Түрүүч нь №301(5566) дугаарт
Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байдаг. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 86 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай уулзаж сонин хачныг хөөрөлдлөө.
-Дилов аймгийн төв нь ямаршуухан суурин байв?
-Аймгийн захиргааны байшин нь гадна талаараа хашаатай, хашаанд тулгаж барьсан хоёр намхан байшингийн нэгэнд нь бага сургуулийн сурагчид бид эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгаран суудаг байсан. Цэргийн түр сургуулийн хэдэн байшинд халхын залуучууд зургаан сарын хугацаатай цэргийн алба хаана. Хөл гарын сургуулийг өдөр, шөнөгүй хийж гутал хувцас нь урагдаж нооройсон хүмүүс байсан. Цэрэг хувцас тавьж өгөхгүй тул монгол дээл, гуталтай, урагдсан гутлаа олс дээсээр боочихсон явна. Улаан бурхан, хижиг гэсэн халдварт өвчин гарч цэргийн сургуулиас маш олон хүн үхсэн. Манай бага сургуулиас харин нэг ч хүүхэд өвдөөгүй өнгөрсөн. Сургуулийн тогооч нахиу Гэндэн гэдэг хүн өглөө бүхэн данхтай улаан ус барьж зогсоод хүүхэд бүрийн хоолойг зайлуулдаг байсан. Бодвол маарганцтай ус байсан юм болов уу. Нэг жил хүүхдүүдийн дунд бөөсний өвчин гараад Даариймаа гэдэг хүүхэд өвдөж үхэхээ шахаад бослоо. Сүүлд сонсох нь ээ, бөөсөн тип гэдэг өвчин юм билээ. Бүх бие нь бөөсөнд битүү баригдсан, чих, хамрын нүх, нүдний хөмсгөнд хүртэл бөөс шигдчихсэн байх юм билээ. Жаахан удсан бол бөөс арьс махыг нь цоолж идэх байсан байх.
-Ёстой нэг бузрын өвчин байж дээ?
-Коно багш л Даариймааг усанд оруулж, бүх хувцсыг нь сольсон. Үстэй дээлийг нь гадаа наранд дэлгэж тавиад нэг шар эм цацсан чинь бөөснүүд тал тал тийшээ ус урсах мэт бэлчиж байлаа. Бид дээл тэрлэгээ нөмрөөд халуун ханзан дээр унтана. Ханз гэдэг нь өвлийн цагт доогуур нь гал түлчихдэг шавар ор л гэсэн үг. Бид япон гэдэг нэрийг огт мэдэхгүй. Наран улс, наран багш л гэж ярьдаг байсан. Цагаач халхчууд, наран багш гэсэн хоёр өөр үндэстэн ястан иймэрхүү янзтай нэг дор амьдарна. Цэргийн сургуульд япон болон өмнөд монгол багш нар орно. Урт сэлэм зүүсэн наран багш нар цэргүүдийг их дарлаж зодно. Уур нь хүрвэл сэлмээ шууд сугалж аваад дүрэх цавчих зэргээр харгислана.
-Япончуудын сэлмэнд өртсөн хүн олон байв уу?
-Дугуйцагаан гэдэг тарган цагаан залуугийн мөрийг цавччихсан, өөх нь цухуйж байсныг цэргүүд утаатай шар навтас эсгий шатааж тавиад байсан чинь сайхан эдгэсэн гэж ярилцдаг байсан. Тэр үед ойр зуур хэрэглэдэг эм тан, үзэж хардаг эмч доктор ч байгаагүй цаг байж. Хосоомий гэдэг дарга халхын бүх цэргүүдийг шарх сорвитой болгосон. Наран багш нарт бялдуучлан долигонож хов зөөдөг хүмүүс ч байлаа. Лав л тагнуулч Нанхүү гэдэг хүнээс хүмүүс их болгоомжилж айдаг байсан. Харин нааш нүүх үймээний үеэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон доо. Нууц харилцааны хэрэгсэл моорзын аппарат дээр сургууль хийж байгаад ойлгохгүй мунгинасны улмаас наран багшаар толгойгоо цавчуулж хөглөж байснаа Бөнтгөр гэдэг хүн ярьдаг байсан. Бөнтгөр гуай “Хүн гэдэг бол бөх амьтай, зовлон даадаг амьтан. Хуйхны арьсаа эргүүлж наачихаад хичээлдээ боолттой явсаар эдгээсэн” гэдэг сэн.
-Та тэр Хан хугийн сургуульд хэдэн онд сурч байв?
-Жамьяндорж, Жумдаан бид гурав 1942 онд Хан хугийн бага сургууль төгсөөд Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордны дэргэд байсан Багачуудын дунд сургуульд шилжин сурсан. Багачуудын сургуулийг японоор “Ю Нэн Ка Ко”, хятадаар “Юненша шо” гэнэ. Одоо бодоход энэ сургууль япон дэг журмаар ажилладаг байсан юм билээ. Өглөө хоол идэхдээ “Эрт оройн идээн бол бүгд тэнгэрийн хайрласан хишиг. Идатакимс” гэж залбираад иднэ. Идатакимс гэдэг нь японоор хүртье гэсэн үг. Вангийн ордноос баруун хойш хорь гаруй километрт Баян-Овоо гэж уул байсан. Энэ уулыг жил бүрийн зун тахиж тэнд янз бүрийн хүн их цуглана. Анх удаа тэнд гэдэс нь урагшаа цүдийчихсэн, нүд нь ногоон, хөнхөр, хамар нь өндөр шовгор, үс царай нь шар европ хүн үзэж “Ийм хачин хүн бас байдаг аа” гэж ахин дахин эргэж тойрч байж билээ. Сүүлд дуулахад хувьсгалаас зугтан оргож очсон орос хүн байсан юм билээ. Багачуудын сургуулийн зүүн талаар том зам явах бөгөөд ердийн хөсөг, хааяа нэг чийчаан явж харагдана. Нэг өдөр энэ замаар үхрийн хар тугал шиг юм жигтэйхэн хурдтай давхиад явчихсан. Тэгсэн тэр нь одоогийнхоор мотоцикль байсан сан. Машиныг хятадаар чи-чан гэх бөгөөд чи гэдэг нь уур, чан гэдэг нь тэрэг гэсэн үг л дээ. Тэр мотоцикльтой давхидаг хүн бол Өмнөд Монголын Дэмчигдонров ноёны туслах Ишням гэдэг өмнөд монгол хүн байсан. Энэ хүн Баянхонгор аймгийн Баянговь сумаас Алшаа нутагт дүрвэж очоод байсан Дорждулам гэдэг хүүхэнтэй ханилан сууж байсан тухай доктор С.Бадралын бичсэн “Өврийн хувилгаан багштай дүрвээд, эргэж ирсэн Ламын гэгээний шавь халхчуудын хууч яриа” гэдэг номд тодорхой дурдсан байдаг.
-Тантай хамт суралцаж байсан нөхдийн тань хувь заяа хэрхсэн бол?
-Би Багачуулын сургуульд элсэн зургаан сар болоод хөдөө мал малладаг эцэг маань нас барсан учир мал дээр гарсан. Жамьяндорж Монгол Улсдаа ирээд нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөж, улмаар ЗХУ-д дээд сургуульд суралцан санхүү, эдийн засгийн мэргэжил эзэмшиж Сангийн яаманд БНМАУ-ын ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажиллаж, одоо эрүүл саруул амьдарч байгаа сурагтай. Жумдаан маань 1945 онд Ар Монголын цэрэг очих үед өвчнөөр нас барсан гэдэг.
-Танайхан Монголдоо хэзээ, яаж орж ирэв?
-Цагаач халхчуудын бүх өрхийн тэргүүлэгчид 1945 оны долдугаар сард аймгийн захиргаан дээр цугларан хуралдаж Дилов аймгийг татан буулгаж, Баруун Сөнөд хошуунд харьяалуулах болсон. Ингэж байгуулагдаад зургаа, долоон жил болсон Дилов аймгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо. “Ар Монголын цэрэг хориод хоногийн дараа орж ирнэ. Замаас зайлж нүүцгээ” гэж зар тарсны дагуу айлууд тал тал тийш нүүж, манайх Ундрахын элс гэдэг элсэн манхан дунд буусан. Наймдугаар сарын зургаан долооны үед элсэн манхны оройгоос харахад баруун хойд зүгт битүү улаан тоос манараад байсан нь Монголын цэрэг орж ирж байсан нь тэр юм байж. Үүнээс хойш нэг их удалгүй Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордон дээр Ар Монголын цэрэг Өмнөд Монголын ард түмнийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсний баярыг тэмдэглэн бөх барилдуулж, морь уралдуулан наадам хийсэн. Энд Ар Монголын дарга нар үг хэлж байсантай манай цагаач халхчууд таарч нутаг ус, ах дүү саднаа сураглан бөөн баяр хөөр, уйлаан майлаан болж байсныг би сайн санадаг. Удалгүй халхчууд нутгийн зүг нүүх болж илүү гэр, овор ихтэй зүйлээ хаяж хойт хилийн зүгт бөөгнөрч эхэлсэн. Яг энэ үеэр Өмнөговиос дүрвэж гарсан Очирдара хувилгаан, жасын нярав цоохор Найдан, Жаал Чанрав, Дагданпунцаг нарын хүмүүс гэр бүлийн хамт оргож алга болсон байв. Арван хэдэн морьтой, ногоон хувцастай цэргүүд давхилдан “Очирдара лам хаа байна” гэж хүн амьтнаас асуусан ч олдоогүй юм.
-Тэд хаашаа явсан хэрэг вэ?
-Сүүлд сонсоход цоохор Найдан насбарж, Дагданпунцаг урд нутагт үлдэж, Очирдара лам, Чанрав нар Энэтхэгт цагаачилж очсон байдаг. Очирдара лам жараад оны үед өөд болж,Чанрав гэр бүл, үр хүүхдүүдийн хамт Монголдоо ирж насан өөд болсон. Хүүхдүүд нь одоо Монголдоо байгаа.
-Цаг цөвүүн үед Ар Монголдоо байхдаа гэмт хэрэг хийсэн хүмүүс урагшаа хил давсан л байгаа даа?
-Зарим халхчууд дүрвэн гарахдаа хоршоо дэлгүүр тонон дээрэмдэж, хүн алах зэргээр их л будлиан самуун үүсгэсэн юм гэсэн. Тиймэрхүү муу үйл хийсэн Дэлэгсамба, алаг Намнан гэх хүмүүсийн сураг дуулддаг байсан. Гэхдээ бидний амьдарч байсан Баруун Сөнөд хошуунд тэд амьдарч байгаагүй. “Дэл хөнжлөөр нутагладаг уу, Дэлэгсамбатай холбоотой юу” гэсэн байцаалтын асуулт хүртэл байсан гэдэг. Алаг Намнан гэдэг хүн алуулсан гэх бөгөөд түүний эхнэр Хандсүрэн Жамбалцэрэн гэдэг хүнтэй сууж байгаад Өмнөговьд нутагтаа ирж насан өөд болцгоосон юм билээ.
-Чөлөөлөхөөр очсон орос, монгол цэргүүд дүрвэгсэдтэй яаж харьцдаг байв?
-Дайны хажуугаар дажин гэж их үнэн үг шүү. Нааш нүүх санаатай бүх айлууд нэг газар бөөгнөрөөд буучихсан байсан чинь гэнэт хоёр муу морь уначихсан орос цэрэг ирээд айлуудыг дээрэмдэж, гэгээн цагаан өдөр охид хүүхнүүдийг хүчиндэх гэж бөөн юм болов. Хүмүүс цугларч бөөн үймээн шуугиан болж охидоо арай л хүчиндүүлсэнгүй. Тэгсэн нөгөө хоёр орос хоёр муу морио хаяад хэдэн сайхан морийг аваад явчихаж. Жооног Дэндэв гэдэг залуугийн ч хоёр сайхан морийг аваад явсан байв. Дэндэв нөгөө хоёрыг алсаас бараагий нь хараад дагаад байж. Хоёр орос Тамчийн тал гэдэг газар очоод морьдоо чөдөрлөөд шөнө унтаад өгөхөд нь Дэндэв сэмхэн хэдэн морьдоо суллаж тавиад хөөгөөд ирж. Эзэнгүй талд явган үлдсэн хоёр оросын хувь заяа хааш эргэснийг бүү мэд. Морь унаагаар хэдэн өдөр ч яваад гаталж барамгүй арвин тал шүү дээ.
-Монголдоо нүүж ирэхэд байдал ямаршуухан байв?
-1945 оны наймдугаар сард Баруун Сөнөдөд байсан таван зуу гаруй халх айл нэгэн зэрэг хил давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Тоодогийн нуур гэдэг газар хэсэг саатаж, хүн малын тооллого явагдсан. Дотоод яамныхан хориос дээш насны бүх хүнээс байцаалт авсан. Эндэх хүмүүсээс Өмнөд Монголд цэргийн түр сургуульд байсан хорь гаруй эрсийг баривчилж тэмээн дээр мордуулан, хөлийг нь доогуур нь холбож уяад, нүдийг нь алчуураар боож, гарыг нь ард нь хүлээд тэмээний бурантгийг хүзүүнд нь эвхэж, таван цэрэг сул тууж аймгийн төвд авчирсан байдаг. Нүүдэлчдийн олонхи болсон Балдан засгийнхан буюу өмнөговийнхон Дорноговь аймгийн Иххэт суманд, Түшээ гүнийхэн буюу Дундговийн цөөн айл Хар-Айраг суманд, баянхонгорынхон буюу Ламын гэгээнийхэн Иххэт суманд арваад жил суурьшин суусан юм. Өссөн төрсөн нутагтаа шилжин суухыг удаа дараа хүсч өргөдөл хүсэлт гаргасныг 1955 онд дээд газраас зөвшөөрсөн ёсоор өөр өөрийн нутагтаа очицгоосон доо. Би Иххэт суманд шинэ үсгийн багшаар анхандаа ажиллаж байлаа.
-Түүнээс хойш ямар ажил алба эрхлэв дээ?
-Иххэт сумынхаа анхны хоршоонд тоо бүртгэгч, мөнгөний нярваар ажиллаж, тавиад онд хоршооны даргын алба хашсан. Ажлаа нэр төртэй хийж Худалдааны техникумд суралцаж төгсөөд ЗХУ-ын Москвагийн Мал эмнэлгийн академийн амьтны гаралтай түүхий эдийн бараа судлалын дээд сургуулийг дүүргэлээ. Эх орондоо ирж ажил албаа гүйцэтгэж байгаад Новосибирск хотын Хоршооллын худалдааны дээд сургуулийн дээд курс, Зөвлөлтийн Шинжлэх ухаан техникийн ордны дэргэдэх Ардын их сургуулийг тус тус дүүргэж сумын анхны хоршооны тоо бүртгэгчээс Хөдөө аж ахуйн дээд сургуульд багш, Худалдаа бэлтгэлийн яамны тасаг, хэлтсийн дарга, газрын орлогч дарга зэрэг албыг хашсан байна даа. Монголын ард түмний гавьяат худалдааны ажилтан, Түүхий эдийн бараа судлалын магистр, Олон улсын ангийн үс судлалын нийгэмлэгийн Азийн салбарын гишүүн, ийм л хүн дээ, би.