Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны шатрын багш, дасгалжуулагчдын ангийнхан

Хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг нь яах аргагүй шатар. Шатар тоглох нь хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хөгжилд өндөр ач холбогдолтой гэдгийг сурган хүмүүжүүлэгчид болон эрдэмтэд нотолсон байдаг. Шатар хүний сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг. Манайхан шатрыг нүүдлийн ахуй амьдралтайгаа холбогдуулан уламжлан хөгжүүлж, төр улсаа “Шатар ухаан”-аар урлаж ирсэн баялаг түүхтэй шатарч ард түмэн. Мөн шатрыг оюуны спорт хэмээн олон улсад нэлээд өндрөөр үнэлдэг ч энэ чиглэлийн мэргэжилтэн, багш бэлтгэдэг сургууль өмнө нь манай улсын түүхэнд байсангүй. Харин Монголд анх удаа шатрын багш, дасгалжуулагчийг бэлтгэх нэг жилийн сургалттай анги МУБИС-д 2015 оны гуравдугаар сард нээгдэж байлаа. Тэгвэл энэ ангийнхан анхны шатрын багш, дасгалжуулагчийн дипломоо уржигдар гардан авлаа.

Уг ангийг МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс нар санаачлан нээжээ. Энэхүү ангийн нээлтийн үйл ажиллагааны үеэр МУБИС-ийн захирал, доктор Д. Мөнхжаргал үг хэлэхдээ “Оюуны спортын хатан хаан гэж нэрлэгдэх шатрыг Монголд хөгжүүлж, дэлхийн шатрын аварга төрүүлэх зорилготой ийм анги нээсэн. Шатрын багш дасгалжуулагчийн анги нээснээр жилд хэд хэдэн шатрын багш төгсөнө. Мөн тэднийг ажлын байраар хангахын тулд цаашид бүрэн дунд сургуульд шатрын хичээл оруулахаар төлөвлөөд байна” гэж байлаа.

Шатрын багш, дасгалжуулагчийн анхны ангийг нийт 13 хүн төгслөө. Энэ ангид Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Мягмарсүрэн, гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн, гавьяат багш, ахмад мастер Д.Ламжав, олон улсын хэмжээний мастер Ч.Хүрэлбаатар, спортын мастер, улсын аварга, профессор Г.Чилхаасүрэн, төрийн соёрхолт, спортын мастер профессор Р.Энхбат, спортын мастер Ц.Энхбат, С.Болдбаатар, дэд мастер Д.Дамдин, дэд мастер Л.Үржиндорж, Олон улсын хэмжээний мастер Л.Тогоохүү, МУБИС-ийн эрдэмтэн багш нар болон ОХУ-ын Их мастер А.Фоминых зэрэг шатрын мастерууд урилгаар хичээл ордог байжээ.

Манай улсын хэмжээнд Оросын холбооны улсын их сургуулийн шатрын багш, дасгалжуулагчийн ангид дөрвөн жил суралцаж, төгссөн дөрвөн мэргэжилтэн байдаг юм байна. Тэдний хоёр нь буюу шатрын спортын улсын долоон удаагийн аварга Ж.Лхагва, олон улсын мастер Ц.Лхагвасүрэн нар мөн энэ ангид багшилсан байна.

Уг ангийн нэг жилийн төлбөр 1.650.000 төгрөг аж. Энэхүү ангид суралцсан төгсөгчид бүгдээрээ шатрын спортоор хичээллэдэг, шатар сонирхон тоглодог, шатрын клуб хичээллүүлдэг, багшилдаг 30-аас 50 гаруй насны хүмүүс юм байна. Архангай, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн шатрын багш нар суралцаж, багш дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ. Өчигдөр энэ ангийн дарга Л.Цэнгэнбаяртай уулзаж ярилцлаа. Тэрээр “Төгс нүүдэл” нэртэй шатрын клуб ажиллуулдаг юм байна. Тиймээс хүүхдийн ордонд болж байгаа “Цодгор хүү” хотын аварга шалгаруулах шатрын тэмцээнд шавь нараа оролцуулж байв. Ангийн дарга Л.Цэнгэнбаяр ярихдаа “ Манай ангийнхан бүгдээрээ ардаа ажилтай, сургуулиудад хувиараа шатрын хичээл заадаг, дугуйлан хичээллүүлдэг. Өөрсдөө хувийн шатрын клубтэй хүмүүс байсан болохоор зав багатай. Хичээлдээ суучихаад л тус тусын ажилдаа явцгаачихдаг байсан. Бусад мэргэжлийн оюутнууд шиг чөлөөт цаг гэж бараг байсангүй. Хичээл өглөө 08:30 цагаас өдрийн 12:30 хүртэл ордог байлаа. Өдөр бүр хичээллэнэ. Сургалтын төлбөр МУБИС-ийн кредит цагийн төлбөрөөр тооцогддог. Манай ангийнхан Монголд анх удаа шатрын багш, дасгалжуулагч гэдэг мэргэжил эзэмшиж байгаа төгсөгчид. МУБИС жил бүр шатрын багш, дасгалжуулагчийн анги төгсгөнө гэж зорьж байгаа гэсэн. Гэхдээ энэ жил элсэлт аваагүй. Манай ангийнхан зав чөлөө багатай учраас тэр бүр ангийн шатрын тэмцээн зохиож байсангүй. Харин МУБИС-т болсон шатрын тэмцээнд хоёр удаа би түрүүлсэн. Манай ангийнхан дипломоо гардаж аваад л үдэшлэгт ороод тарцгаасан. Бусад шиг хонхны баяр гэж тэмдэглээгүй ээ. Төгсөлтийн баяраа даруухан хийлээ. Тал нь хөдөө орон нутгаас ирж суралцаж байсан учраас буцаж байна. Мөн “Цодгор хүү” хотын шатрын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа учраас манайхан шавь нараа тэмцээнд оролцуулаад завгүй яваа” гэж байлаа. Л.Цэнгэнбаяр багшийн шавь нар саяхан болсон дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцоод, долоо, ес, 14 дүгээр байрт орсон ажээ.

Монголын анхны шатрын багш дасгалжуулагчдын ангийн, ангийн дарга Л.Цэнгэнбаяраас дараахь зүйлсийг сонирхож тодрууллаа.


-Хүүхдийг хэдэн наснаас нь шатраар хичээлүүлбэл сайн бэ. Тухайлбал, танай клубт хэдэн насны хүүхдүүд явж байна?

-Хүүхдийг дөрвөн наснаас нь голдуу шатраар хичээллүүлж байгаа. Манайд 4-18 насныхан олон бий.

-Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн аль нь шатар тоглохдоо илүү байдаг бэ?

-Анхлан сурч байгаа хүүхдүүдийг харьцуулахад янз бүр. Харин хоёр шилдэг, шалгарсан эрэгтэй, эмэгтэй хүүхдийг тоглуулахад эрэгтэй нь голдуу хождог шүү. Мөн шатраар хичээллэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй хүүхэд байгаа. Шатрын спорт хүүхдийг тэвчээртэй, сэтгэн бодох чадвар сайтай, зөв хүмүүжилтэй болгодог, оюун ухааныг нь хөгжүүлдэг зэрэг маш олон талын ач холбогдолтой.

-Шатар тоглоход авьяас чухал уу. Мөн шатраар хичээллэж байгаа хүүхдүүдээс шантарч тоглох дургүй болох хүүхэд бий юү?

-Хэдэн зуугаараа шатар сонирхон тоглож, хичээллэж байгаа ч шантраад болих, авьяасгүй, сонирхолгүй хүүхдүүд аяндаа цааш амжилт гаргахгүй болох тохиолдол бий. Мөн л бусад спорт шиг авьяастай хүүхдүүд нь шалгарч, өндөр амжилтад хүрнэ шүү дээ. Гэхдээ зарим эцэг эхчүүд мундаг шатарчин болох авьяастай хүүхдийг мэдэхгүй, авьяасыг нь нээхгүй, шатраар хичээллүүлэхгүй байх тохиолдол бас байна. Үүнээс гадна хүүхдээ шатраар хичээлүүлж хөгжүүлж, хүүхдэдээ цаг зав, мөнгө зарж байгаа эцэг, эхчүүд ч олон болж байгаа шүү гэлээ.

Н.Ганчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *