Categories
мэдээ нийгэм

Харбины олон улсын мөсөн сийлбэрийн уралдаанаас манай тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

Монголын зураач, уран сийлбэрчдээс бүрдсэн найман хүнтэй баг Харбины олон улсын мөсөн сийлбэрийн 31 дэх тэмцээнд амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. 2х2 хэмжээтэй шоо дөрвөлжин мөсийг хагалж, гэмтээлгүй бүтээлээ урлаж түүгээрээ өрсөлдөнө гэдэг бахадмаар ур чадвар. Монголын уран бүтээлчид сүүлийн долоон жил тасралтгүй Харбины олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцож буй бөгөөд жил бүр алт, мөнгө, хүрэл медаль хүртэн эх орондоо ирж байна. Түүнчлэн АНУ-ын Аляскад болдог ДАШТ-д сүүлийн таван жил дараалан оролцож хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд буй юм. Тэд Богд хаан уулын Жаргалантын аман дахь “Мөрөөдөл” мөсөн паркийг мөн урлан бүтээжээ.Энэ тэмцээн гурван үндсэн төрөлтэй аж

Арванхоёрдугаар сарын 31-нээс энэ сарын 4-нд болсон багийн тэмцээнд Г.Энх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Уран нугараач” бүтээлээр хүрэл медаль хүртжээ.


Дараа нь нэгдүгээр сарын 5-8-нд болсон нэг ширхэг мөсний төрөлд Э.Ууганцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Нууц” мөсөн сийлбэрээр хүрэл медаль хүртсэн байна.


Үргэлжлүүлэн манай сийлбэрчид хоёр баг болон цасан сийлбэрийн тэмцээнд оролцжээ.

Б.Доржнамжил, Х.Солонго, С.Цэнд-Очир, Х.Алтанхүү нар “Тэнгэрийн хүү” цасан сийлбэрээр мөнгөн медаль хүртсэн байна.


Э.Ууганцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Энх-Эрдэнэ, Б.Энхжаргал нарын “Эрүүл дэлхий” сийлбэр бүтээлчиддээ хүрэл медаль авчирчээ.


Гарын ур, оюуны сэтгэлгээгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа манай мөсөн сийлбэрчид тав хоногийн дараа АНУ-ын Колорадод болох цасан сийлбэрчдийн наадмыг зорих гэж байна. Тэндээсээ Аляска руу явах бөгөөд ДАШТ-д оролцож, медалийн өнгөө хувиргах зорилготой гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *