“Өдрийн сонин”-ы №007 (5574) дугаараас
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой тохиож байна. Таны хувьд 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсны хувьд 25 жилийн өмнөх цаг үеийг эргэн дурсахгүй юу?
-Үндсэн хуулийг төрүүлнэ гэдэг амаргүй ажил. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байх үе чинь 1991-1992 оны зааг. Шинэ нийгмийн тогтолцоонд шилжих шилжилт ид үргэлжилж байв. Иргэдийн амьдралд өөрчлөлт гарах нөхцөл бүрэлдэж байгаа үед Монгол Улсын Үндсэн хууль ямар байвал зүгээр вэ гэдгийг 430 гаруй депутат хэлэлцсэн юм. Тэр үед Үндсэн хуулийг хэлэлцэж байхад “Ямар удаан хуралддаг юм. Наадахаа одоо боль” гэхчилэн нийгмийн зүгээс зарим талдаа тэвчих аргагүй байсан л даа. Бага ярьж ихийг хийнэ гэсэн их бүтээн байгуулалтын үе байлаа. Бид удаан хуралдсан Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэж баталсан. Тэр утгаараа энэ Үндсэн хууль 25 дахь жилдээ хэрэгжээд явж байна. Өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтүүд 20 жилийн давтамжтай явдаг байсан. 20 жил гэдэг нийгмийн хөгжилд маш том хугацаа. Тухайлбал, 1924 оны Үндсэн хууль 1940 онд өөрчлөгдсөн. Энэ хооронд нийгэмд асар их өөрчлөлт гарсан. Хоёрдугаарт, 1940 оны Үндсэн хууль 1960 онд дахин өөрчлөгдсөн юм. Түүнээс хойш 1992 он хүртэл жижиг өөрчлөлт хийсэн явдал бий. Тэгэхээр 1992 онд шинээр батлагдсан Үндсэн хууль маань өнөөдөр 25 жилтэй золгож байгаа нь нийгмийн маш урт хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүс тэр үеийн АИХ-ын депутатаар сонгогдож байсан. Түүнээс биш АИХ-ын депутатууд гэж формальний хүмүүс байсан гэж ярьдаг. Нэг намын хүмүүсийг сонгосон болохоор тэр намынхаа үзэл бодолд хадагдсан хүмүүс шүү дээ гэж сурталчилсан. Тийм биш гэдгийг энэ Үндсэн хуулийг батлах явцад харуулсан. Үнэхээр нэг намын үзэл бодолд хадагдсан байсан бол Үндсэн хуулийн шинэчлэл явахгүй байсан.
-25 жилийн өмнөх Үндсэн хууль тухайн цаг үедээ нийцэж байсан байх. Өнөөдөр харин Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэх юм?
-Одоо бол нэг л хэвийн саарал урсгал яваад байна. Цаашдаа ийм нэг хэвийн зүйл явсаар байх уу. Дээр хэлсэн 20 жилийн үечлэлд Монголын нийгэмд маш том өөрчлөлтүүд гарсан юм. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын нийгэмд тийм өөрчлөлт гарсан уу. 25 жилийн дараа шинэ өөрчлөлтөө хүлээж байгаа зүйл нь юу байгаа юм бэ гэдэг чинь өөрөө тодорхойгүй байгаа юм. 1924-1940 оны хооронд феодалын нийгмийн тогтолцоог өөрчилж социалист нийгмийн тогтолцоонд шилжсэн болохоор Үндсэн хуулийг өөрчилж байсан. 1940-1960 оны хооронд нийтээрээ нэгдэлжих хөдөлгөөн ялж, социализмын бүтээн байгуулалт гэсэн цоо шинэ зүйлийг эхлүүлж байсан. Үндсэн хууль гэдэг чинь ийм зааг үеүдэд өөрчлөгддөг болохоос өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчилдөггүй. Одоо харин ямар шинэчлэлийг хүлээж байгаа юм. Надад лав харагдах юм алга. Өндөр сайхан байшингуудаа бариад, олон машин, зам талбайтай болно гээд яваад байвал яваад л байна. Хэрэв ингэж бодож байгаа бол энэ Үндсэн хууль байхад л хангалттай. Авлига, хээл хахуулиас салах том гарц хайж байгаа юм уу.
-Та юу гэж бодож байна вэ?
-Тийм зүйл харагдахгүй л байна шүү дээ. Би 16 жил шинэ гээд байгаа энэ Үндсэн хууль дээр ажилласан. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг 1998 онд өөрчилсөн. Үүнийг олон нийт хүлээж аваагүй. Одоо болтол зарга болсоор л байна. Үндсэн хуульд дордуулсан гээд байгаа долоон өөрчлөлт хийсэн нь цаг үеийн жижиг зүйл л байсан. Үндсэн хуульд өөрчлөлт хийх бусад хуулиар зохицуулчих асуудал байсан байхгүй юу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллах хүнийг долоон удаа буцаасан тухай асуудал нь томилогдох хүн, томилох хүн хоёрын хоорондын асуудал л байсан юм. Ийм жижиг зүйлийг хараад Үндсэн хуульдаа гар хүрч байлаа. Өмнөх парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдахад би түүнд нь орсон. Л.Цог ахалж байсан юм. Бид ярилцаад Үндсэн хуулийг өөрчлөх юм бол маш сайн ярилцаад, нухацтай хийх ёстой гэсэн. Өөрчлөлт нь 10 гаруй зүйлийн дотор л байна гэж үзсэн. Өөрчлөлт оруулах ажлын хэсгийг дахин байгуулж Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан. Бид нэг хэсэг асуудлыг боловсруулан өргөн барьсан ч тэр үед ажлын хэсэг дээр яригдаагүй зарим зүйлийг оруулчихсан байсан тул ажлын хэсгийн санал зөрсөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэдгийг ард түмнээр хэлэлцүүлээд зөвшөөрч байвал шууд өөрчлөлт оруулах байсан юм. Цаг хугацааны хувьд ч боломжгүй болсон.
Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг саналыг ард түмний зүгээс тэр бүр гаргаад байдаггүй. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг зүйлсийг УИХ, Засгийн газар л гаргачихаад байдаг юм даа. Ялангуяа Засгийн газар их сонирхолтой байдаг гээч. Тэд өөрсдийнх нь эрх багадаад байна гэдэг. Хоёрдугаарт, Засгийн газар чинь тогтворгүйтээд байна. Нэг Засгийн газрын нас хоёр жил хүрэхгүй байна гэдэг. Үүнийг судалж үзэх ёстой. Мөн Ерөнхийлөгчийн эрх хэмжээ хэтэрч байна гээд өөрсдийг нь хэлмэгдүүлж байна гэсэн утгатай зүйлийг Засгийн газар ярьдаг. Нийгмийн амьдралд зайлшгүй хэрэгтэй, Үндсэн хуулийн хүрээнд асуудлаа ярих ёстой гэж үзсэн үед нь өөрчлөлт оруулах ёстой. Төрийн өндөрлөгүүд эрх үүргээ хуваарилж чадахгүйгээс болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу.
-Гэхдээ өнгөрөгч парламентын үед баталсан хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр очоод унадаг байсан. Хууль нь нийгэмдээ таарсан байтал Үндсэн хууль нь таарахгүй байна гэдэг шүүмжлэл байсан даа…
-УИХ-ын хууль Үндсэн хууль дээр очоод унаж байгаа нь буруу биш. Тэгж явуулж байхаар тэнцвэржүүлж байхаар хийсэн юм. Их хурлаас баталсан хууль Цэц дээр очоод унахаар манайхан муу хууль гаргаад байна гэдэг. Хууль тогтоох процессыг зөв голдрилд нь оруулахын тулд зайлшгүй байж байх ёстой механизм. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нийцсэн хууль гаргахыг шаардаж байх ёстой. Ерөнхийлөгч зарим хуулиуд дээр хориг тавих ёстой байтал тэгэхгүй байгаа. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн шийдвэр нь хуулийг зөв гарах тал дээр дөхөм болгож байгаа юм. Байх ёстой процесс байж байгаа нь тэр. Зарим хүмүүс Үндсэн хуулийн Цэцийг өөрчилж шүүх байх ёстой гэдэг. Миний хувьд гадаад орнууд манай Үндсэн хуулийн Цэцийн туршлагыг судлахад гэмгүй гэж боддог.
-Үндсэн хуулийн Цэцийг манаачийн үүргээ тааруу биелүүлж байна гэдэг зүйл ярьдаг шүү дээ. Машин тэрэг авлаа гэдэг асуудал гараад л байсан?
-Цэцийг толгойлж байгаа хүмүүсийн арга барил, ёс зүй, удирдлагын соёл, зарчмыг хэр сайн сахиж чадах вэ гэдгийг харуулж байгаа болохоос Цэцийн буруу гэж байхгүй. Цэцэд ирсэн Засгийн газрын нэг заргыг аятайхан болгож өгөөд машин авахаар болчихжээ гэдэг асуудал нь өөрөө Үндсэн хуулийн асуудал биш, Цэцийн асуудал биш, удирдлагын шударга ёсны асуудал юм. Цэц гэдэг байгууллага байгаа нь буруу биш бөгөөд тэр байгууллагын эрх хэмжээг буруугаар ашиглаж байгаа хүний буруу. Цэцийн удирдах албан тушаалтны буруутай үйлдлийг Үндсэн хуулиас болжээ гэж тайлбарлаж болохгүй. Засгийн газар тогтворгүй байгаа нь Үндсэн хуулийн буруу биш, харин ч эсрэгээрээ өөрсдийнх нь хариуцлага, үйл ажиллагааны алдаатай байдлаас болдог. Тиймээс Засгийн газар Үндсэн хуульд бурууг чихэх шаардлагагүй.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард нийтээсээ асуух ёстой гэдэг байр сууриуд гарч эхэллээ. Та ямар бодолтой байна вэ?
-Ард түмнээсээ асууна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Нэг хэсэг томьёолол гаргачихаад түүнийгээ зөв үү, буруу юу гэдэг зүйлийг асууна гэж байгаа бол хэцүү л дээ. Бүх хүн түүнийг судалж, мэдээгүй байдаг. Зүгээр л дэмжье, дэмжихгүй гэдэг санал өгвөл энэн шиг өрөөсгөл зүйл байхгүй. Үндсэн хуулийг ард түмэнтэйгээ ярилцъя гэдэг чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтэн жилийн аян өрнүүлэх ёстой л доо. Ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ тодорхой болгоод ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа бол ард түмэнтэй ярилцаж байгаа тэр юм. Харин санал асуулгаар шийдье гэж байгаа бол одоогийн Үндсэн хуульд зааснаар Ард нийтийн санал асуулгын тухай хууль бий. Уг хуулиар тодорхой асуудал буюу нийгэмд тулгамдсан шийдэж чадахгүй байгаа асуудлыг яаж шийдэхээ асууя гэж байгаа бол болно. Тэгвэл нэгээс хоёрхон л асуудал байна. Манай намынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ухаантай ажиллаж чадвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад эрх зүйн талаас нь анхаарах байдлаар хийж болно.
-25 жилийн өмнө Үндсэн хууль батлалцаж байхад маш олон саналууд гарч байсан гэдэг. Тухайлбал, та ямар саналууд гаргаж байв. Хэр дэмжлэг хүлээж байсан бол?
-1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байхад би маш олон санал гаргаж тэднээс хамгийн ончтой нь “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэдэг томьёоллыг оруулж байсан юм. Сүүлийн үеийн процессоос харж байхад ард түмнээсээ асууя гэдэг зүйл гарч байна. Тиймээс ард түмний засаглал хэвээрээ байх юм байна гэж бодож сууна. Тэр утгаараа миний хэлж байсан томьёолол ач холбогдолтой байсан байж гэж харагдаж байгаа. Энэ цаашаа үргэлжлэх байх.