Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байсан. Гэсэн ч хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо. Хуулийн төслийг яагаад буцаахаар болов?
-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй 149 санал гарсан. Гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал хэт олон байна гэдэг шүүмжлэл хэлж байсан. Мөн Сонгуулийн тухай хуульд нэгтгэсэн гурван хуулиас нэгийг нь салгаж аваад 189 зүйл заалтыг нь хүчингүй болгож байснаас цогцоор нь шийдэх ёстой гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байсан. Тиймээс сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулж байхаар өөр цаг үед нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн.
Манай нам ямар ч хууль тогтоомж, бодлого шийдвэр боловсруулахдаа иргэдийнхээ нийтлэг эрх ашиг болон олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, хэм хэмжээгээ дагаж мөрддөг. Тэр утгаараа хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон. Парламентад суудалтай улс төрийн намууд уг хууль дээр санал нэгтэйгээр зөвшилцөх ёстой гэдгийг голлон анхаарсан хэрэг л дээ. Тиймээс МАН бүлгийн ээлжит бус хуралдаанаар уг хуулийн талаар хэлэлцээд хууль санаачлагчид нь буцаая гэсэн байр сууринд хүрсэн юм. Бүлгийн шийдвэрээр хуулийн төслийг буцаахаар болсон гэж ойлгож болно.
-Хуулийн төслийг өргөн барьсан цагаас хойш нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Заавал уг хуулийн төслийг өөрчлөх шаардлага байсан юм уу?
-2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент анхдугаар болон ээлжит бус, намрын ээлжит чуулганаараа хуулийн хүрээнд хүлээгдсэн хуулиудаа хэлэлцсэн. Төсвийн тухай хуулийг батлах гээд зав чөлөөгүй байхад энэ хуулийг оруулж хэлэлцэх боломжгүй байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан гишүүд парламентад суудалтай намууд ойлголцчихвол цаг алдалгүй батлах боломжтой гэж үзсэн байх. Одоо бол хугацааныхаа хувьд сонгуулиас өмнөх 150 хоногтоо амжихааргүй болоод байгаа юм. Хууль батлагдсаны дараа сонгуулийн өдрийг товлон зарлах учиртай. Энэ нь бас хугацаатай. Энэ мэтчилэн нөхцөл байдлууд тулгарсан.
-Танай бүлгийн гишүүдийн байр суурь нэгдэж чадахгүйн улмаас буцаагаад байгаа юм биш үү?
-Таатай нөхцөл, цаг хугацаагаа бид мэдрэх хэрэгтэй. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол энэ хууль батлагдсан ч, эс батлагдсан ч эсэргүүцэлтэй тулгарах байсан. Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмэн Төрийн тэргүүнээ сонгох сонгууль. МАН 65 суудал авчихаад хүч түрэн баталлаа гэхээс илүүтэй сонгогчид сонгууль өгсөндөө сэтгэл хангалуун үлдэх учиртай.
Өмнөх парламентын үед олон нам суудалтай байх үед баталсан хуулийг МАН өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөх нь гэсэн мессэж явсан. “Ганц намд зориулж хууль баталж байна” хэмээн шүүмжилж байгаа хүмүүс мөн л өөр нэг хүнд зориулж энэ хуулийг өөрчлөх санал тавиад байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль тэгэхээр өмнөх хуулиараа явах уу?
-Тэгнэ. Өмнөх Сонгуулийн хуулийг хэвээр нь үлдээхээр болж байгаа юм. Манай бүлгийн дүгнэлтэд байгаагаар нийтээр нь зарчмын хувьд тусгайлан дахин боловсруулахаар болсон. Ерөнхийлөгч, УИХ-ын болон аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн хууль гэж хуулиудыг тус тусад нь гаргах, хуулиудын алдааг засч сайжруулах ёстой гэж бүлэг үзсэн.
-Эгүүлэн татсан хуулиар ямар алдааг засах гэж байсан юм бол?
-Санал авах байранд санал өгч байгаа сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлөх, санал өгөх явцад асуудал гарах гэдэг заалт бий.
-Тэгээд…
-Саналд хөндлөнгөөс нөлөөлсөн сонгуулийн санал авах байранд байгаа албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох гэсэн заалт оруулж байсан юм, уг нь. Одоогийн хуулиар “иргэнийг” гэсэн байгаа. Гэтэл тэнд сонгуулийн тойрог, хэсгийн хороодоос томилогдсон албан тушаалтнууд ажилладаг. Энэ мэт хуулийн нэр томьёололд оруулах зүйлс байсан. Нам, хамтарсан намууд, хуулийн этгээд гэж бичих ёстой байтал нам, хамтарсан намууд, этгээд гэсэн заалт хүртэл бий. Гадаадад оршин суугаа сонгогчид гэх ёстой байтал гадаадад байгаа гэх жишээтэй. Хөнгөн хуумгай баталсан хуулийн алдаануудыг засъя гэдэг утгаар ажлын хэсэг ажилласан юм. Гэсэн ч зарим улс төрийн хүчин “Өөрсдөдөө ашигтай хууль хийх гэж байна” гээд мушгин гуйвуулсан. Тэгвэл одоо бид тэдэнд ашиггүйгээр нь үлдээчихье.
-Өнөө 149 саналын дийлэнх нь найруулгын шинжтэй байсан юм биш үү?
-Уг нь тийм. Хэтэрхий их устай хууль байсан болохоор усыг нь шахаж байсан юм. Гэсэн ч манай нам улс төрийн шийдвэр гаргасан. Дээрээс нь хүч түрэх биш ард иргэдийн эв нэгдэл, ойлголцол дээр маргаангүйгээр сонгууль явуулъя гэж МАН зорьсон юм. Улстөрийн нөхцөл байдлыг нь үнэлж дүгнээд намын бүлэг энэ удаа өөрчлөх гэж байгаа нь буруу гэж үзээд хууль санаачлагчид нь буцаалаа.