Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2016 оны 192 дугаар тогтоолыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын төлөөлөл болох Ж.Болдбаатар танилцуулсан юм. Үүний дараа Монголын допингийн эсрэг үндэсний төвийн дүгнэлтийг сонслоо. Дээрх хоёр танилцуулгыг сонссон хорооны гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгсөн юм. Тэрбээр “Допинг бол шударга ёсонд үл нийцнэ. Нөгөө талаас өрсөлдөгч тамирчны бүтэн жилийн хөдөлмөр хичээл зүтгэл хохирно. Дэлхийн допингийн байгууллага бол допинг хэрэглэсэн тамирчинг багаар нь хасч байгаа. Тиймээс цаашид допинг хэрэглэсэн гэдэг нь албан ёсоор тогтоогдсон бол хууль дүрмийн дагуу арга хэмжээ авах нь Монголын спортод оруулж байгаа хувь нэмэр гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй. Ингээд Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороог хурдан шуурхай ажиллуулаарай” гэв. Шадар сайд У.Хүрэлсүх дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хороодын дарга нарыг томилсон. Иймд Үндэний их баяр наадмын салбар хороонд орж ажиллах саналаа нэгдүгээр сарын 20-ны дотор багтааж өгөх. Соёл урлагийн салбарыг зуны цагт амраах нь зохимжгүй байна. Зуны цагт ирсэн жуулчид цүнхээ үүрч явсаар байгаад, үзэж харах юмгүй буцдаг. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь энэ асуудалд анхаарч ажиллахыг хүссэн юм. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралдаан нэгдүгээр сарын 20-ны дотор болно. Цагаан сараар уяачдын шагналыг Ерөнхийлөгч олгоно. Тиймээс Цагаан сараас өмнө буюу хоёрдугаар сарын 06-ны дотор шагнал авах болзол хангасан уяачдын материалыг ирүүлэх даалгаврыг Хурдан морины салбар хорооны дарга Хурандаа П.Батбилэгт үүрэг болгов. Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс ирүүлсэн саналыг үндэслэн нэр бүхий бөхчүүдийн асуудлыг Үндэсний бөхийн салбар хорооны хурлаар хэлэлцүүлээд хурлаас гарсан саналаа хоёрдугаар сарын 06-ны дотор Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд ирүүлэх үүргийг Бөхийн салбар хорооны дарга Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бич­гийн дарга Г.Баясгаланд өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *