Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Ц.Оюундарийн бүтээл болох “Дүрвэгсдийн жимээр” хэмээх баримтат кино толилуулав. Уг кинонд хэдэнтээ дурдагдсан, бичлэг яриа нь мөн гарсан Жамбалдорж ламтанд миний бие 2009 онд золгон, бичил ярилцлага авч байсан юм. Тэгэхэд ламтан зуун насыг зооглоод байлаа. Өдгөө монголчууд АНУ-д олон болсон боловч төмөр хөшигний үед яг тусгаар тогтносон Монгол Улсаас ирсэн хүн гэвэл хэдий шууд ирээгүй боловч Дилав хутагт, Жамц гуай хийгээд энэхүү Жамбалдорж лам нар л байлаа. Тиймээс энэ хүний яриа бол АНУ дахь монголчуудын анх үеийн түүх болох юм. Энэ уулзалтаас хойш гурван жилийн дараа ламтан 103 насандаа жанч халсан билээ. Ингээд 2009 онд уулзаж ярилцсан тэрхүү сурвалжлагаа та бүхэнд хүргэж байна.
Зуу гэж сайхан нас шүү. “Зуун насыг насалж, зургаадай таяг тулаарай” гэж ерөөдөг. Зуун насыг насалсан ч.. гэх мэтээр бичих нь огт боломжгүй зүйлийн тухай ярьж байгаа мэт. Нэг зуун жилийг барууны хэлэнд бүр онцгойлон үзэж century, век хэмээн тусгай өөр нэр ч өгсөн байгаа. Тэгвэл тэр ховор зуун насыг ануухан туулаад буй халх монгол өвгөн ламтай АНУ-ын Нью-Жерси мужид золгох хувь өнгөрсөн хулгана жилийн сүүлээр тохиолоо.
Монгол лам нарын суудаг Ницан хийдийг зорихоор бүрдсэн багаа танилцуулбал, Америкийн монголчуудын Соёлын холбооны (MACA) удирдах зөвлөлийн гишүүн Цагаанбаатар, түүний гэргий Вашингтон хот орчмын монголчуудын холбооны гишүүн Алимаа, Монгол Улсын Элчин сайдын яамны консул Алтангэрэл, үүнийг тэрлээч миний бие, бүгд үр хүүхдүүдийн хамт Ди Си хотоос замд мордсон юм. Далайн эрэг дээр очиж түр саатаад Ницан хийдэд очиход биднийг түвд лам нь хүлээн авлаа.
90 НАСТАЙ ЁНДОНЖАМЦ ЛАМ
Хүмүүс 100 настныг л голлон яриад байгаа болохоос Ницан хийдэд бас 90 настай монгол лам байгаа шүү дээ. Нэр нь Ёндонжамц. Ёндонжамц гуай Өмнөд Монгол Жирэмийн аймгийн Сөнөд Вангийн хошууны уугуул, есөн наснаас хийдэд шавилан суусан хүн юм байна. 15 нас хүрэхдээ аль хэдийнэ өдий төдий судрыг цээжээр унших болсон тэрбээр 21 насандаа Түвдэд очин ном үзэж эхэлжээ. Гэвч 40 настайд нь Хятадын түрэмгийлэл эхэлсэн тул Балбад зугтан гарсан байна. Ёндонжамц гуай тэнд Дээрхийн гэгээнтний ах, саяхан жанч халсан Индианагийн их сургуулийн багш асан, монголчуудын Дакцэр ринбүүчи гэдэг Түвдэн Норов гуайтай хамт сурч байжээ. Дараа нь Энэтхэгт суурьшаад, 1968 онд АНУ-д ирсэн байна. Ёндонжамц гуай хүүхдүүдийг маань өхөөрдөн үнсээд сайхан хууч дэлгэлээ. “Энэ өвөл гурван есөөр Монголд их хүйтэрсэн байна. Энэ их сайн юм. Гурван есөөр хүйтэрвэл хавар сайхан болдог юм. Гурван есөөр хүйтрэхгүй байвал харин хаврын хүйтэн гэж айхтар юм бий дээ” хэмээнэ. Бие тэнхээ нь хэр байгааг асууваас “Ямар ч байсан сүмээ гурав тойроод байгаа, харин энэ Жамбал 10 тойрчихдог” гэнэ.
ДАН ӨӨХӨН БУУЗ ИДСЭЭР 100 ХҮРСЭН
Хэрхэн ийм урт наслав, ямар зоог барьдаг вэ хэмээн Жамбалдорж гуайгаас хүн бүр л асуудаг гэнэ. Гэтэл Жамбалдорж гуай хар залуугаасаа ердөө өөхөн бууз идсээр өдийг хүрчээ. Өөхтэй бууз биш шүү, өөхнөөс өөр юу ч үгүй бууз. Түвд ламтайгаа түвдээр ярьсаар гарч ирээд биднийг харуутаа шууд монголоор ярьж эхлэв. “Би ер зуун настай хүн гэж хараагүй, одоо өөрөө зуу хүрэхээр бүр ер юм мэдэхгүй болчих юм байна шүү дээ. Хоёр чих юм сонсохгүй, хоёр нүд юм үзэхгүй…” хэмээсээр яриагаа эхлэв.
Жамбалдорж гуай бол яг Ар Монголоос АНУ-д ирсэн хоёр дахь хүн болох юм. Анхных нь Дилав хутагт. Дилав хутагтыг асран хамгаалахаар Энэтхэгээс уригдан иржээ. Уугуул нутаг нь Богд Түшээ гүнгийн Говь Мэйрэг Вангийн хошуу, одоогийнхоор бол Өмнөговь аймгийн Гурвансайхан сумын нутаг юм.
ХУТАГТ БАГШ МИНЬ ЗАХИСАН
Жамбалдорж гуай бол Дилав хутагтын шадар шавь нь. Багшийнхаа тухай ярихдаа “Хутагт багш минь” хэмээн сүсэлнэ.
Үхэл яахав, тэгээд л ирээд, үхэлгүй дээ. Үхэхэд бас сүмээ бодох юм. Хутагт багш маань “Чи гомбоогоо л сайхан босгоод аваарай, энэ газар нь их сайхан газар байгаа юм шүү” гээд л айлдсан сан… Энд юу ч байгаагүй шүү дээ. Дан мод байсан юм, шээдэг газар ч байхгүй. Би анх ирчихээд нэг айлд байлаа. Бүгд ажилдаа явчихна. Хаана шээхээ мэдэхгүй, гараад модны завсар ороод шээчихдэг байсан юм.
-Ингэхэд та хэдэн онд энд ирсэн юм бэ?
-Тэр оныг ер мартаад байдаг.
-Хэдэн настай байсан юм бэ?
-Жар хүрээгүй ээ, тавь дөнгөж гарч байсан, тавин нэгтэй байсан юм уу. Их залуу байлаа. Жагараас ирээд одоо нэг тавиад жил болж байна уу даа. Тэгээд багшийн нөлөө, халимаг хүмүүс туслаад л ийм гомбоо босгосон доо. Хутагт багшийн л ач. Хурлаан л барьчихвал та нар болно гээд л айлддаг сан.
-Жагарт хаана, хэдэн жил амьдрав?
-Доржээлин, Галинбуу гээд байдаг юм. Тэнд арван хэдэн жил болсон доо.
ГОВЬ ГУРВАН САЙХАНД ОДОО ТАНИХ ХҮН БАЙХГҮЙ
-Та Өмнөговийн хүн гэсэн байх аа? Хамаатан саднаас тань байдаг болов уу?
Балдан засаг, Говь гурван сайханд таних хүн үлдээгүй ээ. Нутгаасаа би арван естэй гарсан хүн. Улааныхан гэж аюул гарсан юм. Гэр орноо хаяад олон хүн зөвхөн амиа л авч гарч байлаа. Анх ч гайгүй шиг байсан юм аа. Улам чангараад л байлаа. Цэргүүд ч ирээд, дуран мурангаараа хараад л. Хувилгаан Очирдарь гэж манай их сайхан багш байсан юм. Тэр энэ тэр хүмүүсийг чинь улааныхан бариад аваад явчихлаа. Сайхан хурал ном хурдаг Хувилгаан Очирдарь багшийг Хүрээнд аваачаад шоронд хорьсон байгаа. Тэгээд л Даа Хүрээнд Ардын намынхан гэж их олон муу хүн иржээ гээд л хүмүүс яриад байдаг. Хүн барьж аваад л явдаг, алга болчихдог. Араас нь асуудаг хүн байхгүй. Алчихдаг бололтой. Тийм болоод ирэхээр чинь амиа л авч гарахаас аргагүй болно. Манай нутаг Өмнөд Монгол руу ойрхон байсан, тэгээд гэр гэрээрээ ар араасаа гараад гараад явсан даа. Өмнөд Монгол чинь тэр цагт их сайхан байлаа шүү дээ. Дархан Бэйл, тэгээд хоёр Сөнөдийнхөн Монголоос гарч ирэв үү, тэндээс тэр тэр тэгж гарч ирээд гээд л бидэнд их сайн.
Шууд явсаар Гүмбумд хүрч өвөлжчихөөд, дараа нь Алшаад ирлээ. Алшаа гэж их айл аа. Овоо малтай ч байлаа. Гэтэл газрын хор гэж нэг айхтар юм байна аа. Хатангир гэж хорыг нь идээд адуу, хонь, ямаа их үхэж байна аа. Тэмээ бол гайгүй. Сайхан айраг уудаг байсан, адуу үхээд, галзуураад байхгүй. Алшаад хэдэн тэмээтэй тэгж нэг өвөлжөөд. Тэгээд Дархан Бэйлийнд ирсэн, тэгтэл нөгөө Алшаагийн тэмээ тэнд баас алдаад, Дархан Бэйлийнд тэсдэггүй. Багш минь “Амьтны лай гэж тийм юм байдаг юм” гэж байнга айлддаг, тэр л болсон доо. Адуутай байхаар адуу нь хордоно, тэмээтэй болохоор тэмээ нь тэсэхгүй. Дөрвөд Дархан Бэйлийнд арваад жил бас суусан.
ЯПОН ГЭЖ ГАЙ, ХЯТАД ГЭЖ ГАЙ
Дандаа жаргалтай байна гэж байдаггүй юм даа. Зовлон гараад л ирдэг юм. Хэдэн жил сайхан байсан, Япон гээд бас нэг гай гараад ирлээ. Зүгээр суулгахгүй. Орон нутагтаа л бай гээд явуулахгүй. Тэгэхдээ тэр Дархан Бэйлийн заасан нутагт сууж байхан нэг ч хятад байхгүй, их сайхан байсан. Тэгж байтал хавар болсон, хятад ирж байна аа. Намар нь манай айл гүү бариад, сайхан адуутай байлаа. Тэгсэн нэг шөнө нөгөө хятадууд бүх адууг маань туугаад аваад явчихсан. Багшийн маань л хэлдэг тэр, дандаа сайн байгаад байдаггүй гэж. Тэгээд Сөнөд гэдэг газар хятад гайгүй ирээгүй байна гээд дахиад л нүүлээ. Тэгж байсан ашгүй японууд алга боллоо. Тэгтэл манай халхаас олон цэрэг ирлээ дээ. Дахиад л улаан болох нь гээд бүгдээрээ дахиад л зугтаалаа. Уг нь Богдын Хүрээнд лам нь ламаараа, хар нь хараараа их л сайхан байсан гэдэг, одоо бол лам хувраг элдэв хүнийг чирээд гулдраад л аваад явдаг, тэндээ алчихдаг болсон байна. Өмнөд Монгол тэгж бас улаан болоод бас л цаашаа зугтаасан даа.
-Та Гүмбумд хэзээ очсон юм бэ?
-Банчин Богдыг тэнд морилоход саатсан юм. Банчин Богд нутагтаа морилох нь гээд л Өмнөд Монголоор чинь нэг юм болов доо. Үзэмчин, тэр юу юу юм, бүгд л Банчин Богдыг залаад л… Одоо тэгээд манай Монгол чинь хурал номоо хураад сайхан болсон гэсэн дээ. Эхнээсээ тэгээд л сайхан явах байсан юм. Хурал ном хурсан хүнийг л учиргүй алаад эхэлсэн юм даа. Энэ яасан хүн бэ? Лам байна. Ална аа л гэдэг. Тэгээд л алаад байна. Тун зовлонтой болсон. Хэнийх нь мэдэхгүй нэг их мал хураагаад, туугаад аваад явна. Одоо гэхдээ сайн сайхан болно оо. (Амандаа маани уншив). Манай Монголд чинь өвөл их гайгүй сайхан байлаа гэнэв дээ. Энд дулаан газар байхаар цасаа мартаж. Цас ороод малынхаа хороог өдөржин малтаад хонохоор өглөө нь дахиад л цас дарчихсан байдагсан.
-Таныг багад нутагт чинь ямар хийд байв?
-Манай хийдийг Байшинтын хийд гэдэг байсан юм. Нэг долоо, найман зуутай. Бас хувилгаан багшийн хийд гэж нэг хурал байлаа. Манай нутагт бол ер нь арван гурван хурал байсан юмаа гэж хүн ярьдаг, би бага байсан болохоор мэддэггүй юм.
-Нутгийг тань хуучин нэрээр чухам юу гэдэг байв?
-Богд Түшээт гүн. Говь хошууны Мэйрэг Ван гэдэг. Сөнөдийн хойт талын нутаг.
100 настай өвгөн ламтан ийнхүү цаг илүү тасралтгүй хуучлав. Олон сайхан үүх түүх хуучлуулаад л баймаар байсан ч бие нь чилээрхэх болов уу хэмээн эмээж, ламтанг амраалаа. Ингээд хажуу гэрийнх нь яг зэрэгцээ орших Ницан хийдээр оров. Олон сонин зураг байна. Ялангуяа Дилав хутагтын сонирхолтой зургууд байхыг даанч залуу түвд лам нь тайлбарлаж чадахгүй юм. Бүр социализмын үеийн хорин төгрөг өргөсөн байх нь нүдэнд дулаахан, бас содон харагдана. Энэ хорин төгрөг монголчууд хэр эртнээс энэ сүмд ирж байсныг харуулах мэт.
Зуутай, ертэй хоёр монгол лам ийнхүү АНУ-д сүм бариад, хурал ном хуран, сүсэгтэн олондоо буян болсоор сууна. Тэднийг залгамжлах монгол лам байхгүй ч манай Элчин сайдын яамнаас ийнхүү анхааран, холбоо тогтоосон нь сайн хэрэг боллоо. Дилав хутагтын гэрээс, хөрөнгөөр монгол лам нарын барьсан энэ сайхан сүм эсгий туургатан олон монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, цугладаг газар болсоор ирсэн, цаашид ч болсоор байх буй заа.
Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ