Categories
мэдээ нийгэм

Н.Арвинтариа: Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд эвлэрэх боломжийг хаасан

Шинэчлэн батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уншигчдадаа мэдээлэл хүргэхээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Н.Арвинтариатай ярилцлаа.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд ямар өөрчлөлт оров. Нэг ээж хүүдээ эхнэртээ гар хүрвэл хэрэгтэн болно шүү гэж сануулж байхыг сонссон. Үнэхээр эхнэр рүүгээ гар далайвал хэрэгтэн болчих уу?

-Өмнө нь Гэр бүлийн хүчирхийллийг иргэд хоорондын маргаантай адилхан шийдвэрлэдэг байсан. Эдийн засгийн, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол шүүхээр асуудлаа шийдүүлдэг байсан. Одоо бол гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзээд гэмт хэрэгт тооцсон. Гэмт хэрэгт тооцогдохооргүй үйлдлүүдийг захиргааны зөрчил гэж үзсэн. Ялгамжтай ял, шийтгэлийн төрлүүдийг хуульчилсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагалдаад, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр энэ зохицуулалтуудыг хийлээ. Хүчирхийллийн төрлүүдийг энэ хуульд нэлээд дэлгэрүүлж тайлбарласан. Өмнө нь салсан эхнэр, нөхөр гэх мэт хүмүүс энэ хуулийн хамгаалалтад ордоггүй байлаа. Хамтран амьдарч байгаад больсон хосууд, дундаасаа хүүхэдтэй, гэр бүлийн баталгаагүй хүмүүсийн хооронд хүчирхийлэл үйлдэгдвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль үйлчилдэггүй байсан. Одоо бол гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн, эхнэр нөхрийн хоорондох асуудал биш. Гэр бүлийн гишүүдээс гадна тусдаа амьдарч байгаа ч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс, өвөө, эмээ, төрүүлсэн, үрчлэн авсан хүүхдүүд, аав, ээж нарын хооронд түүнчлэн хамтран амьдарч байсан хүмүүс хооронд үйлдэгддэг. Хамт амьдраагүй ч болзож байгаа хосуудыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хамгаалалтад хамруулсан. Энэ бол том өөрчлөлт. Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэх эрх үүргийг нээсэн. Заавал мэдээлэх үүрэг нь мэргэжилтнүүдэд бий.

-Ямар тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх вэ. Зарим гишүүн эхнэр рүүгээ чанга дуугарвал гэмт хэрэгтэн болох нь гээд байсан?

-Зөвхөн нэг удаа гар далайхад гэр бүлийн хүчирхийлэл гэж үзээд шоронд явуулах ойлголт байхгүй ээ. Эсвэл нэг удаа алгадахад хүчирхийлэл үйлдчихлээ гэж үзэхгүй. Гэр бүлийн гишүүдээ байнга зовоон тарчилгах, хэл амаар байнга доромжлох гэх мэт зарим үйлдлийг зааж өгсөн. Жишээлбэл Захиргааны хариуцлагын хуульд долоон үйлдлийг заасан. Тухайлбал гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон бол, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр албадсан бол, банкнаас чи зээл ав гэж байгаад өрөнд оруулдаг ч юм уу, эсвэл мөрдөн мөшгөсөн бол, заналхийлсэн, бусадтай харьцахыг нь хязгаарласан, гутаан доромжилсон үйлдлүүд орно.

-Энэ бүхнийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцно гэж бодоогүй юм байна?

-Цагдаагийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очоод, аюулын эрсдлийн зэргийн үнэлгээ хийх юм. Амь насаа алдах магадлал хэр байна, тэр хүнд хэр аюултай байдал үүссэнийг үнэлж үзээд, мөрдөн мөшгих нь хэр их даамжирсаныг тодорхойлох юм. Ажил хийлгэхгүй, хүмүүсээс тусгаарладаг, гэртээ шоронд байгаа юм шиг байдаг, мөрдөн мөшгөх, хардаж тусгаарлах зэрэг үйлдлүүдийг үнэлж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргана.

-Тухайлбал байнга хэл амаар доромжлох гэдгийг яаж баримтжуулах вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй хамтарсан баг ажиллах юм. Хохирогч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, гутаан доромжлуулж байгаа гэдгээ цагдаагийн байгууллагад мэдээлж болно. Баримтжуулах арга нь янз бүр л дээ. Хамтарсан баг үнэлгээ хийх юм. Нийгмийн ажилтан энэ хохирогч ямар нөхцөл байдалд амьдарч байна вэ, үнэхээр байнга гутаан доромжилж байна уу, нэр төрийг нь гутаах үйлдлүүд давтагдаж байна уу гэдэг дээр үнэлгээ хийнэ. Нөхцөл байдлын үнэлгээний үндсэн дээр тогтоогдоно.

-Заналхийлнэ гэхээр юуг ойлгох вэ?

-Хүмүүс хоолойг нь боох, чамайг ална аа гэдэг. Тэрний цаана “Чиний амь нас миний гарт шүү” гэсэн үг бий. Гэр бүлийн хүчирхийлэл давтагдах тусмаа даамжирдаг. Даамжрах тусмаа үхэл амьдралын зааг нь ойртож байдаг. Хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй. Эсвэл ийм байх ёстой юм уу, байх ёсгүй юм уу гэж эргэлздэг. Эхлээд тэвчдэг, эхний удаа юм чинь гайгүй болох байлгүй, надад хайртай болохоор харамлаад хардаад байна гэж зарим хүн боддог. Цагдаад хэлчихвэл байдлыг дордуулна, бүүр аймаар юм болно гэж эргэлздэг хүмүүс ч байдаг. Энэ болгон нь хүчирхийллийн тойргийг нь улам хумиад, даамжрах тусмаа гарах гарцгүй юм шиг сэтгэгдэл төрдөг. Энэ байдлыг засах боломжгүй юм байна, цагдаа дуудаад, шүүхээр яваад нэмэргүй юм байна, ах дүүдээ хэлэхээр сал гэдэг юм байна. Энэ хүнээс салах ямар ч боломжгүй юм байна гэхээрээ амиа хорлодог. Жилд 400 гаруй хүн амиа хорлосон тохиолдол бүртгэгддэг. Үүний цаана хэдэн хүн гэр бүлийн хүчирхийллийн дарамтанд орсоноос ийм байдалд хүрсэнийг нарийвчилсан судалгаа байдаггүй. Гэтэл энэ болгон цаанаа шалтгаантай. Орчны эрсдэлт хүчин зүйл гэдэгт хууль хяналтын байгууллага анхаарал тавихгүй, ойр дотны хүмүүс тоохгүй, хөндлөнгийн хүмүүс мэдээлэхгүй бол хохирогчийг гарцгүй болгодог. Эцэст нь амиа хорлох, эсвэл хүчирхийлэл үйлдэгчийг хорлоход хүргэдэг учраас эрт үед нь таслан зогсоож чадвал гэр бүлийн хүчирхийлэл даамжрахгүй байх боломжтой. Хүчирхийлэгч зан үйлээ засах боломжтой, хохирогч ийм ийм юмыг хүчирхийлэл гэдэг юм байна гэж мэдэж авсан тохиолдолд аюулгүй байдлаа яаж хангахаа мэддэг. Тийм учраас эрт шатанд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх чухал. Үгүй бол эцсийн шатандаа хүрэхээрээ нэг бол салдаг, эсвэл хэн нэг нь амь насаа алддаг. Гэр бүлээ бүрэн бүтэн байлгая гэвэл гэр доторх зөрчлөө хэрхэн шийдвэрлэхийг зааж өгөх хэрэгтэй байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зодуулах, жанчуулах, амь насанд нь аюул учрах гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр гутаан доромжилсон гэх мэт үндэслэлээр хэр их ханддаг вэ?

-Ер нь гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах, мөрдөн мөшгих зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн нэлээд түгээмэл тохиолддог хүчирхийлэл. Сэтгэл санааны хүчирхийлэл дотроо ордог. Ийм байдлаас гарахын тулд амиа хорлох, янз бүрийн аргаар оролдсон байдаг. Энэ хүн ямар амьдралыг туулсан гэдэг дээр зайлшгүй үнэлгээ хийх шаардлагатай болно. Энэ үнэлгээнд үндэслээд энэ хүн гэр бүлийн хүчирхийлэлд байжээ гэдгийг тодорхойлох боломжтой.

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаа шүүхэд хандсан хүмүүсийн 80 хувь нь эргэж эвлэрэх магадлалтай байдаг гэсэн тоо харж байсан санагдаж байна. Тэгэхээр буцах замыг нь засах заалт хуульд орсон болов уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл дээр эвлэрэхийг ерөнхийдөө хориглож байгаа. Яагаад хориглодог гэхээр энэ тэнцвэртэй харилцаа биш. Давамгайлсан хүчирхийллийн харилцаатай байдаг учраас ердийн гэр бүлээс ялгаатай. Тийм учраас шүүх дээр гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргалаа гэхэд эвлэрлээр хэрэгсэхгүй болгохгүй байх заалт Эвлэрүүлэн зуучлах хууль, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд орсон. Өмнө нь ихэнхи тохиолдолд эвлэр гээд нэгээс гурван сарын хугацаа өгдөг. Энэ хугацаандаа эвлэрэхгүй байж байгаад бие биенийгээ гэмтээх, алах тохиолдол нэлээд гарч байсан. Эсвэл бүр шүүх цагдаагаар яваад үр дүнгүй юм байна гээд хохирогч эцсийн аргаа хэрэглэж нөгөө хүнээ гэмтээх, амь насыг нь хөнөөх тохиолдол байсан учраас гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд эвлэрэх боломжийг нь хааж өгсөн юм. Цагдаад очсон хэргүүд дийлэнх нь эвлэрэлээр хэрэгсэхгүй болчихдог. Эсвэл Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг.

-Эхнэр, нөхөр хоёр эвлэрч болно. Эсвэл айлгаж дарамтлаад “Гомдлоо буцаа” гэх мэтээр шахалт үзүүлж болно. Аль нь болохыг яаж тодорхойлдог вэ?

-Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр сайн дураараа гомдлоо буцаах тохиолдол бараг байдаггүй. Хүчирхийлэл үйлдэгчтэй нэг гэрт, нэг тогооноос хоол идэж, нэг санхүүтэй байгаа болохоор байнгын хамааралтай байдаг. Тэгээд “Чи өргөдөл гомдлоо буцаа, буцааж авахгүй бол…” гээд заналхийлсэн тохиолдолд хүссэн хүсээгүй гомдлоо буцаадаг. Үүнийг нарийвчилж шалгаад энэ хохирогч үнэхээр сайн дураар эвлэрч байна уу гэдгийг шалгахгүйгээр өөрт амрыг бодоод хялбаршуулаад эвлэрүүлчихдэг тохиолдол бий.

ХОХИРОГЧИЙГ ДЭМЖИХ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БИЙ БОЛГОСОН

-Ядуугийн зовлон байна л даа. Хүчирхийлэл үйлдэгчийг шоронд явуулах гэхээр хоолгүй, мөнгөгүй болчих гээд байна гэсэн шалтгаанаар ёс бусын үйлдийг тэвчээд явдаг түүхүүд сонсогддог?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд хэд хэдэн төрлийн үйлчилгээг хуульчилсан. Өмнө нь ийм системтэй, цэгцтэй үйлчилгээнүүд байгаагүй. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хохирогчийг дэмжих үйлчилгээ бий болгосон. Амь нас эрүүл мэндийг нь хамгаалахаас гадна сэтгэл зүйн хувьд хэвийн байдалдаа орох, амьдралаа авч явахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс ийм үйлчилгээнүүдийг хуульчилсан. Хамгаалах байранд байгаа хохирогчийн хувьд зөвхөн аюулгүй байдлаа хамгаалуулаад гарахдаа буцаад л нөгөө хүчирхийлэлтэй харилцаандаа очдог. Одоо байдал өөр болсон. Хамтарсан баг маань энэ айлд хүчирхийллийг өөгшүүлдэг хүчин зүйлс юу байна, хэрэгцээ нь юу байна. Одоо хохирогч асуудлаа даван туулахад нийгмийн халамжийн зүгээс ямар хэрэгцээ шаардлага байна гэдэг дэмжлэгийг үзүүлэх механизм бий болгосон. Хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээ хийгээд хүүхдүүд нь сургууль соёлоос завсардсан бол сургуультай болгох, ажлын байртай, мэргэжилтэй болгох ямар боломж байгааг тодорхойлж, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх учиртай. Тэгж байж даван туулахад нь тусална гэсэн үг.Таны хэлсэн үзэгдэл өнөөдөр бий. Дийлэнх хохирогч хараат байдалд орчихдог. Ажил хийх гэхээр хардаад тусгаарладаг. Сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллах чадваргүй, цаашдаа суралцах, ажиллах боломж нь хаагдсан хохирогч олон. Даван туулах үйл явц нэлээд урт, түвэгтэй. Үүнээс шантраад эргээд хүчирхийлэлтэй харилцаандаа буцдаг явдал арилна. Хүчирхийлэл үйлдэгч зөвхөн тэжээгч гэдэг үндэслэлээр хариуцлагаас мултрахгүй. Хүчирхийлэл үйлдэгч шийтгэлээ эдлэнэ. Гэр бүлдээ эргэж нэгдэхийн тулд зан үйлээ өөрчлөх сургалтад заавал хамрагдана. Жишээлбэл Захиргааны арга хэмжээ авч, 7-30 хоног баривчлагдахад, хохирогчийг байнга дарамталсан, доромжилсон хэрэгт шийтгэл эдлэх явцдаа албадан сургалтад хамрагдана. Гэр бүлийн зөрчлийн асуудлаа яаж шийдвэрлэх, хүчирхийллийн бус аргаар асуудлаа шийдэхэд суралцаж өөрийгөө ойлгоно. Үүний дараа гэр бүлдээ очих боломж нь нээгдэх юм. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдлээ гээд нэг бол гэрлэлтийг нь шууд салгах юм уу, хүнд ял эдлүүлэхээс аль болох татгалзах, эргээд хүчирхийлэлтэй харилцаанаас салах боломжийг гэр бүлд олгох зорилготой хууль юм.

САЙН ДУРЫН СУРГАЛТАД СУУЯ ГЭСЭН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ ИРДЭГ

-Зан үйлийг өөрчлөх сургалт ял авахаас өмнө хэрэгжих үү ял авсан хойно сурах юм уу?

-Сайн дурын болон албадан сургалт гэсэн хоёр хэлбэртэй байх юм. Сайн дурын сургалт ял шийтгэлийн журмаар биш албадан нь ял шийтгэлийн журмаар. Өнөөдөр сайн дурын сургалтад сууя гэсэн хүмүүс зөндөө ирдэг. Би асуудлаа шийдэхээсээ өмнө түрүүлээд эхнэр рүүгээ гар далайчихаад болдоггүй ээ. Үүнийгээ яаж засах вэ гээд өөрийгөө мэдрээд байгаа хүмүүс бий.

-Боловсролын тогтолцооноос шалтгаалдаг ч юм уу манайхан харилцааны эв дүй муутай, хэн ч гэр бүлтэйгээ зөрчилдөөд байя гэж хүсэхгүй. Гэхдээ тэр арга барилд нь суралцаагүй хүмүүс олон. Ийм хүмүүс хаана хандах вэ?

-Боловсролын байгууллагуудад бас үүрэг болгосон. Өмнө нь боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллага ямар ч үүрэг хүлээдэггүй байлаа. Хүчирхийллийг сурталчилсан кино, рекламууд гарч л байдаг. Үүнийг тодорхой хэмжээгээр хяналтад оруулахаар хуулинд тусгасан. Өөрөөр хэлбэл хүчирхийллийн суурь шалтгааныг арилгахад чиглэсэн заалтууд нэлээд орж ирлээ. Боловсролын байгууллагууд сургуулийн өмнөх боловсролоос эхлээд зөрчилтэй асуудлыг яаж шийдэх вэ гэдэг ур чадварыг хүүхдэд олгох учиртай. Энэ бүх агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулах заалтууд бий. Гэр бүлийн хүчирхийллийг яаж эрт үед нь илрүүлэх вэ, хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг яаж илрүүлэх, мэдүүлэх вэ гэсэн нарийн заалтууд оруулсан. Дээр нь түргэний эмч дуудлагаар очлоо гэхэд тухайн гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж, хүн гэмтэж бэртсэн бол баримтжуулахаас авахуулаад мэдээлэх үүргийг нь заасан.

-Мэдээлэх үүрэг гэснээс манай хөрш айлын хүүхэд нь таван минут орчим уйлсан чинь хөрш нь цагдаа дуудчихсан гэсэн. Ямар тохиолдолд дуудлага өгөх гэсэн хязгаарууд байдаг уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн нь тодорхой байгаа, үйлдэгдэж болзошгүй бол дуудлага өгч болно. Иргэн хүн дуудлага өгөх эрхтэй. Өмнө нь дуудлага өгөхөд “Танай дээд айл дуудлага өгсөн, тэр дуудлагын дагуу ирж байна” гээд мэдээллийг нь задруулаад, бөөн асуудал болдог байсан бол одоо иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдвэл дуудлага өгөх, дуудлага өгсөнийх нь төлөө буруутгах, нууцлалыг нь задруулах үйлдлийг цагдаа хийхгүй. Хүний амь насанд эрсдэлгүй байсан ч дуудлага өгсөн иргэнийг “Худлаа дуудлага өгсөн байна” гэж буруутгах асуудал гарахгүй.

-Нэг цагдаа “Бид гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг нэгдүгээрт авдаг болсон” гэж хэлсэн. Хууль шинэчлэгдсэний эерэг үр дүн байх?

-Гэр бүлийн хүчирхийллийн үед хүн амиа алдах магадлал өндөр байдаг. Хулгайн дуудлагаас түрүүлж очих ёстой. Цагдаа дуудсан ч удаан ирсэнээс болоод саатуулж байсан нэгнийгээ алах тохиолдол гарсан. Ахыгаа дүү нь орон дээр дарчихаад цагдаа ирэхийг хүлээж байтал боогдоод нас барчихсан удаа бий. Тэгэхээр хүний амь нас үрэгдэх эрсдэлтэй учраас цагдаа шуурхай очих шаардлагатай байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагаад дагаж мөрдөх олон журмууд гарах учиртай. Цагдаагийн ажилтан дуудлагаар очоод аюулын эрсдлийн түвшинг яаж үнэлэх вэ, эрсдэл өндөр гарвал хохирогчид ямар үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчээ яах талаар Цагдаагийн ажилтан дуудлагаар ажиллах журам гарч байгаа. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, осол гэмтэл гарахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эсэх талаар мэдээллийн сангууд бүрдүүлэх юм. Өвчлөлийн шалтгаанд гэр бүлийн хүчирхийлэл нэлээд байр суурь эзэлдэг. Бамбайн хордлогонд ордог, цусны даралт нь байнга ихсэж байдаг, зүрх судасны өвчтэй хүмүүсийн байдлыг тандахдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эсэхийг давхар шалгах учиртай. Хүн нүд нь хөхөрчихсөн үед ихэнхдээ юм мөргөчихсөн, осол болсон гээд өнгөрдөг. Гэтэл тэрийг илрүүлэх асуулгууд эрүүл мэндийн ажилтнуудад бэлтгэж өгөх, сургах талаар хуулинд заасан.

-Өмнө нь ч Гэр бүлийн хүчирхийллийн хууль байсан. Тэр нь хэрэгждэг эсэхэд нийгэм төдийлөн ач холбогдол өгдөггүй байлаа. Одоо бол иргэд энэ хуулийг батлах, хэрэгжүүлэх талаар төр засагт шахалт үзүүлж чаддаг болжээ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх 2004 оны хуулийг шинэчлэн найруулах ажил 2011 оноос эхэлсэн. 2011 онд хамгийн анх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж бараг таван жил ажилласан юм. 2015 оны тавдугаар сарын 19-нд батлагдсан шүү дээ. Ёсчлогдоогүй гээд буцсан. Энэ хуулийг бусад таван хуультай уяж баталсан юм. Прокурорын байгууллагын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гээд таван хуультай уяж баталсан. Яагаад ингэсэн гэхээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль нь батлагдчихсан. 2004 оны хууль маань дангаараа батлагдсан, өөр хуулиудтай уялдаагүй учраас хэрэгжилт муу байлаа. Хуулийн хамгаалалт авъя гээд хохирогч явахаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад 60 хоногийн дотор шийдэгдэх гэсээр байтал амиа алдах гэмтэж бэртэх, арайхийж гаргуулсан шийдвэр нь шийдвэр гүйцэтгэл дээр очоод биелэгддэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд тусдаа амьдар гэсэн шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэх, хохирогчтой харилцаа тогтоохоор оролдсон бол яаж хянах заалт байгаагүй учраас хэрэгжээгүй. Энэ хуульд яг тэр нарийн заалтуудыг оруулж уяж өгсөн байсан. Тэгээд батлагдсан хууль маань буцахдаа энэ хуулиудаасаа тусдаа салгагдаж орж ирээд батлагдсан. Шинэ хуулинд зарим тодорхой зүйлийг сайжруулсан юм бий. Хамтарсан баг гэж юуг хэлэхийг нарийвчлан заасан, зарим байгууллагуудын үүргийг тодорхой оруулж ирсэн. Гэхдээ нөгөө хуулиудаас салгаж баталсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр гэхэд асуудал гарч ирнэ. Албадан сургалтаа яаж явуулах, хэн явуулах гэдгээс авахуулаад асуудал бий. Буцаагдсан таван хуулиа дахин УИХ-д оруулж ирээд батлана гэж яриад байгаа юм билээ. Зарим төсөл нь өргөн баригдсан байна. Хэрэв энэ хуулиуд батлагдаад 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл энэ систем цогцоороо ажиллаад явчихна. Одоо бол салгаж авчраад 2002 оны Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг гэж өөрчлөлт оруулаад, Захиргааны хариуцлагын тухай хуульд зарим хэсгийг нь тасалж аваад зөрчил гээд хариуцлага хүлээлгэхээр болсон. Процесс дээр жаахан асуудал бий. Хэрэв багцаараа хэрэгжээд эхэлбэл болоод явчих байх аа.

-Бусад хуулиас нь салгавал үр дүн багатай болно гэж зарим гишүүн тайлбарлаж байсан?

-Үүнийг УИХ дээр юу гэж тайлбарласан гэхээр 2017 оны долдугаар сарын 1 гэхэд бусад хуулиуд орж иртэл түр хугацааны зохицуулалт юм гэсэн. Тэр хүртэл энэ зохицуулалтаараа явна. Түүнээс хойш бусад хуулиудтай уялдвал илүү тодорхой болох юм. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн, онц ноцтой, хоморголон устгах гэмт хэргүүд нэлээд гарсан. Тийм учраас энэ хуулийг яаравчлан батлахгүй бол болохгүй байсан л даа. Энэ хуулиуд гарвал урьдчилан сэргийлэх механизмууд нь ажиллаж эхлэх учраас гэр бүлийн хүчирхийлэл буурна гэж үзэж байгаа юм.

-Түрүүн та энэ хуульд халамжийн асуудлыг тусгасан гэсэн. Төсөв хямралтай байгаа үед мөнгө шаардсан заалтуудаа хэрхэн санхүүжүүлэх бол?

-2017 оны төсөвт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал багтаж ороогүй. Энэ онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нь орж ирж байгаа. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг хураасан орлогын 40 хүртэл хувийг энэ зөвлөлд хуваарилдаг юм билээ. Энэ тодорхой хэмжээгээр санхүүжилтэд нөлөөлнө. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ гэж Нийгмийн халамжийн хуульд бий. Үүнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах байрны үйл ажиллагааны зардлыг оруулсан. Ийм маягаар энэ ондоо ажиллах болов уу. Шинээр нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр байгуулах асуудлыг олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулах асуудал ч яригдаж байгаа.

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГААГ МЭДСЭН ХҮН ЗААВАЛ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ

-Хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг яаж илрүүлж байна вэ. Хүүхдийн утас ажиллаж байгаа, өөр ямар байдлаар хүүхэд хэцүү хүнд нөхцөлд байгааг мэдэрч, анхааралдаа авах вэ?

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байгаа, эсвэл үйлдэгдэж болзошгүй хүчирхийллийн асуудлыг мэдэж анзаарсан хүн бүр мэдээлэх үүрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, иргэн хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн бол заавал мэдээлэх үүрэгтэй. Хажуу айлынхан нь мэдсээр байж дуудлага өгөөгүйгээс болоод дөрвөн настай хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Мэдсээр байж мэдээлэл өгөөгүй хүн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийтгэлийг хуульд оруулсан. Хэрвээ хүүхэд эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийнхаа хүчирхийлэлд өртсөн бол цагдаагийн ажилтан очиж, аюулын эрсдлийн түвшинг үнэлж, тусгай хамгаалалтаар хангах, тусгай зохицуулалт орсон. Өмнөх 2004 оны хуульд хүүхэдтэй холбоотой зохицуулалт байгаагүй. Хамгаалах байртай газар бол цагдаагийн ажилтан хамгаалах байранд хүргэж өгнө. Эсвэл хамгаалах байргүй бол нэг цэгийн үйлчилгээ, эдгээр үйлчилгээ байхгүй хөдөө газар бол ойр дотны хүний хамгаалалтад өгч болно. Гэхдээ архи уудаг хүний хамгаалалтад өгч болохгүй гэх мэтчилэн наад захын зүйлүүдийг нарийвчлан журам гаргаж батлуулах юм.

-Хүүхэд тэвэрчихээд хүйтэнд гуйлга гуйж байгаатай таарч байсан. Бараг ийм бизнес бий болчихсон ч юм шиг. Энэ хүчирхийлэлд орох уу, ийм тохиолдолтой таарвал цагдаад мэдэгдэх ёстой юу?

-Тэр бол хүчирхийлэл. Өвлийн хүйтэнд хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгоод гуйлга гуйлгаад зогсч байгаа нь хүүхдийн эрхэнд халдаж байгаа хэрэг учраас хүүхдийн эсрэг хүчирхийлэл мөн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

-Та Хүчирхийлэлтэй тэмцэх газар олон жил ажилласан хүний хувьд энэ хуулиндаа хэр сэтгэл хангалуун байна вэ, та бүхэн саналаа тусгуулж чадсан уу?

-Ямар ч байсан бид шаардлагатай бүх л зүйлээ оруулах гэж тэмцсэн. Бусад хуультайгаа уялдаад хэрэгжээд эхэлбэл тодорхой хугацааны дараа аяндаа нийгэмд хүч хэрэглэсэн гэмт хэргүүд багасна гэж найдаж байна. Нийгмээ эрүүлжүүлэхэд ач холбогдолтой чухал хууль.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар ял шийтгэлийг нэмсэн үү?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль урьдчилан сэргийлэх хууль. Яаж урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн мэдээлэх вэ, хохирогчид яаж үйлчилгээ үзүүлэх вэ, хэн ямар үүрэг хүлээхийг заасан. Энэ хуулийг дагалдаад Захиргааны хариуцлагын хуульд өөрчлөлт орсон. Энэ хуулинд зөрчил ба гэмт хэргийг заагласан. Зөрчилд зодох, хүсэл зоригийнх нь эсрэг албадах, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдах гэх мэт долоон үйлдэл Захиргааны зөрчил болсон. Хэрэв та энэ үйлдлүүдээ давтан хийгээд байвал эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг хуульчилсан. Захиргааны зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна, гэмт хэрэг үйлдсэн бол эхний удаа, хөнгөрүүлэх нөхцөлтэй бол 1-6 сар хүртэл баривчлах хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, жирэмсэн эмэгтэйг зодох, хүүхдийг байнга зодсон тохиолдолд хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Хэрэг шалгах явцад хохирогчийг заналхийлдэг, өргөдөл гомдлоо буцаагаад авчих гэж дарамталдаг. Үүнийг зогсоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулсан. Хохирогчид тодорхой зайд ойртох, ажлын байран дээр нь очих дарамтлахыг хориглосон. Хэрэв тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл цагдан хорих гэх мэтээр дараагийн арга хэмжээг авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *