг Торонтогийн кино наадамд үзүүлэхэд үзэгчид нэлээд эсэргүүцсэн хэдий ч нааштайгаар хүлээн авсан байна. Зарим шүүмжлэгчид уран бүтээлчээсээ давсан бүтээл хэмээн бичжээ. Хар арьстан жүжигчинг “Оскар”-т дэвшүүлэх нь ховор хэмээн сүүлийн үед шүүмжилж байгаа тул энэ бүтээл шалгарах магадлал өндөр аж.
“Жеки”
Чилийн найруулагч Пабло Ларраинийн бүтээл Торонтогийн кино наадамд маш амжилттай оролцсон. Америкчуудын зүрх сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бүтээлд Америкийн нэгэн түүхэн үеийн харуулсан байна. Ж.Кеннедигийн эхнэр Жаклин Кеннеди нөхрийгөө алагдсан дараа анх удаа ярилцлага өгөхдөө Цагаан ордонд хэрхэн амьдарч байсан, Техаст болсон аймшигт аллагын талаар дурсч байгааг харуулсан бүтээл. АНУ-ын тэргүүн хатагтайн дүрд нэрт жүжигчин Натали Портман тоглосон. Венецийн кино наадамд түүнийг үзүүлсэний дараа шүүүмжлэгчид Натали Портманн ирэх жил “Оскар” хүртэх нь гарцаагүй хэмээн бичисэн байсан юм.
“Далайн эрэг дэх Манчестер”
Найруулагч Кеннет Лонерганы бүтээлд гагнуурчин Кейси Аффлек төрсөн Бостон хотод эргэн ирж байгаа тухай өгүүлдэг. Кеннер Лонерган урьд нь “Оскар”-т хоёр удаа нэр дэвшиж байсан. Хүмүүс хоорондын харилцааны талаар өгүүлсэн энэ кино. Энэ сэдэв нь “Оскар”-т хамгийн чухал сэдвийн нэгд тооцогддог.
Ю.ДЭЛГЭРМАА