УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ямар өөрчлөлт орохоор болов?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байна лээ. Эд хуулийн төслөө 28-ны үдээс хойш өргөн барьсан. Маргааш (өнөөдөр) Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Нэг ёсондоо цаг хугацааны хувьд дэндүү хавчигдмал байгаа юм. Би хуультай нарийн танилцаж амжсангүй. Өнгөц харахад хуучнаасаа улам дорджээ. Өөрчлөлт оруулах өнцгөө Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн хууль нэгдсэн хэлбэрээр байгааг салгая гэж их гоё тайлбарлаж байгаа юм. Яахав ээ, салгаж болно. Хамгийн гол нь олон улсын жишигт сонгууль болохоос нэг жилийн дотор аливаа хуулийг өөрчлөхгүй гэх жишгийг орхигдуулж байна. Зайлшгүй хийх тодорхой өөрчлөлт байна гэж үзэх юм бол зарим нэг жижиг заалтуудыг өөрчилж болох байсан. Жишээлбэл, өмнөх хуулиар 18 хоног сурталчилгаа хийнэ гэсэн байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дэндүү бага байна. Манай улс 21 аймагтай биз дээ. Нэр дэвшиж байгаа хүн нэг аймагт ядаж 2-3 хоног ажиллаж, сурталчилгаа хийх хэрэгтэй. Би энэ саналаа ТББХ-ны даргад хэлсэн. Гэтэл нэгэнт Монгол Улсад танигдсан хүн нэр дэвших учраас заавал олон хоног сурталчилгаа хийх шаардлагагүй гэж байна лээ. Ийм давчуу хугацаатай сурталчилгаа явуулахаар МАН, АН-ынхан онгоц хөлөглөж очоод ард түмэнтэйгээ уулзчихдаг. Өмнөх сонгуулиар яг л ийм дүр зураг харагдаж байсан. Онгоцгүй бусад нь сурталчилгааны хугацаанд хавчигдаад ард иргэдтэйгээ уулзаж чадахгүй байлаа. Ерөнхийлөгч гэдэг бол нийт иргэдээс сонгогддог. Тиймээс бүх аймагт очиж ажиллах хэрэгтэй. Энэ бол нэг талаас сурталчилгаа. Нөгөө талаас хүндлэл. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө бүрэн таниулна. Хэн, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллах вэ гэдэг чухал. Түүнээс биш хөөрхөн хүнийг сонгох гээд байгаа зүйл алга. Олонд танигдсан хүнийг нэр дэвшүүлнэ гэвэл хошин шогийн жүжигчдээс сонгох хэрэгтэй. Том нам дарангуйлсан байдалтай сонгууль зохион байгуулах гэж байгаа нь буруу.
-Үндсэн хуультай харшилдахаар зүйл, заалтууд орж уу?
-Үндсэн хуультай зөрчилдсөн, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохооргүй хэд хэдэн зүйл бий. Үндсэн хуульд 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэж заасан байдаг. Гэтэл шинэчилсэн хуулийн төслийн 6.3-т “45 насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой” гээд заачихаж. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хүн хаана ч амьдарч болно гэсэн байдаг. Түүнээс биш Ерөнхийлөгчийн сонгууль болохоос таван жилийн өмнө хаа нэг гадаад улс оронд амьдарч байсан бол нэр дэвшиж болохгүй гэсэн заалт байдаггүй. Шинэ хуульд ингээд оруулаад ирлээ. Мөн заавал аль нэг намын гишүүн байх ёстой. Монгол Улсын төрийн тэргүүн аливаа нэгэн намыг төлөөлдөггүй. Аль ч намд үйлчлэхгүйгээр нийт ард түмнийг төлөөлж эв нэгдлийг хангагч байх ёстой гэсэн байдаг. Гэтэл заавал өөрийнхөө намын хүнийг дэвшүүлнэ, хэрэв нам бус бол өргөдөл авч байж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гээд заачихаж.
Анх Үндсэн хуульд суудал бүхий нам бусад намдаа боломж олгохын тулд аль ч намын гишүүн байсан хамаагүй нэр дээрээ дэвшүүлж болно гэж зааж өгсөн. Ийм жишиг ч бий. Угтаа Монгол Улсын иргэн, 45 нас хүрсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нь үл хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой. Ард түмэнд сонгох эрхийг нь олгох хэрэгтэй. Нийт ард түмнээс сонгогдох субьектыг улстөржүүлж, намжуулж байна. МАХН-ыг нухчин дарах гэсэн явуургүй арга хэрэглэж байна. Бас нэг зүйл байгаа. Намууд хамтарч болно гээд заачихаж. Парламентад суудалтай энэ гурван нам яаж хамтрах гээд байгаа юм бэ. МАН ганцаараа хүнээ дэвшүүлнэ гэх санаа л агуулаад байх шиг. АН-ынхан Ерөнхийлөгчид хүн дэвшүүлнэ гээд хэлэх юм бол МАН-д төмсөгдүүлчихээд байгаа. МАН давамгайлсан байдалтай, цаг хугацаагаар шахаж байна. Мөн төрийн албан хаагч нэр дэвшиж болохгүй гэсэн. Сонгуулийн жилд нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа халагдсан байх ёстой гэж заасан. Гэтэл энэ хуулийг нэгдүгээр сарын 1-нд батлаагүй байна. Ийм хууль гарна гэдгийг хэн мэдээд ажлаасаа гарах юм. Тэгээд ч хууль буцаан хэрэглэгдэхгүй, батлагдсан өдрөөсөө эхэлж хэрэгждэг. Дүгнээд хэлэхэд МАХН-ыг хавчин гадуурхах зорилготой л хууль болж. МАН-ыг үг дуугүй даган дууриа, үгүй бол зайл гэсэн гадуурхалт явж байна.
-Парламентад суудалтай гурван намаас бусдад нь ямар боломж гарч ирж байгаа вэ?
-Ямар ч боломж байхгүй. Дэмжиж байна гэдгээ л хэлж болно. Өөрөөр ямар ч боломжгүй. 30.4-т “УИХ-д суудалгүй нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж болно” гэсэн байгаа. Хамтраад явж болохгүй. Нэг үгээр хэлбэл, ганцхан МАН-д зориулсан хууль болчихлоо.
-МАХН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцох вэ. Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ?
-Ард түмэн МАХН-д итгэл хүлээлгэсэн. МАХН Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх хүсэл, зорилготой. Гэхдээ энэ мэтчилэн Н.Энхбаярын эсрэг санаатай хуулийн зохицуулалт хийгээд байх юм. Дээрээс нь зохиомол хэргүүдээр ял шийтгэл хүлээлгэж магадгүй байна. Шорон руу илгээх гэж оролдохыг үгүйсгэхгүй. Ийм хүнд нөхцөлд бид бууж өгөхгүй. А хувилбар нь бүтэхгүй бол Б гэж байх ёстой. МАН хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэж оролдож байна. Энэ өргөн барьсан хуульд нь ганцхан үг л дутуу байна. МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж. Бичигдээгүй хуулиар энэ хууль гуравхан намын дунд үйлчилнэ. Гурав дахь намынхаа үгийг сонсохгүй, хавчин гадуурхаж байвал би АН-ынхныг уриална. Та нар битгий сонгуульд оролцооч гэж. МАН ганцаараа өрсөлдөг. Ичихгүй бол ард түмэнд ямар ч сонголт өгөлгүйгээр Ерөнхийлөгчтэй болог. Тэгэхээс өөр гарц үлдэхгүй шинжтэй байна.
-Н.Энхбаяраас гадна таван хүнийг намаасаа нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэсэн. Хэн тав бэ?
-Бид хэнийг нэр дэвшүүлэхээ эрт хэлэхгүй. Шоронд орохоос айж байна. Тэр хүний аюулгүй байдлыг бодож байна. Нэрийг нь хэлсний маргаашаас эхлээд хууль, хяналтынхан тэр хүний эсрэг ажиллаад эхэлнэ. АН-ынхан хэлээд байгаа шүү дээ. Ерөнхийлөгчид гэж дурдах л юм бол балраад байна гэж Ж.Батзандан гишүүн хэлж байна лээ. Барын амнаас гараад арслангийн аманд оров гэж үг бий. Ард түмэн энийг л санах хэрэгтэй.
-Оны өмнө С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн гэм буруутанг ялласан. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би коммунизм тогтоогүй биз дээ гэж хэлээд байгаа. Өргөдлийн байнгын хороонд байхдаа 461 дүгээр ангийн дунд шүүх хурал хийдгийг болиулахаар шийдсэн.
Гэтэл өнөө хэр хэвээрээ байна. Дэлхийн бүх улсаас ганцхан манай улс шоронд шүүх хурлаа хийж байгаа. Яагаад иргэний шүүхэд шүүх хурлаа хийхгүй байна вэ. Болж буй нөхцөл байдал ард түмэнд хардлага төрүүлж байгаа. Миний хувьд ч ялгаагүй. Хэрэг хуучирдаггүй гэдэг.
-Он гарчихлаа. Энэ онд эдийн засаг сайжрах болов уу. Гаднаас мөнгө орж ирэх сураг байна уу?
-Мөнгө байгаа ш дээ. Зүгээр л мөнгийг яаж зохицуулах ухаанаа олохгүй байгаа юм. Тэгээд бондын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийг өөгшүүлээд яваад байдаг. Тэд бол баялаг бүтээгчид гэж орилдог. Тэгвэл та бид юу юм бэ. Баялаг устгагчид юм уу. Та жишээлбэл цалингийн зээлээ төрөөр тэглүүлж үзсэн үү. Төр таны ипотекийн зээлийг хөнгөлж байсан уу. Ажил хөдөлмөрөө хийж байгаа жирийн иргэдийнхээ зээлийг нэг ч удаа хөнгөлж, эсхүл тэглэж үзээгүй байж төрөөс хэдэн зуун тэрбумаар нь идэж байгаа компаниудыг өөгшүүлээд байдаг. Энийг нь хэлэхээр Баасанхүү үндэсний үйлдвэрлэгчдийг гадуурхаж байна гэж орилоод байгаа. МАН-ынхан улсын эдийн засаг дампуурч байна гэж яриад л байна. Өнөөг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж л байгаа биз дээ. Бүр нэмээд цалинтай ээж, насны хишиг гэхчлэн баахан халамжийн мөнгө тараах гэж байна. Хэрэв эдийн засаг өөрсдийнх нь яриад байгаа шиг тэгтлээ аймар байгаа юм бол яах гэж ийм олон популист хууль батлаад халамж тараагаад байгаа юм. Ард түмэн юу ч гуйгаагүй байна. Ээжүүдэд цалин өгөхгүй бол Засгийн газар огцор гээгүй байна. Өгч байгаа юм чинь авъя даа л гэж байгаа. Ахмадууд ч ялгаагүй. Улсад мөнгө байгаа. Хамгийн гол нь зөв зохицуулалт, бодлого хэрэгтэй.