Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Ж.Вердийн “Трубадур” дуурь саяхан эгшиглэсэн. Энэхүү дуурийн гол дүр болох Леонораг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг амилуулсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.
-Таны амьдралтай “Трубадур” дуурь салшгүй холбоотой гэж сонслоо. Энэ тухайгаа хуваалцаач?
-“Трубадур” бол Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг. Маш тансаг, бас цоглог. Амьдралд болж буй хүмүүсийн зөрчилдөөн, сэтгэл хөдлөлийг Ж.Верд хөгжмийн хэмнэлээр илэрхийлж чаддаг. Тийм болоод ч тэр үү, түүний бусад бүтээлүүдээс ялгагддаг. Анх сонсож байгаа хүмүүст хөгжим нь ойлгоход эвтэйхэн. Мөн хүнийг соронз мэт татаж чаддаг гэж би боддог юм. Миний амьдралд ч тэр нь батлагдсан гэж хэлж болно. Би Болгарт очоод хоёр жил болж байлаа. Тэр үед нөхөртэйгөө танилцаад удаагүй байсан. Бид хоёрын амьдарч байсан хотод “Трубадур” тавигдахаар болсон юм. Тэр ч бүү хэл миний төрсөн өдрөөр гарах байсан нь их олзуурхууштай байлаа. Ингээд төрсөн өдрөөрөө тэрхүү дуурийг үзсэн. Манай хүн анх удаа дуурь үзсэн нь тэр байсан юм.
Дуурьт нэгэн эмэгтэйд дурласан төрсөн ах, дүү хоёрын сөргөлдөөнийг харуулдаг. Гэхдээ тэр хоёр төрсөн ах, дүү гэдгээ мэддэггүй. Тэр нь дуурийн төгсгөлд тайлагддаг юм. Харин дуурийн нэгдүгээр үзэгдэл дээр ах, дүү хоёр Леонораг булаацалдаж хамтдаа дуулдаг хэсэг байдаг л даа. Тэр хэсгийг сонсоод л манай нөхөр дуурьт бүр дурлачихсан. Дуурь дуусаад л “Чи энэ дуурийг хэзээ дуулах вэ” гээд л шалгаагаад эхэлсэн. Тэр дуурийг үзчихээд гарч явахдаа нөхөртөө мэргэжлээ сайхнаар ойлгуулсандаа баяртай байсны сацуу “Трубадур”-ыг л дуулж байж би энэ хүнд дуурийн дуучин гэж ойлгогдох нь гэсэн даалгавартай гарч байлаа. Тиймдээ ч бүтэн жил “Трубадур”-ын нотыг сугавчилж явсан. Надад юм хэлж өгөх хүсэлтэй, чадвартай хүмүүс рүү аваад л очдог байлаа. Өнөөх л даалгавраа биелүүлэхийн тулд шүү дээ. Түүнийхээ үр дүнд маш олон зөвлөгөө, зааварчилгааг сонссон. Олон хүний заавар, зөвлөгөө бичигдсэн “Трубадур” дуурийн тэр нот одоо хүртэл надад байдаг.
Гэхдээ тухайн үедээ би шууд “Трубадур”-ыг шүүрч авч дуулаагүй. Учир нь энэ дуурь дуулаачаас хоолойны хүч, цараагаас гадна техник маш их шаарддаг. Миний хоолой боловсорч гүйцсэн хойно энэ дуурийг дуулах юм байна. Тиймээс хугацаа шаардлагатай, хэзээ нэгэн өдөр дуурийн дуучин болсон цагтаа дуулна гэсэн бодол тээсээр л явсан даа.
-Та одоогоос хоёр жилийн өмнө “Трубадур” дуурийг дуулж байжээ. Нөхөр тань хэрхэн хүлээж авч байв?
-Тийм шүү. Тэр үед гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон дуурийн гоцлооч Эрдэнэ-Очиртой хамтран дуулж байсан. Энэ удаад хамтрагчид маань бүрэн солигдож гоцлооч, соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван, Б.Батжаргал нартай хамтарч байна. Дуурь түүгээрээ онцлог байдаг л даа. Тоглолт бүрт заавал нэг дүр өөрчлөгддөг. Мөн сонгодог урлаг гүйцэтгэл хийж буй уран бүтээлчээсээ хамаарч тоглолт бүр шинэлэг байдаг юм. Тиймдээ ч Леонорагийн дүрийг хэн яаж амилуулах нь вэ гэдгийг үзэхээр дуурийн урлагийг шимтэн сонсогчид дахин үзэхээсээ уйддаггүй. Намайг “Трубадур”-ыг дуулахад манай нөхөр бусад дуурьт гарч байхаас илүүтэй анхаарал хандуулж, үзэхээр яарч байсан.
-Спортлог охин дуурийн дуучин болсон нь сонирхолтой санагдаж байна. Дуучин болсон тухайгаа яриач?
-Би Төв аймгийн уугуул. Миний ээж, аав урлагийн хүмүүс биш л дээ. Би айлын том охин. Гурван эрэгтэй дүүтэй. Багын л эрэлч, хайгуулч, сониуч хүүхэд байсан. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик, хөгжим, бүжиг, жүжгийн дугуйлан гээд явж үзээгүй дугуйлан үлдээгүй байх. Тэр ч бүү хэл дугуйны секцэнд хүртэл яваад аавдаа шоолуулж байлаа. Бүх л зүйлд өөрийгөө сорьж үзсэнээрээ хүүхэд буруутдаггүй юм билээ. Тэгж л урлагийн хүн болох хүсэлтэйгээ мэдэрсэн дээ. Гэхдээ би санамсаргүйгээр л СУИС-ийн дуулаачийн ангид орсон юм. Учир нь кино, драмын ангид орох сонирхолтой байсан боловч манай Төв аймагт дуулаачийн хуваарь ирж таарлаа. Тэр үед ямартай ч СУИС-д оръё. Дараа нь кино, драмынхаа ангид орж болох байх гэсэн бодолтой байв. Гол зорилго нь л жүжигчин болох байсан хэрэг. Ямартай ч дуулаачийн ангидаа ороод эхний хоёр сар ч боллоо. Харин тэр үед миний мэргэжлийн багш гавьяат жүжигчин Дашиймаа надад маш их урам өгч, хонгилын үзүүрт гэрэл байна шүү гэдгийг ойлгуулсан. Надад “Дуурийн дуучнаас микрофонгүй тэр орчинд оркестр болоод хоорыг давж гоцолж дуулахын тулд хоолойны чадал, техник маш их шаарддаг. Мөн сайхан бие галбир чухал байдаг. Чи өөрөө европ төрхтэй. Энэ бүхэн чамд бүгд байна. Ерөөсөө л чи боловсрох хэрэгтэй. Тэгж л чадвал чи маш сайн дуурийн дуучин болж чадна” гэсэн юм. Түүнээс хойш дуурь их үздэг болсон доо. Дуурь үзээд нэг зүйлийг сайн ойлгож авсан. Дуурийн дуучин дуулахаас гадна дүр бүхнээ амилуулж жүжиглэдэг юм байна гэдгийг ойлгосон. Харин нэгдүгээр курсээ төгсөхдөө л би дуурийн дуучин болохоор шийдчихсэн байсан. Хэзээ ч эргэж буцахааргүй болтлоо дурлачихсан байлаа.
Харин хоёрдугаар курс төгсөхдөө гавьяат жүжигчин Банди гуайн нэрэмжит Мэргэжлийн залуу дуучдын Улсын анхдугаар уралдаанд ороод гуравдугаар байрт орсон. Үнэхээр миний багш эргэлзэж байсан үед минь урам өгч, гэрэл гэгээ хайрлаж чадсан. Болгарын хөгжмийн академид дуурийн дуулаачаар сурах хуваарь ирж, түүнд өрсөлдөж тэнцсэн минь амьдралын сайхан мөчүүдийн нэг байлаа. Мэргэжилдээ эргэлт, буцалтгүй дурлачихсан учраас бүх л сэтгэлээ гарган суралцдаг байв. Тиймдээ ч өдий зэрэгтэй явж, энэ тайзан дээрээ байгаа гэж боддог.
-Та Болгарын дуурийн театрт ажиллаж байсан. Тэр карьераа орхиод Монгол руугаа явах сонголтыг хийхэд хэцүү байв уу?
-Болгарын дуурийн театрт хоёр жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Европын орнуудаар олон улсын дуурийн составд орж гол дүрд нь дуулж явлаа. Миний карьер гэрэл, гэгээтэй байсан л даа. Гэхдээ нөхөртэйгөө танилцаад бараг долоон жил болчихсон байсан учраас үр, хүүхэдтэй болохыг хүссэн юм. Тэгээд л Монгол руугаа явахаар шийдсэн. Харин нөхөр маань сонголтыг зөвхөн надад л үлдээсэн. Монголд очоод сонголтдоо хэзээ ч харамсахгүй гэж бодож л хийсэн юм. Маш хэцүү сонголт байсан. Энэ чигээрээ цааш үргэлжлүүлээд явбал хэр хол явах байсан бол гэсэн бодол мэдээж төрдөг л байв.
Гэхдээ л би хүүхэдгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байлаа. Өнөр өтгөн, элэг бүтэн гэр бүлтэй болохыг маш их хүссэн. Тийм болохоор сонголтдоо хэзээ ч харамсдаггүй. Яахав, би дуурийн дуучин тиймээс хань ижил, үр хүүхэд надад хэрэггүй гэж явж болох л байх. Ер нь ч дэлхийн хэмжээний карьер эмэгтэй хүнээс тийм л зүйлийг шаарддаг. Тиймдээ ч ихэнх эмэгтэй дуурийн дуучид хүүхэдгүй, зарим нь ганцхан хүүхэдтэй. Хоёроос дээш хүүхэдтэй хүн өдрийн од шиг л байдаг. Учир нь театрууд төлөвлөгөөгөө шахаад олон жилээр гаргачихсан байдаг болохоор жирэмслэх, хүүхдээ төрүүлчихээд эргээд формондоо орох гэсэн ойлголт байдаггүй.
-Одоо ам бүл хэдүүлээ вэ?
-Миний хүсэл биелсэн. Гурван хүүхэдтэй. Сүүлийн гурван жилд хоёр хүүхдээ гаргасан. Гэсэн хэдий ч тайзнаасаа удаан хөндийрөөгүй. Ажил, амьдралаа зохицуулаад явж байна даа.
-Та энэ онд тоглолтоо хийнэ гэсэн үү?
-Энэ онд маш их зүйлийг төлөвлөж байна. Хувийн уран бүтээлээ хийхийн тулд маш их цаг, хөлс хүч, өндөр зэрэглэлийн форм шаардлагатай. Дээд зэргийн формтой байж цаг хагас, хоёр цагийн тоглолтод дуулах чадвартай байна. Бие даасан тоглолтод дуу, аринууд ч бай, дуэт ч байсан гэсэн мэргэжлийн дуучны чадал чансааг тэр бүтээлүүд шалгадаг. Ямартай ч намраас бие даасан тоглолтоо хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ ямар сэдвээр хийх болоод онцлог нь юу байх вэ гэдгээ хараахан бодоогүй байгаа. Мөн өмнө нь дуулж байгаагүй хоёр ч дуурийн гол дүрд гарна.
-Дуурийн дуучдын амжилтын буухиа үргэлжилсээр байна. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Манайхан маш авьяаслаг, байгалиасаа заяасан нөөцтэй хүмүүс. Тэр дундаа Монголын дуурийн дуучдын хоолой яг байгаль дээр байж байдаг үнэт чулуу шиг л санагддаг. Яг Монголын минь байгалийн баялаг шиг гэж хэлж болно. Харин түүнийг өнгөлөх нь чухал. Тэгж чадвал маш их нөөц, боломж бий. Мэргэжлийн сургуулиуд болоод театр маань өнөөдрийн дуучдыг сайн өнгөлж байгаа. Тиймээ ч дуурийн дуучид дэлхийн хэмжээнд чадал, чансаагаа илэрхийлж байгаа юм. Ер нь манайхан сүүлийн найман жил Монгол гэх нэрийг дэлхийд тамгалж чадлаа гэж би нүүр бардам хэлэх дуртай. Тэр дундаа эрэгтэй хоолойгоор дэлхийг бишрүүлж чадаж байгаа. Түүний жишээ болж Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Э.Анхбаяр гээд залуус дэлхийд дуулаад эхэллээ шүү дээ. Тэр хэмжээгээрээ Монголын сонгодог урлагийг сурталчилж чадаж байна. Ер нь гадны удирдаач, уран бүтээлчид ирээд манай дуучдын ур чадварыг магтацгаадаг. Манай театрын үндсэн бааз нь маш сайн бэлтгэгдсэн байдаг. Одоо улам хөгжихийн тулд шинэ залуу боловсон хүчинтэй болох шаардлагатай гэж бодож байна.
-Та мөрөөдлөө биелүүлсэн үү?
– Ер нь уран бүтээлч хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. “Дон Жуан” дуурийн Донна Анна, “Травиата” дуурийн Виолеттаг дуулах юмсан гэсэн хүсэл бий. Хэдий том том дүрд дуулж байгаа ч гэсэн би Виолеттаг яаж гоё хөнгөлж, техникүүдийг гаргаж дуулахав гэсэн бодлууд байдаг юм. Тэр техникүүдийг сурснаар би хэрхэн хөгжив гэх мэт. Харин хувь хүнийхээ хувьд мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Маш сайхан ханьтай, үр хүүхдүүдтэй. Тиймээс одоо уран бүтээл дээрээ илүү анхаарах бодолтой байна.
О.Ариунцэцэг