Categories
мэдээ цаг-үе

Архигүй өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал эрс буураад архитай өдрүүддээ эргээд өсчээ

“Өдрийн сонин”-ы №018(5585) дугаарт

Өнгөрсөн долоо хоногт таван хүн үл мэдэх шингэнд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогчдын нас барсан газраас архины шил олдсон учраас тэднийг архинд хордсон байж болзошгүй гэж албаныхан үзжээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн гурван өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо эрс буурчээ. Тодруулбал, өмнөх долоо хоногийн өдрүүдтэй харьцуулахад согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар буурсан юм байна.

Өөрөөр хэлбэл, архины хорио гарахаас өмнөх долоо хоногийн лхагва гарагаас баасан гариг хүртэлх хугацаанд ГССҮТ-өөр үйлчлүүлэгчдийн 15 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн байжээ. Харин архины хориотой өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь буюу 534 хүний 50 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан аж. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Харин архины хорио тавигдсан өдрөөс хойш буюу өнгөрсөн бямба гаригаас эхлэн тус эмнэлэгт гэмтэл бэртлийн тоо дахин нэмэгджээ. Тус эмнэлгийн ачаалал хэр байгааг сурвалжлахаар өчигдөр үдийн үед ГССҮТ ороход Яаралтай хүлээн авах тасгаас эхлээд л эмчид үзүүлэх гэсэн гэмтэлтэй иргэд маш олноороо дугаарласан байна лээ.

Гэмтлийн тасгийн эмч Б.Батсүхээс зарим зүйлийг тодруулахад “Манай эмнэлэг үргэлж ачаалал ихтэй байдаг. Гэмтэж бэртэж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтсэн байдаг. Тиймээс ойрын өдрүүдэд архи зарахыг хориглосон байсан учраас ачаалал харьцангуй багассан. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрөөс эхлээд буцаад ачаалал нэмэгдчихлээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн зарим нь согтуугаар, зарим нь халтирч, мөн бусадтай маргалдах, автын осолд орох зэрэг олон шалтгааны улмаас эмнэлэгт ханддаг” гэсэн юм. Тус эмнэлэг засвартай, зарим хэсэгт нь гагнуурчид ажиллаж байсан учраас үйлчлүүлэгчдэд нэлээд хүндрэлтэй байгаа харагдлаа. Тухайлбал, тус эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн Г.Мөнхөөгөөс зарим зүйлийг тодруулахад “Манай ах машинд хөлөө дайруулчихаад, бид хэвтүүлэн эмчлүүлж явна. Гэмтлийн эмнэлэг ер нь ихэнхдээ ийм их ачаалалтай ажилладаг юм билээ.

Гэхдээ ойрын өдрүүдэд засвар хийж байгаа учраас зарим хэсгээрээ тоосго, шавар болсон нөхцөл байдал нь хүндхэн байх шиг байна. Эмч нар өвлийн улиралд гэмтэл бэртэл илүүтэй их гардаг гэж байна лээ. Арга ч үгүй байх өвлийн халтиргаа, гулгаа хүртэл нөлөөлдөг байлгүй. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс осгож, гэмтэж бэртэж ирэх тохиолдол их юм байна” гэж ярилаа.

ГЭМТЭл БЭрТлийН Үед анхны тусламж ҮзҮҮлЭх зӨвлӨГӨӨ

Анхны тусламжийг зөв үзүүлснээр амь нас аварна, осол гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэлээс сэргийлнэ, эдгэрэлтийг түргэсгэж, эмчилгээний зардлыг бууруулна. Цус алдалтын үед шархан дээр цэвэр бинт тавьж гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биет тавина. Боолт хийж мөчийг өргүүлэн сойлт хийнэ.

Хэрвээ цус ихээр алдаж байвал яаралтай цус тогтоох дараахь аргуудыг хэрэглэнэ. Том судасны цэгүүд дээр ясанд тултал дарах хэрэгтэй. Цус алдаж буй хэсэгт бинт тавьж гэмтсэн судаснаас дээхнүүр судсанд даралт үзүүлэх төө хэрийн хатуу биетийг тавьж цусыг тогттол чангалан эрчилж бооно. Даралттай чангалуур боолт хийх гэдэг бөгөөд эмнэлэг хүртэл боолтыг 10-15 мин тутамд суллаж цус алдалтыг хянаж байх ёстой.

Өөрийгөө цусаар дамжин халдварлахаас сэргийлж резинэн бээлий өмс. Хэрэв бээлий байхгүй бол түүнийг орлуулж гялгар уут өмсөж болно. Шархыг цэвэр усаар угааж шаардлагатай тохиолдолд цэвэр спирт хэрэглэж болно. Шархан дээрээ бинт эсвэл даавуун жийргэвч тавина. Боолт хийхдээ том шарх үүссэн бол зургаан цагийн дотор эмчид хандах хэрэгтэй. Шархан дээр элдэв тос, эм түрхэж болохгүй.

Хугаралтын үед ялангуяа олон яс хугарах өвдөлт, цус алдалтаас болж шокийн хүнд байдалд орж болно. Энэ үед үзүүлэх тусламж нь хугарлын орчинд булчин судас, мэдрэл, нэмж гэмтэх, цус алдах, халдвар орох, шокоос сэргийлэхэд чиглэгдэнэ. Шоконд орсон өвчтөний байдлыг харвал царай нь цонхигор, хөхрөнги, хүйтэн хөлс дааварласан, хөл гар нь хүйтэн, судасны цохилт нь олширч лугшиж мэдэгдэх төдий байх бөгөөд амьсгал олширч ухаан санаа нь цочрол сааталд орно. Шок нь сүүж аарцаг, дунд чөмөг, шилбэний хугарлын үед голдуу тохиолдоно. Хувцсыг тайлахдаа биеийн эрүүл хэсгээс эхэлнэ. Боломжгүй бол хайчилж ханзалж авна. Хугарсан ясны үзүүр ил гарсан байвал цааш нь оруулах оролдлого хийх хэрэггүй. Өвдөлтийг багасгах, нэмэлт гэмтэл үүсэхээс сэргийлж ясны хугарлын үед чиг боолтыг хэрэглэдэг. Чиг боолтонд мод, банз, картон цаас, хана, унь, панер, бургас зэрэг боломжийн материалыг ашиглана.

Мориноос оочих үед гавлын яс гэмтэж цус харвах тохиолдол бий. Энэ үед хамар чихнээс цус гарах, ухаан алдах шинж тэмдэг илэрнэ. Өвчтөн ухаантай үед толгой өвдөх, эргэх, чих шуугих, дотор эвгүй оргих бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед өвчтөнг тайван хэвтүүлж шарх үүссэн бол даралттай боолт хийнэ. Толгойд нь хүйтэн буюу мөсөн жин тавина. Өвчтөнг хэвтээ байрлалд дамнуурган дээр тээвэрлэнэ. Бөөлжиж болох тул толгойг хажуу тийш нь харуулна. Нуруу гэмтэж нугасаа дарвал хөл гар, их бие мэдээгүй болж өтгөн шингэн мэдээгүй гардаг. Энэ үед өндийлгөх, хөл дээр нь босгох, толгойг хоёр тийш нь бөхийлгөх ба гэдийлгэх гэж оролдож хэрхэвч болохгүй. Зөөж тээвэрлэхдээ их бие хөл гарыг хатуу банз модонд бэхэлж даруулна.

Бас толгойг духан дээгүүр нь давуулж бооно. Машинд мөргүүлэх, дарагдах, морь малд даруулах зэрэгт аарцаг яс хугардаг. Өндрөөс өгзгөөрөө ойчиход суудал яс хугарч болно. Гэмтсэн хүний хөл тавхай гадагш эсвэл дотогш эргэсэн байдалтай байна. Цавь, ууцаар нь өвдөнө. Хөлийн өсгийг газраас дээш салгаж өргүүлэхэд өргөж чадахгүй. Өсгийгөө чирч атийх гэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хажуугаар нь эргүүлэн суулгаж болохгүй. Зөөвөрлөхдөө ташаа толгой ба хөлийг даруулж өгнө.

Ширээ сандал зэрэг ирмэгтэй хатуу зүйлийг өргөсөн байна. Дамжиж унах, машинд мөргүүлэх, цээжээр шахагдаж дарагдахад хавирга хугарна. Тусламж үзүүлэхдээ өргөн бүс, ор хөнжлийн даавуугаар цээжийг зөөлөн орооно. Ороолт боолт хийх ба лент наахдаа амьсгал гаргаж байгаа үед нь зөөлөн чангалах маягаар хийнэ. Өвчин намдаахын тулд анальгин, амидопирин уулгаж болно.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *