Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тангараг өргөв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр /2017.02.01/ тангаргаа өргөн, үүрэгт ажилдаа орлоо. Түүнийг Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгосон билээ. Рекс Тиллерсон нь газрын тос, байгалийн хийн ExxonMobil корпорацийн тэргүүнээр ажиллаж байсан хүн юм.

Шинэ Төрийн нарийн бичгийн даргын тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар байлцжээ. Рекс Тиллерсоныг Сенатын гишүүдийн 56 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн санал өгсөн байна. Ингээд Сенатын санал хураалтын дараахан тэрбээр тангаргаа өргөжээ.

Рекс Тиллерсонд дипломат албаны туршлага байхгүй нь гол дутагдал гэж хүмүүс үзэж байна. Гэвч түүний бизнесийн арвин туршлага, геополитикийн өргөн мэдлэгийг үнэлж байгаагаа Трамп санал болгохдоо тэмдэглэж байсан юм.

Тиллерсон оросуудтай бизнесийн холбоотой байсан нь АНУ-ОХУ-ны харилцааг шинэ шатанд гаргана гэсэн найдварыг төрүүлж байгаа юм. 1990-ээд онд Тиллерсон Exxon корпорацийн ОХУ-ын Сахалин дахь төслийг удирдаж байсан бөгөөд тухайн үедээ одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоотой байжээ. Мөн 2011 Exxon оросын “Роснефть” компанитай Арктик болон Сибирьт газрын том олборлох гэрээг үзэглэж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *