Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг малчдад зориулсан хандивын тоглолт хийнэ

Монгол поп опера Увертюра хамтлагийн “Монгол минь” хандивын тоглолт энэ нэгдүгээр сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэхүү хандивын тоглолтын талаар өнөөдөр /2017.01.26/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус хамтлагийн хандивын тоглолтоос олсон орлогыг Монголын морин спорт залуу уяачдын холбооны санаачилгаар зохион байгуулж буй “Залуу малчдыг дэмжих аян”-ыг санхүүжүүлэх юм байна. Ингэснээр Монгол улсын 21 аймгаас тус бүр нэг малчин залуу гэр бүлийг сонгож, 50 эм төлөг хандивлах гэнэ.

Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 21 залуу өрхөд мянга гаруй эм төлөг бэлэглэх бөгөөд аймгуудад залуу малчин, уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулах ажээ.

“Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва: Шинэхэн цомгоо бэлэглэнэ

-Манай хамтлагийнхан “Монгол минь” хандивын тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт хоёр дахь бие даасан цомгоо бэлэглэх болно. Бидний анхны цомог 2012 онд гарч байсан бол дөрвөн жилийн дараа шинэхэн цомгоо гаргаж, та бүхэндээ бэлэглэх гэж байна. Шинэхэн цомогт маань “Амьддаа бие биенээ хайрла”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Ээж минь” зэрэг нийт 10 дуу багтсан байгаа. Тоглолтын маань найруулга тэр чигээрээ эргэх дөрвөн улирлыг дүрслэн харуулж, эх орноо магтан дуулсан байх болно. “Монгол минь” тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тоглолтоо үзэж, залуу малчдаа дэмжихийг уриалж байна.

“Залуу малчдыг дэмжих аян”-ыг санаачлагч, Улсын их хурлын гишүүн Д.Гантулга: 21 залуу малчин өрхөд мал хандивлана

-Монголын залуу үе, залуу малчдаа дэмжиж, малч ухаанд сургах тал дээр анхаарах цаг болжээ. Хөдөө орон нутагт малаа өвлөн маллаж буй залуус цөөн болсон байна. Ихэвчлэн хөдөө орон нутагт ахмад буурлууд маань малаа малладаг болсон дүр зурагтай байгаа. Тиймээс залуу малчдыг дэмжих хүрээнд хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу малчин гэр бүлийг сонгож, халуун хошуутай малыг хандивлаж дэмжих гэж байна. Улсын хэмжээнд 21 аймгийн 21 өрхөд мал хандивлах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *