Categories
мэдээ нийгэм

Монгол Улс авлигын индексээр өмнөх жилээсээ 15 байраар ухарч 87-р байрт оржээ

Улс орнуудын авлигын индексийг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас зарлалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нээлттэй нийгэм форум дээр хэвлэлийн хурал хийв. Монгол Улсын хувьд Авлигын индекс нь 2012 онд 36 оноотой, 2013 онд 38, 2014 онд 39, 2015 онд 39 оноотой 72-р байранд орж байсан бол 2016 онд 38 оноотой 87-р байранд эрэмбэлэгджээ. Энэ талаар нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Монголын авлигын индекс ийм доогуур гарсан нь манай улс бүхэлдээ авлигын хямралд орсны баталгаа юм. Ийм авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж, дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож улмаар улсын өрсөлдөх чадвар буурч Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлж байна” гэлээ.

Үүнд нөлөөлж байгаа гол шалтгаануудын нэг нь авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирлууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.

Цаашид АТГ-ыг улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож шинээр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд алдагдсан итгэлийг авчрах нь нэн чухал асуудал болж байгааг онцоллоо.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *