Categories
мэдээ нийгэм

Тархины судсан дотуурх мэс заслыг III эмнэлэгт хийж байна

Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархи, зүрхний судсан дотуурх хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан билээ. Эдгээр аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг мэргэжилтнүүд эх орондоо нутагшуулж чадсан юм. Судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм орчим зүслэг хийн, үүгээр гуяны артерийн судсыг дамжуулан тусгай материалиар хийгдсэн үсний нарийн ширхэгийн дайтай гуурс оруулан, цээжний гол судас, зүрхний гол судсаар дамжин тархи руу салаалсан гол том судас, улмаар тархины гүн хэсгийн жижгэвтэр судаснууд руу дамжиж эмчилгээ хийх цэгтээ хүрдэг. Ийнхүү тухайн хэсэг газарт илэрсэн судасны цүлхэн, артери венийн судасны эмгэг сүлжээрэл болон хавдрыг тэжээгч судаснуудад хүрч, дотор талаас нь мэс ажилбарыг хийдэг байна. Энэхүү мэс заслын зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн өртөг 30-80 сая төгрөг болдог бөгөөд нийт эмчилгээний зардал нь тархины судасны байрлал, эмгэгийн хэмжээ, хүнд хөнгөний зэрэг гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан янз бүр байдаг.

Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад энэ төрлийн мэс заслыг хийлгэхэд эмчийн ур чадварын хөлс багтаад ойролцоогоор 80-200 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Өнөөдөр Монголдоо энэ төрлийн судсан дотуурх мэс заслыг ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн өртөгөөр хийж байна. Энэ нь зөвхөн мэс засалд шаардлагатай өндөр өртөг бүхий нэг удаагийн материал хэрэгслийн үнэ өртөг бөгөөд үүний 70-аад хувийн зардлыг улсаас буюу эрүүл мэндийн даатгалаас даадаг болсон. УГТЭ нь өнгөрсөн хугацаанд тархины судсан дотуурх эмчилгээ зайлшгүй шаардлагатай 64 иргэнийг эмчилж чадсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *