Categories
мэдээ улс-төр

Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.31/ “Эрдэнэт” үйлдвэр дэх “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн шалгалтын дүнг хэлэлцлээ.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тус байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн мэдээллийг сонсох болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан байсан юм.

Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуульд “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэсэн заалт бий аж.

Гэтэл Шийдлийн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээгүй, хэлэлцүүлээгүй шалтгаанаа тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг” Цаг хугацааны хайчинд орж, УИХ-аар хэлэлцүүлээгүй” гэдэг тайлбар хийсэн . Харин ажлын хэсэг “”Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй нь хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзжээ.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлж авахаар ярилцаж байгаа нь төр хувийн хэвшлийн өмчид халдсан үйлдэл. Энэ асуудлыг хэлэлцэх тохиолдолд 49 хувийг эзэмшигч талынх нь төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Иргэн, хуулийн этгээдийн буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог. УИХ шүүхийн өмнүүр орж асуудалд хандах ёсгүй. Энэ үйлдвэрт шахааны бизнес хөгжсөн гэж ярьдаг. Тиймээс төрийн өмчийн 51 хувийг мөн шалгах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн дагуу төрийн өмчийг төлөөлж УИХ хариуцахаар заасан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Хувийн өмч хэнд ч шилжиж болно. Стратегийн ордыг төрийн эзэмшилд байлгаж, хөрш орнуудаасаа эдийн засгийн хараат бус байдлаа хангах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Эрдэнэт”-ийн төрийн өмчийн 51 хувийг жичдээ ажлын хэсэг гаргаад шалгаж болно. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хууль зөрчиж хийгдсэн 49 хувийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Төрийн өмчийг буцааж авах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай Д.Эрдэнэбилэг гэж хүний нэр холбогдоод байгаа. Энэ хүн Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкинд их хэмжээний хувьцаа эзэмшдэг. Төрийн өмчийг хууль бусаар авсан байх магадлал өндөр байгаа. Тийм учраас төр асуудлыг яаралтай шийдэх ёстой гэсэн юм.

Эцэст нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэн шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын хэлж буйгаа бол тус байнгын хороон дээр шийдвэрийн төсөл боловсруулагдаж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *