Categories
мэдээ нийгэм

Уулчин Б.Гангаамаа долоон тивийн ноён оргилыг эзэлж дуусчээ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийн эх орондоо ирээд байна. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр 2010 оноос хойш дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзлэх төсөл хэрэгжүүлж, энэ жил ийнхүү зорилгоо биелүүлэн Монголын анхны Seven Summiter хэмээх түүхэн амжилтын эзэн боллоо.

Энэхүү оргилуудад дэлхийн 61 улсын эрэгтэй 345, эмэгтэй 71 уулчин гарсан статистик мэдээ бий. МУГТ Б.Гангаамаа нь 7 оргилыг гүйцээсэн 149 дэх шилдэг уулчин болж буй бөгөөд дэлхийн 20 эмэгтэй уулчдын тоонд орох юм байна. МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нь Антарктид тивд очсон манай улсын 9 дэх иргэн болж буй юм.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 25-ны 12.00 цагийн орчимд уул өөд авиралт хийж эхэлсэн. Тэгээд 19.15 цагт оргил дээр гарсан юм. Уулын орой дээр маш хүйтэн байсан учраас багийн ахлагч маань маш хурдан буухыг зөвлөсөн. Тийм учраас оргил дээр гарсан даруйдаа үүрч гарсан төрийн далбаагаа мандуулахыг л хүссэн дээ. Мөн оргилд гарсан гэдгээ баримтлуулж зураг авхуулахыг чухалчилсан. Ямартай ч Монголын уулчдын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадсан гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.

Уулчин Б.Гангаамаа:

2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/

2016 онд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/ долоо дахь оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *