Categories
мэдээ цаг-үе

Н.Даваа: Төр алтны нөөцөө гадныханд алдсанаар Монгол Улс хохирсон

-ЭХОРНОО ХАМГААЛАХ ГЭСЭН БОЛОВЧ ДИЙЛЭЭГҮЙ-

Анод банкны үүсгэн байгуулагчдын нэг Н.Даваатай ярилцлаа.


-Цагтаа банк байгуулж байсан та агаарын бохирдлыг бууруулах шилдэг технологи бүтээсэн тухай сүүлийн жилүүдэд ярих болсон. Та ямар мэргэжил боловсрол эзэмшсэн хүн бэ, ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Миний өвөө уран Гомбо Сүхбаатарын талбайн урдах төрийн сахиусны их өргөөг ахалж бариулсан хүн. Эрдэнэ зуу хийд, Хамрын хийдийг бүтээлцсэн миний өвөө тусгаар тогтносон улс байхыг мөрөөдөж төрийн сахиусны өргөөг бариулсан гэдэг. Аав маань чөлөөлөх дайны үед сөнөөгч онгоцны нисгэгч байсан. Усны техникчээр оросуудтай усны хайгууль хийж Өмнөговь, Дорноговь аймгаар явсан. Ингэж явахдаа асар их алтны нөөцтэй гэдгийг мэдсэн. Тэгээд хожим нь 80 нас хүрээд нас барахынхаа өмнө надад бүгдийг нь зааж өгч байсан юм. Алтны ойлгоцыг би хар багаасаа л авч өссөн. Миний амьдрал дандаа үхэл сэхлийн дээсэн дөрөөн дээр явсан байдаг сонин хувь заяатай.

-Та энэ тухайгаа яриач?

-Би эхээс мэндлээд “үхсэн”. Нэгдүгээр төрөхөд эмч нар ээлж хүлээлцэхдээ салхи цохиулснаас эмнэлгээс гарахдаа хүн болохгүй нь дээ гэж гарсан гэдэг. Тэгээд Түрэгийн хөшөө цайдамд очоод хүн болсон. Ринчин Бямбаев, академич Пэрэнлэй нар судалгааны ажлаа тэнд хийж байсан бөгөөд надад Бямбаев гуай Түрэгийн эзэнт гүрний Могилан хааны нэрийг хайрласан. Хэдийгээр Даваа гэсэн албан ёсны нэршилтэй ч гэрийнхэн маань одоог хүртэл Могилан буюу Монголоо гэж дууддаг. Бага байхаасаа алтны тухай, тусгаар тогтносон улс орны тухай өвөө, ааваасаа сонсч өссөн. Хүүхэд байхдаа адууны толгойн чинээ алт олоод ааваасаа үүгээр Түрэгийн улс шиг хаант улс байгуулж болох уу гэхэд аав “Уул шиг алт Монголын эзэнт гүрнийг байгуулж чадна даа” гэж хэлж байсан юм. Аав маань нас барахаасаа өмнө алтны нөөцийг зааж өгөхдөө “Тэр газрыг монголчууд авбал улс шиг улс байгуулж чадна” гэж зүгээр нэг хэлээгүй. Бидний өвөг дээдсээс бодлогоор улс оронд маань үлдээсэн тэр их алттай газрыг авахын тулд “Анод” банкийг дампууруулсан.

-Тэр алттай газар аль аймагт, хаана байдаг юм. Одоо хаанахын эзэмшилд байгаа вэ?

-Уул шиг алт байсан. Манайх лицензийг эзэмшиж хамгаалалтад авчихсан байсан. Тэр алт руу дэлхийн алтны төлөө явдаг улсууд дайрсан даа. Үүнээс илүүг хэлэх боломжгүй байна.

-Монголчууд өөрсдөө авч үлдэж чадсан уу?

-Гадныхан л авсан байж таарна шүү дээ. Монголчууд маань одоог хүртэл ойлгоогүй. Төр засаг эрх баригчид юу өгч байгаагаа мэдэхгүйгээр гадны гар хөл болж гадныханд өгчихсөн. Намайг эдийн засгаас хүчээр шахаад гаргачихсан. Бидний үеийнхэн өнгөрсөн 26 жилийн турш Монгол Улсын хөгжил, эдийн засгийг унагаж тоглолоо. Үе үеийн Ерөнхий сайдууд, төрийн томчууд цуглаж Монгол Улсын хар хайрцагны бодлогоо эхлээд тодорхойлон гаргах цаг ирсэн. Тэгэхгүй бол Монгол Улс маань дууслаа. Эх орноо авч үлдмээр байна, үр хойчоо эрүүл байлгамаар байна. Бусад улстай харьцуулаад харахад энд тэндхийн хог авчирч шахдаг, гуйлга гуйдаг л улс болсон байна. Уг нь бид энэ дэлхийн хамгийн баян улсын нэг. Алтан дээр суусан гуйлгачин гэх үг мэддэг улсуудын амнаас гарсан. Манай “Анод” банк тухайн үедээ Монгол Улсын алтны 80 хувийг барьж байсан. Алтны хамгийн том компаниуд манай банкны гол харилцагчид байсан.

Би өөрөө эдийн засгийн хөгжилд гол оролцогчдын нэг байсан учраас улс орон маань яагаад ядуу гуйлгачин байгаа шалтгааныг сайн мэдэж байна. Би сүүлийн найман жил ахуйн хэрэглээний энгийн технологийг төр засагт ойлгуулах гээд чадахгүй байна. Мянганы сорилтын сангийн мөнгөөр зуух пийшин худалдан авах үед л та нар битгий аваач ээ гэж хэлдэг байсан. Хэрэв тухайн үед технологийг эхлээд сонгосон бол өдийд утааг дарчих байлаа. Энэ мэтээр асуудлыг шийдвэрлэхгүй аргацаах байдлаар явж ирснээр хямралын эх үндэс тавигдсан.

-2008 онд Анод банкны шуугиан ид дэгдэж байсан. Анод банкийг байгуулсан та бүхнийг ямар үндэслэлээр буруутгаж ялласан билээ?

-Намайг албан тушаалтны зүйл ангиар шийтгэж, гурван жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгэсэн. Гэтэл би албан тушаалтан байгаагүй. Би банкны хувь нийлүүлэгч байсан. Багануурт чанга дэглэмтэй хорих ангид ялаа бүрэн эдлээд гарсан. Би энэ тухайгаа эргээд дурсах дургүй. Надад үнэхээр хэцүү үе тохиосон. Миний ээж маш их зовлон үзэж, намайг шоронд орсныг дуулаад л мацаг барьж өөд болсон.

Үнэхээр харамсалтай явдал болжээ. Таныг шоронд ороход ээжийн чинь дэргэд хэн үлдэж байв?

-Би эхээс наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой. Хамгийн том ахыг маань Дорноговьд төрөөд хэд хоногтой байхад нь хулгайлчихсан. Төрөнгүүтээ хүүхдээ алдана гэдэг маш том зовлон. Дараа нь хайсан ч олоогүй. Нэг ах, нэг эрэгтэй дүүтэй байсан ч хүү нар нь нас барсан учраас 90 нас хүрэх дөхөж байсан ээжийн маань ганц найдвар нь би байсан. Би шоронд орохдоо ээждээ л хамгийн их санаа зовниж, шаналж байсан. Тийм учраас дараа нь ачаа хөнгөрч шийдэмгий болдог юм билээ. Юу л болдогсон тэр миний хувьд хэцүү зовлон биш санагдах болсон. Тухайн үед миний зүрх өвдөөд бие тааруу байсан. Үхвэл үхэг, сэхвэл сэхэг гээд хамгийн хүнд хүчир ажлыг шоронд хийсэн. Халуун зун наранд ачигч хийнэ, талх барина. Хүн ядраад ирэхээр хатсан шир шиг болчихдог юм билээ. Аливаа юм сайн, муу талтай. Хамгийн муу нөхцөлтэй гэгдэж буй ч хөлсөө гаргаж ажил хийснээр харин эрүүлждэг юм билээ. Урьд нь цэргийн байгууллагад 15 жил ажилласан офицер хүний хат бас нөлөөлсөн байх.

Анод банкийг дампууруулах ажлыг ямар хүмүүс хийсэн байдаг юм бэ?

-2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр гэнэт баривчлаад л дараа нь шалгах шалтгаанаа хайсан. Би чинь Иргэний хөдөлгөөний намын дарга болчихсон байсан үе. Алтны төлөөх тэмцэл гол зангилаа нь байсан. Монголчууд бид алтаа өөрсдөө мэднэ гээд, дэлхийн алтыг мэддэг улсууд гадна талаас санаархах зөрчил явагдсан. Улс гүрний хөгжил үеийн үедээ алттай нягт уялдаа холбоотой явж ирсэн. Урд хөрш 1300 тонн алтны нөөцтэй, хойд хөрш 1200 тонн алттай гэж үзвэл бид 5000 тонн алтны төлөө тулалдаж байсан бол яах уу. Ийм алттай бол Монгол Улс өнөөдөр ямар байх уу. Гуйлга гуйх хэрэг байна уу. Тэр алтыг алдсанаар Монгол Улс хохирсон. Монгол Улсын алтны нөөц үүгээр дуусахгүй арвин. Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-аас бид үгээ хэлэхийг гуйсан. Монголчууд маань өөрсдөө ойлгоогүй, бидний үгийг сонсоогүй.

-Хэрэв таныг хорьж шоронд явуулаагүй байсан бол та ямар төлөвлөгөөтэй байв?

-Бид алтаа төрийн мэдэлд авч алтыг стратегийн ордод багтаан, хувийн хэвшлээр хийлгэхгүй байя гэсэн санааг тавьж байсан. Гэтэл хувийн уурхайтай хүмүүсийн дайсан болсон. Хэрвээ тэр үед төрийн эрх мэдэлтэй байсан бол Монгол Улсын эрдэнэсийн санг 5000 тонн алттай болгохын төлөө зүтгэх байсан.

Анод банкны үүсгэн байгуулагчид Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нар одоо юу хийцгээж байна. Та тэдэнтэйгээ холбоотой байна уу?

-Байнга холбоотой байдаг. Тэд маань ойр зуурхан байна даа. Багаасаа онц сурсан, олимпиадын аварга болж байсан дандаа шилдэг явж ирсэн хүмүүс чинь амьдралын хүнд юм үзээд ирэхээр цочирдолд ордог юм байна. Бид гурав чинь нэг ангийн, нэг цэцэрлэгийн багын найзууд. “Анод” банк анхнаасаа технологийн чиглэлийн хувиараа эрхлэх аж ахуйгаас үүдэлтэй. Энхтөр “Эрдэнэт” үйлдвэрт автоматжуулалтын үйлдвэрт арваад жил ажилласан инженер. Гүр-Аранз геофизикч хүн. Социализмын үед Таван толгойн нөөцөд геофизикчээр ажиллаж байсан. Багаасаа л боловсрол, хүмүүжилтэй хүмүүс хулгай хийх үү. Бид эх орноо хамгаалах гэж оролдсон. Харамсалтай нь дийлсэнгүй хүчин мөхөстсөн.

-Та Чингис хааны онгоныг олсон тухай бас ярьдаг. Тэр ямар учиртай юм бэ?

-Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр болоод Ц.Элбэгдоржид тайлангаа өгсөн. Чингис хааны оршуулга хаана байгаа нь маш тодорхой. Чингис хааны оршуулгаар оюуны өмчид зохиогчийн эрхээ баталгаажуулсан.

Технологийн зӨв сонголтутаагшийднэ

-Агаарын бохирдлыг бууруулах технологийн тухай сонирхъё. Хичнээн айл өрхөд халаагуураа тавьсан байна. Үр дүн хэр байна?

-Би инженер хүн учраас ахуйн хэрэглээний халаалтын технологи дээр сүүлийн найман жил ажиллаж байна. Агаарын бохирдол утааг технологиор давж гарна. Халаалтын хувьд манай улсад дэд бүтцийнхээ хувьд ч цахилгаан эрчим хүчээр шийдэх нь хамгийн зөв шийдэл. Цахилгаан эрчим хүч манайд шугамын ачаалал даахгүй, өндөр үнэтэй байгаа ч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хэмнэлттэй технологийг бүтээж болоод байна. Маш бага цахилгаанаар халаах үнэ хямдтай дотооддоо хийсэн халаагуур, бойлуур, тогоо бүтээсэн. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд төр засаг маань технологийн хог хаана байна, тэрийг өндөр үнээр авчирч шахдаг. Дандаа өмнөх зуунд хэрэглэгдээд үе нь өнгөрсөн хогийн хонхор болчихоод байна. Бид олон улсын хэмжээнд өрсөлдөх энэ дэлхийн хамгийн шилдэг технологийг нэвтрүүлье гэж байгаа.

Бид айл өрхүүдэд 1500 халаагуур тавьсан. Гэр, байшингийн халаагуурыг шийдэхэд амархан. Хамгийн их утаа гаргаж байгаагаа эхлээд зогсоох хэрэгтэй. Нүүрсээр галлаж байгаа уурын зуух хамгийн их агаарын бохирдол үүсгэдэг. 1000 айлтай тэнцэх утаа гаргаж байгаа уурын зуухыг юуны өмнө зогсоох хэрэгтэй. Улаанбаатарт 4000-аад жижиг, том нийлсэн уурын зуух бий. Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр бид одоогоор 30 гаруй уурын зуухны утааг зогсоосон. Бид “MGLT” гэх Монголын анхны тогоо бүтээсэн. С.Баяр докторын хэмнэх төхөөрөмжөөр Баянчандманьд гүзээлгэнэ тарьдаг агро паркийн халаалтыг шийдвэрлэсэн нь үнэхээр дэвшилтэт гэдгээ батлан харуулсан. Манай хэмнэгч халаагуур бусад ижил төрлийн халаагуураас эрчим хүчний 60-аас дээш хувийн хэмнэлттэй. Бойлуур тогоо маань мөн 60 хувийн хэмнэлттэй. Гэтэл өнөөдөр ч манай улс өнөө хоцрогдсон технологио авчраад 2.5 сая төгрөгийн үнэтэй хог гэр хороололд шахах тухай яриад яваа нь харамсалтай.

-Танайх хэдэн хүнтэй ямар багаар ажиллаж байна?

-Монгол инженерүүд цугласан Монголын үйлдвэрлэл технологийн шинжлэх ухааны академи байгуулж, тэргүүнээр нь доктор С.Баяр ажилладаг. Олон улсын оюуны өмчийн газраас алтан медаль авсан. АНУ-ын “Тесла”, Элон Маск, “Нассо” групп манайхтай хамтран ажиллах санал ирүүлсэн. Манай бүтээлээс БНСУ-ын цахилгаан галт тэргэнд тавигдсан байгаа. Гадны том группийн жигүүр дор биш монголчууд өөрсдөө босох гээд үзээд л байна. Өөрсдөө босчих юм бол дэлхийн эрчим хүчний зах зээлд өрсөлдөх бололцоотой болно. Монгол инженерүүдийн бүтээсэн технологи амьдрал дээр батлагдсан, олон улсад өрсөлдөхүйц юм. Үнэндээ төр засгийн аль ч шатанд шилдэг технологио танилцуулахад судалж үзье гэж хэлдэг ч хариу өгдөггүй.

-Та бүхэн төр засгаас яг ямар дэмжлэг хүсээд байгаа юм бэ?

-Технологийн нууцлалтай холбоотойгоор айл өрхүүдэд хэсэгчлээд эсвэл жижиглэнгээр борлуулаад байж болохгүй байна. Учир нь манайхан чинь Эрээн гараад хэдэн мянгаар нь үйлдвэрлүүлчихдэг. Бид хаширсан. Тийм учраас кампаничилж бодлогоор хийхгүй бол технологи чинь алдагдана бас хуучирна. Манай технологи нэгэнт шийдэл сайтай болохоор төр засгийн дэмжлэггүй ч урагшаа явна. “Хас” банктай хамтран ажиллах саналаа тавихад дэмжиж байгаа. Гадны улсын группууд хамтрах санал байнга ирүүлдэг. Хувийн хэвшил анхаарч хамтаръя гэж байхад төр засагт бодитоор хийж үзүүлж харуулан улсын комисст нь хүлээлгэж өгөөд байхад ч ганц дарга нь эргээд холбоо барьдаггүй. Биднийг хүсэлт тавих болгонд ёстой сайхан дэвшилтэт юм байна гэцгээдэг. Өнгөрсөн жил 45 мянган айлын агаарын бохирдлыг шийдэх төсөл хэрэгжүүлэх гэрээ зурагдсан ч засаг солигдоод хэрэгжих боломжгүй болсон. Манай улс төсвийн мөнгөөр 217 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулчихлаа. Гэтэл ямар ч үр дүн гарсангүй. Бодит байдал дээр Улаанбаатарын утааг 20 сая ам.долларт бүрэн шийднэ. Би өөрийн толгойгоороо хариуцаад утааг арилгаад өгч чадна. Миний хажууд хяналт шалгалт, цагдаа, хуулийнхныг хяналттайгаар тавиад хийлгэ. Яагаад бардам ам гарч хэлж байгаа гэхээр бидэнд технологи нь байна. Бүх зүйлд технологи ялалт авчирдаг. Би улс төр ярьж, та нартай сандал ширээ булаацалдахгүй ээ. Би зөвхөн ач зээгээ, үр хойчоо эрүүл байлгамаар байна.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Иргэд хамгийн хэмнэлттэй, хямд халаагуурыг эрж хайж байна. Эрэлт байгаа үед танайх халаагуураа олноор нь зарж болохгүй гэж үү?

-Айл өрхүүдэд халаагуурыг олон тоогоор 250000 төгрөгөөр зарж борлуулах боломжтой ч цөөн тоогоор боломжгүй юм. Цахилгааны зардалд нэг айл сардаа 60 мянган төгрөгөөс доош төлнө. Эрчим хүчний төлбөрийг шөнөдөө тэглэх нь уг нь бодлогын алдаа. Тэртэй тэргүй шугам нь ачаалал ихтэй учир трансформаторуудаа шатаагаад л харанхуй болох эрсдэл өндөрсөнө. Ер нь хоёр өөр зууны технологи байхад хуучин руу нь чичрээд дайраад байна гэдэг чинь эрх ашгийн зөрчил бийг харуулна. Явж явж 217 тэрбум төгрөгийг эргээд хариуцлага тооцно. Ашиг олоод хордуулаад утаад яваад л бай. Эцсийн дүндээ хариуцлагыг нэхэх өдөр ирнэ. Тэртэй тэргүй технологи нэвтрээд байхад яагаад заавал технологиос ухарч 10 гаруй жилийн турш ард иргэдээ хордуулаад ирсэн юм бэ гэдгийг асууна. Хамгийн хямд, хамгийн хэмнэлттэй технологийг нэвтрүүлэхэд утааг ханиад дардаг шиг нам дарна. Санхүүжилтээ шийдэх юм бол нэг жилийн дотор утааг бүрэн арилгана.

-Таны амьдралын түүх унаж боссон ч сөхрөхгүй зүтгэдэг үйл явдал, өрнөлтэй юм. Та үр хүүхдүүддээ юу гэж захидаг вэ?

-Аав, өвөө маань “Чи эх орныхоо төлөө амьдрах ёстой шүү” гэдгийг хар багаас минь ойлгуулсан. Миний амьдрал дандаа дардан байдаггүй. Цэргийн алба хааж байхдаа автомашины осолд орж байсан, ганзаганд явж байхдаа дээрэмдүүлээд үхэнгээ алдаж байсан. Үхчих гээд сэхчих гээд үзээд л байдаг. Амьдрал гэдэг хэмнэл савлуур шиг өрнөл ихтэй. Би хүүхдүүдээ мөрөөрөө, өөрийнхөөрөө амьдар гэдэг. Миний араас хашгирвал миний араас л орно. Зөндөө зовлон үзнэ. Би аливаа зүйлийн гарц шийдлийг олж харж судлан санал тавьдаг ч харамсалтай нь ойлгодог төр засаг алга. Эдийн засгийн хөгжлийн хувьд улс оронд алт гэдэг маш чухал зүйл. Тусгаар тогтнол, аюулгүй оршин тогтнох үндэс алт гэдгийг ойлгуулах гээд барсангүй. Чөлөөт зах зээлийн нийгмээ ойлгодог болсон цагт “Анод” банкнаас тугаа бөхийлгөж байгаад хэзээ нэгэн цагт уучлал гуйх өдөр ирнэ. Яагаад гэвэл БНСУ-ын “LG”, “Samsung”, “Hyundai”, Японы “Иточу”, АНУ-ын “Голдман сакс” гэх мэт үндэстэн дамнасан банк корпорациудаас бид их хэмжээний олон зуун сая ам.долларын хөрөнгө татаж эх орныхоо төлөө зүтгэж байсан.

Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *