Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийг тогтворжуулах гол хувилбар нь ОУВС-гийн хөтөлбөр гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн. Гэвч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь үр ашигтай ажиллах боломжийг бууруулж, салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байна. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад орны амжилттай туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулахдаа эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгосон байна. Хуулийг баталснаар банкны үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банктай холбоотой хуулийн төсөлд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөртэй холбоотой хэд хэдэн заалт бий. Хэлэлцээр үргэлжилж буй энэ үед хуулийг батлах нь эрсдэлтэй. Тиймээс Олон улсын валютын сантай бүрэн тохиролцсоны дараа хуулийг батлах хэрэгтэй гэж үзэж байна гэлээ. Ажлын хэсгээс, “ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн үеэр нөгөө талаас тавьж байгаа асуудлын гол нь Хөгжлийн банкны тогтвортой үйл ажиллагаа юм. Хуулийн төслийг өргөн барьсны дараа Олон улсын валютын сан руу явуулж, саналаа өгөхийг хүссэн. Эхний ээлжинд техникийн чанартай 18 санал ирүүлсэн. Эдгээр саналыг бүрэн тусгасан. Цаашдаа нарийн судалж, нэмэлт санал ирүүлэх магадлалтай гэсэн хариу ирүүлсэн” хэмээн тайлбарлав.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлага байгаа эсэхийг О.Баасанхүү гишүүн тодруулав. Тэрбээр, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах өөр боломж байхгүй юу” гэлээ. Эдийн засгийг тогтворжуулах гол хувилбар нь ОУВС-гийн хөтөлбөр. Энэ байгууллага макро эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд мэргэшсэн байгууллага юм хэмээн Сангийн яамны Төрийн нөрийн бичгийн дарга Б.Нямаа хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Хөгжлийн банк хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах уу” хэмээн тодруулсан. Ажлын хэсгээс, “Хөгжлийн банк хөрөнгө оруулалт хийхгүй. Зөвхөн томоохон төслүүдэд санхүүжилт олгох ажлыг гүйцэтгэх юм” гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, олонх дэмжсэнээр чуулганаар хэлэлцүүлэх болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *