Categories
мэдээ нийгэм

Магда бар Улаанбаатарын гудамжаар зугааллаа

Аав, ээжээ дагуулсан бяцхан хүүхдүүд Монголын үндэсний циркийн үүдэнд цуглажээ. Тэд “Одоо бар гарч ирнэ”, “Утсаараа зураг авна” хэмээн шулганана. Хүүхдүүд Монголд анх удаа тоглолтоо толилуулахаар ирсэн дэлхийд ховордсон цагаан бар, цагаан арслангуудыг сонирхохоор цугласан нь энэ аж.

Тун удалгүй хүний хэл ойлгодог, ухаантай бар циркээс гарч ирж, яах ийхийн зуургүй хүмүүс түүнийг хүрээлж авав. Амьтан сургагч хүүхдүүдийг зайнаас харахыг сануулаад, бүгдэд нь харагдах боломжийг хангаж өгч байлаа.

Магда хоёр настай, эм. Тэр өмнө нь ОХУ, Герман, Итали зэрэг оронд зочлон, авьяасаа үзүүлж, хотын иргэдтэй “уулзаж” байжээ.

Арванхоёрдугаар сарын 24-нөөс Монголын үндэсний циркт зочилж буй олон улсын циркийн тоглолтод өндөр утсан дээр алхах, дугуйтай явах, хутга шидэгч, уян хатан хүн, илбэчин болон хөгжилтэй алиалагч зэрэг шилдэг үзүүлбэрүүд багтжээ. Мөн Төмөр бөмбөлгөнд зургаан мотоциклтой залуус зэрэг эргэлдэх үзүүлбэр багтсан бөгөөд аль ч циркэд хийдэггүй энэхүү үзүүлбэрийн эздийг жинхэнэ эр зоригтнууд гэж нэрлэхээс аргагүй.

Цагаан бар, арслангууд долоо хоногт 250 кг үхрийн мах, 10 кг лууван, 250 ширхэг өндөг иддэг гэнэ.

Колумби, Их Британи, Франц, Итали болон Ази, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын дэлхийн өнцөг булан бүрээс цугласан жүжигчид нэгэн баг болж, Монголын үзэгчдэд циркийн гайхамшигт тоглолтыг сонирхуулж байгаа. Та хүсвэл амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ хамт циркт очоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *