АВРАГЧ РОБОТ
Италийн Генуе хотын Технологийн хүрээлэнгээс байгалийн гамшиг болон онцгой байдлын үед ажилладаг тусгай роботыг бүтээхээр ажиллаж байна. “Walk-Man” хэмээх нэрлэсэн шинэ робот нь одоогоор туршилтын шатандаа байгаа бөгөөд тун удахгүй хамгийн хүнд нөхцөлд хүмүүсийг аварч тусламж үзүүлэх юм. Эхэндээ хүний удирдлагаар ажиллах боловч ирээдүйд өөрөө өөрийгөө удирддаг болох гэнэ. Ингэхдээ нөхцөл байдал аль хэр эрдсэлтэй байгаа, ямар алхам хийх зэргийг робот өөрөө шийддэг болно. Эрдэмтэд “Walk Man”-ийг улам боловсронгуй болгох бөгөөд ойрын үед уул, хад, овон товонтой газраар явахдаа тэнцвэрээ хадгалж чаддаг болгоход гол анхаарлаа хандуулж байна. Энэ жилийн “Walk-Man”-ийг боловсронгуй болгох ажил үндсэндээ дуусч Италийн онцгой байдлын албанд туршилтаар ажиллах гэнэ. Роботыг хамгийн эхлээд түймэр гарсан газар руу илгээх юм байна. Тухайлбал, байшин шатахад дотор нь хүн байгаа эсэхийг мэдээд олж аврах аж.
ХҮНИЙ ГЕНД ЗАСВАР ХИЙНЭ
Манай дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн дэмжин ажилладаг “Editas Medicine” компани нь энэ жилдээ багтаан хүний генийг засварладаг шинэ технологийг бүтээх гэнэ. CRISPR/Cas9 хэмээн нэрлэсэн уг технологийн ачаар хүнийг удамшлын өвчнөөс салгах юм. Өөрөөр хэлбэл, өвчний эх үүсвэр болсон генийг дөнгөж бүрэлдэж байхад нь олж илрүүлээд засвар хийнэ гэсэн үг. Шинэ технологийг бүтээсэн эрдэмтдийн ярьснаар түүнийг хамгийн эхлээд хорт хавдар, ДОХ буюу ХДХВ өвчинг эмчлэхэд туршихаар төлөвлөжээ. Тодруулбал, хүний ДНХ-ээс өвчилсөн хэсгийг аваад буцааж суулгах гэнэ. Ийнхүү генийг бүрэлдэж амжаагүй байхад нь засвар хийдэг болсноор төгс хүн бий болох үндэс тавигдаж байгааг эрдэмтэд дурдаж байгаа юм.
САРЫГ ЭЗЭМШИХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Энэ жил хятадууд сар руу “Чанэ-5” хэмээх нисгэгчгүй сансрын хөлөг онгоц илгээхээр төлөвлөжээ. Уг хөлөг нь сарны хөрснөөс хоёр килограммыг авчирснаар судалгааны ажилд маш их тус дэм болох юм. Анх 1976 онд Оросын “Луна-24” төхөөрөмж саран дээрээс 170 грамм хөрсний дээж авчирсан бөгөөд энэ ажилд долоон сая ам.доллар зарцуулж байсан гэдэг. Түүний ачаар саран дээр ус байсан болохыг эрдэмтэд тогтоосон билээ.
Хятадын эрдэмтэд ирэх 2018 он гэхэд сарны нөгөө тал дээр төхөөрөмжөө буулгаж судалгаа хийх зорилт тавиад байгаа. Тус улсын сарыг судлах хөтөлбөрийг удирдагчийн ярьснаар изотопийн нөөц болох гели-3-ийг саран дээрээс нэлээд хэмжээгээр илрүүлжээ. Изотопийн нөөцөөр ойрын 10 мянган жилдээ дэлхийг цахилгааны нөөцөөр хангах боломжтой гэнэ.
ХИЙМЭЛ ЦУС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Тун удахгүй Японд хиймэл цус “үйлдвэрлэхэд” бэлэн болох гэнэ. Тус улсын эрдэмтэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хиймэл цусыг суурь эснээс гаргаж авсан тухайгаа мэдэгдсэн билээ. 2008 оноос хойш энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж уйгагүй ажилласны үр дүнд ийм амжилтад хүрсэн юм. Японы “Megakaryon” корпорацийн эрдэмтэд шинэ нээлтийг хийхдээ Токио болон Киотогийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллажээ. Хиймэл цусыг “үйлдвэрлэдэг” болсноор анагаах ухааны салбарын маш том асуудал шийдэгдэх юм. Тодруулбал донорын шаардлагагүй болно. “Megakaryon” корпорацийн хүчин чадлын улмаас одоогоор хиймэл цусыг их хэмжээгээр “үйлдвэрлэх” боломжгүй аж.
РОБОТ-МАШИН
Цахилгаан машин, жолоочгүй машиныг туршиж байгаа талаар сүүлийн үед нэлээд мэдээлж байна. Тэгвэл хүний оролцоогүйгээр явдаг машиныг ойрын хугацаанд бүтээх шаардлагатай болсон гэнэ. Нэг үгээр хэлэхэд, машин жолоодох гэдэг ойлголт байхгүй болох бөгөөд робот машинууд явдаг болно. Энэ нь нөгөө талаас нийгмийн хөгжлийн шаардлага аж. Тиймээс машин үйлдвэрлэдэг компаниуд шинэ үеийн унаа бүтээх ажилд маш их хөрөнгө зарцуулсаар байна. Робот-машин бүтээхийн тулд тусгай лазерын тоноглол суурилуулж ингэснээр машин эргэн тойрны бүх мэдээллээ өөрөө уншдаг болох шаардлагатай. Гэвч лазерын технологи нь маш үнэтэй, тэгээд ч бороо орох зэрэгт ажиллагаагүй болдог сул талтай гэнэ. Зарим машин үйлдвэрлэгчид видео камер зэргийг ашиглан туршилт хийж байна. Жишээ нь “Мерседес” нь энэ чиглэлээр нэлээд идэвхтэй ажилладаг.
Онолын хувьд асуудлыг шийдэх олон арга байгаа боловч бодит байдал өөр аж. Робот-машиныг хэрэглээнд оруулахын тулд одоогийн зам тийм ч тохиромжтой бус байгаа аж. Түүнээс гадна зорчигчийн аюулгүй байдал хоёр робот-машин мөргөлдлөө гэхэд хариуцлагын асуудал үүснэ. Гэхдээ энэ бүх асуудлыг шийдэх аргыг энэ жилдээ багтаан олно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
КВАНТЫН КОМПЬЮТЕР
Google, IBM гээд компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компаниуд нь квантын компьютер бүтээхээр шаргуу ажиллаж байна. Квантын компьютер нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ хэмээн та асуух байх. Хамгийн гол нь ердийнхөөс хэдэн сая дахин хурдан ажилладаг аж. Өнөөдөр бидний хэрэглэж буй компьютер нь үйлдэл болон мэдээллийн сангаараа хэрэглэгчдийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэхүү квантын компьютертой байснаар та интернэтээр дамжуулан гэрийнхээ плитка, хөргөгч, халаалтыг ажиллуулна. Нэг үгээр хэлэхэд гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг ажлаасаа удирдана гэсэн үг. Энэ бүх мэдээлэл, үйлдлийг түргэн шуурхай гүйцэтгэх нэлээд мэдээллийг агуулах шинэ үеийн компьютер хэрэгтэй болж байгаа гэсэн үг. “Google” нь квантын компьютер бүтээх ажилдаа нэлээд ахиц дэвшил гаргачихаад байгаа. “D Wave” хэмээн нэрлэсэн шинэ үеийн компьютер нь бидний хэрэглэж байгаагаас 100 сая дахин хурдан аж. Түүнийг өдөр тутам хэрэглэдэг болох хүртэл боловрсонгуй болгоход энэ ажил маш их ахиц дэвшил авчирна хэмээн найдаж байгаа аж.