Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаахаар боллоо

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болжээ. МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж тус хуулийн төслийг буцаах шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах шийдвэр гаргалаа. 2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж дууссаны дараа СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн болон зохион байгуулалт талаасаа хүндрэл дагуулж байна. Тиймээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн тайлбар, үндэслэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Үүний дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж өргөн барьж хэлэлцүүлсэн.Хэлэлцүүлгийн шатанд олон нийт, улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь хэлэлцэж байгаад шүүмжлэлтэй хандсан. Ийм учраас манай намын бүлэг хуулийн хэлэлцүүлгийн явцыг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5-ыг үндэслээд гурван үндэслэлээр хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байна. Нэгдүгээрт, өмнөх парламентын үед баталсан Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салгаад хэлэлцэхээр батлах үед өмнөх хүчин төгөлдөр байгаа хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох асуудал процедурын хувд хүндрэлтэй байна. Нийт 189 заалт хүчингүй болгох шаардлага гарсан. Хоёрдугаарт, МАН улс орны нийтлэг эрх ашгийн асуудалд үндэсний зөвшилцллийг эрхэмлэж ажилладаг улс төрийн хүчин. Энэ утгаараа суудлынхаа тоонд дулдуйдахаас илүү парламентын зөвшилцөл, ойлголцлыг хадгалах сонирхолтой байгаа. Ийм учраас иргэд сонгогдчоос ирүүлсэн санал, парламентын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 149 саналыг үндэслэн нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэж тодорхойллоо. Тийм учраас энэ хэлэлцүүлгийг цаашид явуулах боломжгүй байна. Гуравдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлж байна. Сонгуулийн тухай хуульд заасан хугацаа хэтэрсэн. Өөрөөр хэлбэл, сонгууль товлон зарлах хуулийн хугацаа хэтэрсэн. Тийм учраас хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-140 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан гэж байна. Эдгээр санал дотор анхаарал татсан, буцаах үндэслэл болсон ямар заалт орсон юм бэ. Ер нь цаашдаа бүх шатны сонгуулийг тус бүрт нь өөр өөр хуулиар зохион байгуулах уу?

Я.СОДБААТАР:-Зарчмын зөрүүтэй санал дотор ямар нэгэн улс төрийн агуулгатай томоохон өөрчлөлт ороогүй. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хууль нь бүх шатны сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзэж байгаа. МАН төдийгүй СӨХ ингэж дүгнэсэн. Тийм учраас цаашдаа бүх гатны сонгуулийг тус тусад нь бие даасан хуулиар зохино байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ гурван хууль болгож салгахдаа тус бүрт нь хэлэлцэхгүйгээр нэгэн зэрэг өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай. Ингэх юм бол хууль хэлэлцэх процедурт ямар нэгэн алдаа гарахгүй.

-Хууль санаачлагч анх төслөө өргөн барихдаа 180 гаруй заалт хүчингүй болно, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлнө гэдгийг тооцоолоогүй байсан гэсэн үг үү. 20 орчим хоног энэ төслийг хэлэлцэж хугацаа алдлаа шүү дээ?

Н.ЦЭРЭНБАТ:-Ажлын хэсэг энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор бусад хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг нягталсан.Гэхдээ хэдхэн заалт дээр л цаг алдсан. УИХ-ын гишүүд маань өргөн баригдсан төсөл болон хүчин төгөлдөр байгаа хуультайгаа бүрэн гүйцэд танилцахгүйгээр зарим нэг зүйл заалтыг улс төрийн өнгө аясаар тайлбарлаж, түүнийгээ туйлын үнэн гэж итгүүлэхийг оролдож хугацаа их алдсан. Тухайлбал, нэр дэвшигчид тавих шаардлага дээр гадаадад зургаан сараас дээш оршин суугаагүй гэдэг заалтыг албаар оруулж байна гэж мэдэгдэл хийсэн. Энэ бол 1993 онд УИХ-аас Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах нь гэсэн тогтоолл орсон, 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд албан ёсоор орсон заалт.Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд ч ийм заалт бий. Гол нь 149 зарчмын зөрүүтэй санал гарснаас гадна одоо хүчин төгөлдөр байгаа хуулиас 189 санал хүчингүй болгох шаардлага үүссэн учраас татаж авахаар шийдсэн юм. Дээрээс нь МАН зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзэн шийдвэр гаргасан. Мөн Монгол Улс нэгдсэн орсон олон улсын гэрээнийхээ дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үүргээ биелүүлж байгаа юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэзээ зарлах вэ?

Я.СОДБААТАР: -Өнөөдөр энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоол батлагдсаны дараа СЕХ тогтоолын төсөл өргөн барьж сонгуулийн товыг тогтоолгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *