Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэвбаатар: МЧБХ-ны албан ёсны бүх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоохыг шаардаж байна

“Өдрийн сонин”-ы №018(5585) дугаараас авч нийтлэв

Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг хууль бус гэж үзэн дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл “Түр хороо” байгуулжээ. “Түр хороо”-ны даргаар сонгогдсон Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Та бүхэн “Түр хороо” байгуулжээ. Яагаад байгуулахаар болов?

– Монголын чөлөөт бөхийн зүтгэлтнүүд, дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл болсон 50 гаруй хүн МЧБХ-ны өнөөгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, онц их хурлыг зарлан хуралдуулах “Түр хороо” байгуулахаар санал нэгдсэн юм. МЧБХ нь хамгийн сүүлд 2009 оны гуравдугаар сарын 14-нд албан ёсны их хурлаа хийж байсан. Энэхүү их хуралд 180 төлөөлөгч оролцон Л.Чинбатыг албан ёсны ерөнхийлөгчөөрөө сонгосон. Харин түүний эрх үүрэг 2012 оны Лондонгийн олимпийн дараагаар дуусгавар болсон юм. Үүнээс хойш МЧБХ албан ёсны хурлаа хийгээгүй. Гэтэл дараа нь удирдлагаар суух гэсэн хүмүүс их хурлын материалыг ашиглан хуурамч тогтоол гаргасан юм. Дүрэм журам зөрчин, хуурамчаар тамга тэмдэг дарж, бусдын гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн тэд зөвхөн Их хурлаар хэлэлцэж өөрчлөх ёстой холбооны дүрмэнд өөрчлөлт оруулж, Удирдах зөвлөлийн гишүүдийг бүрдүүлсэн юм. Ийм хууль бус үйлдлүүд үргэлжилсээр өнөөдрийн зөрчил, хурцадмал байдлыг бий болгоод байгаа хэрэг. Энэ нь тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид, үе үеийн зүтгэлтэн дэмжигчдийн эрх ашгийг зөрчиж байна. Бидний зүгээс тэднийг шийдвэр гаргах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэж үзэж байгаа. Тиймээс МЧБХ-ны ерөнхийлөгч, Удирдах Зөвлөлийн гишүүд гэх сумо бөхийн аварга, улсын цолтнууд, УИХ-ын гишүүд, мөн бусад гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Иймд МЧБХ-ны нэрийн өмнөөс гаргасан болон гаргах ямар нэгэн тогтоол, шийдвэр, сонгон шалгаруулалтыг энэ цаг мөчөөс эхлэн хүчин төгөлдөр хэмээн үзэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Эдгээр МЧБХ-ны хууль бус үйл ажиллагааг эсэргүүцсэн бидний гомдол, нэхэмжлэл харьяа дүүргийн шүүх болон цагдаагийн байгууллагуудаар шалгагдаж байгаа. Монголын шүүх, цагдаагийн байгууллагуудыг хэн нэгнээс хараат бусаар, үнэн зөвийг тогтоосон шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Та бүхэн МЧБХ-ны одоогийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ гэсэн. Ямар шаардлагыг хүргүүлж байгаа вэ?

-МЧБХ нь энэ спортыг хөгжүүлэхийн төлөө цогц үйл ажиллагаа явуулдаг, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид, дэмжигчид, бөхийн зүтгэлтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага. Тийм ч учраас хэн нэгэн эрх мэдэлтэн, УИХ-ын гишүүд орж ирэн, дур зоргоороо аашилдаг хувийн компани, тэдний өмч биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Иймд чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, тамирчин, шүүгч бөхийн зүтгэлтэн, дэмжигчид болон БТС-ын удирдах дээд байгууллага, МҮОХ-ны төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр онц их хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гаргаж дараахь шаардлагуудыг МБЧХ-ын одоогийн удирдлага гэх хүмүүст хүргэж байгаа юм. Энэхүү шаардлагатай холбоотойгоор бид Монголын үндэсний олимпийн хороонд таван хүсэлт тавьж байна. Бүхий л спортын холбоодууд энэ байгууллагад харьяалагддаг учир МҮОХ-нд хүсэлт тавьсан гэж ойлгож болно. Энэхүү хүсэлтдээ МЧБХ-ны албан ёсны бүх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн зогсоохыг шаардаж байгаа юм. Иймд тус холбооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-нд энэ ажлыг их хурлаар албан ёсны удирдлага сонгогдтол түр хариуцахыг хүсч байна. Мөн МЧБХ-ны тамга, тэмдгийг хоёрдугаар сарын 2-ны дотор МҮОХ-нд хадгалуулах, мөн холбооны байрыг чөлөөлж өгөхийг хүсч байгаа юм. Түүнчлэн МЧБХ-той холбогдолтой бүхий л баримт бичиг, эд хөрөнгийг МҮОХ-нд хүлээлгэн өгч хадгалуулахыг шаардаж байна. Бид өнөөгийн МЧБХ-ны удирдлага гэх хүмүүст “Түр хороо”-ноос тавьж байгаа шаардлагын хариуг бичгээр албан ёсны дагуу ирүүлэхийг хүсч байгаа юм. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

-Шаардлага биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж байна. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Бид энэ асуудлууд дээр хуулийн зөвлөхтэй ажиллаж байгаа. Тиймээс бид өмгөөлөгчтэйгөө ярилцах болно. Ямартай ч бидний шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд тэмцэж болох ямар л хэлбэр байна, түүнийг хийх болно.

-Саяхан МЧБХ удирдлагаа сонгосон. Та бүхэн энэ хуралд оролцсон уу?

-Энэ бол их хурал биш байсан. Бид хурал хаана, хэзээ хэдэн гишүүнтэй хурал болсныг ч мэдээгүй. Бид нэгдүгээр сарын 6-нд хурал болж, удирдлага сонгосон гэх мэдээллийг авсан юм. Тиймээс багш, дасгалжуулагчид энэ хуралд оролцож чадаагүй. Ийм үйлдэл хийж буй одоогийн удирдлагууд гэх хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, чөлөөт бөхийн спортыг гэр бүлээрээ өмчлөн, өөрсдийн хувийн мухлаг мэт үзэж байна. Дүү нь ахдаа, ах нь дүүдээ албан тушаал бэлэглэн, тамга тэмдгээ солилцож байгаа нь чөлөөт бөх сонирхогч, дэмжигчид, багш дасгалжуулагчид, тамирчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг.

-Та бүхэн МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж нөхцөл байдлаа танилцуулан ярилцаж үзсэн үү?

-Бид уулзаж ярилцъя гэсэн хүсэлт тавьсан. Эвээр ярилцах гэсэн боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн бид саяхан МЧБХ-ны дэд тэргүүн Б.Болдын төрсөн дүү нарийн бичгийн даргаар сонгогдсон гэх Б.Батбаяртай уулзсан. Бид түүнээс өмнөх нарийн бичгийг халсан болон өөрийг нь томилсон тушаал, хурлын протокол зэргийг байгаа эсэхийг асуусан юм. Гэтэл бидэнд дараа үзүүлнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хууль ёсны ном журмаараа юм бол яагаад тушаал, протокол зэрэг нь байдаггүй юм бэ гэж бодогдох юм. Ном журмынхаа дагуу удирдах зөвлөлөө сонгосон тохиолдолд бид хэл үггүй ажил үүргээ гүйцэтгээд л явах болно. Түүнээс бид албан тушаал горилсондоо ийм зүйл хийж байгаа юм биш.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *