Categories
гадаад мэдээ

Бан Ги Мүн Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй болсны учир

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүн албан ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Түүнийг БНСУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байгаа талаар тус улсын хэвлэлүүдээр нэг хэсэг бичсэн. Энэ нь ч ортой байсан бололтой.

Тэгвэл өчигдөр Бан Ги Мүн удахгүй болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг хэвлэлийн бага хурал зарлахад бүгд л сонгуульд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор мэдэгдэнэ хэмээн бодож байв. Гэтэл Бан Ги Мүн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хэлээд “Улс төрийг өөрчилж өөрийн удирдлага дор улс орноо нэгтгэх эрмэлзлээсээ татгалзлаа” гээд зарим улстөрчдөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн тэдэнтэй хамтран ажиллах нь утгагүй гээд өөрийг нь дэмжигчдээс хүлцэл өчсөн байна.

Өглөө нь ийм шийдвэр гаргаад өдөр нь гэнэт хэвлэлийн бага хурал хийлгэж зарлахаар болсноо ч хэлжээ. Уг нь Бан Ги Мүн улс төрийн хүчнүүдийн төлөөлөгчидтэй уулзаж , БНСУ-ын бүс нутгуудаар нэлээд явсан байна.

БНСУ-ын улс төр судлаачдын үзэж буйгаар Бан Ги Мүн гэнэт сонгууль нэр дэвшихээс татгалзсан нь хэд хэдэн учир шалтгаантай аж. Тус улсын нэлээд хэдэн сонинд түүнийг 2005, 2007 онуудад Солонгосын нэгэн бизнесмэнээс 230 мянган ам.долларын хахууль авсан хэмээн бичсэн юм. Үүний дараахан тус улсын Прокуророос Бан Ги Мүний дүү болон үеэлийг нь хахууль авсан хэрэгт буруутгасан. Түүнээс гадна бас нэгэн үеэлийг нь цэргийн алба хаахаас татгалзсан тул эрэн сурвалжлагдаж байгаа гэжээ. Саяхан нэгэн олон нийтийн судалгааны дүнг хэвлэлд нийтэлсэн бөгөөд Бан Ги Мүний өрсөлдөгч Мун Чэ Иний нэр хүнд сүүлийн үед нэлээд хурдацтай өсч байгаа явдал нөлөөлсөн нь гарцаагүй. Түүнийг санал асуулгад оролцогчдын 52 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Ийнхүү НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нь гэнэт ийм шийдвэр гаргаснаар БНСУ-ын консерватив үзэлтэй нам яаралтай шинэ нэр дэвшигч хайхад хүрээд байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой хэрэг сүүлийн үед нэлээд шуугиан тарьж түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөхөд хүргэсэн билээ. Тус улсын Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрээ гаргах юм байна.

Хэрвээ Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргах юм бол ирэх дөрөв эсвэл тавдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлах юм. Эс тэгвээс сонгууль төлөвлөсөн ёсоор ирэх арванхоёрдугаар сард болно.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *