Categories
мэдээ нийгэм

Дуудаж байцаадаг, айлган сүрдүүлдэг үйлдлүүдээ зогсоохыг шаардав

“Ардын их хурал” хөдөлгөөнөөс
мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ болон ТЕГ иргэдийнхээ эрх чөлөөг
хангаж ажиллах, Үндсэн хуульд заасан чиг үүргээ сахин ажиллахгүй байгааг
тэд онцолсон юм.

Тус хөдөлгөөн нь өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх болон хотын Ерөнхий менежер асан С.Бадрал нарын 200 гаруй гишүүнтэй юм байна. Энэ үеэр “Ардын их хурал” хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүхээс зарим асуултад хариулт авлаа.

-Та сая “Ард түмний сонорт” гэх
ухуулах хуудсыг хотын гудамжинд наасан талаараа ярилаа. Ямар утгатай
ухуулах хуудас байсан юм бэ?

-Улс оронд үүсээд буй нийгэм, эдийн
засгийн хямрал нь одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж бидний
хэсэг залуус санал нэгдсэн. Цаашид уг хямралыг давах шийдэл нь
олигархуудын биш, ард түмэн засаглаж, эрхээ эдлэх “Ардын их хуралтай” байх юм гэдэг утга бүхий ухуулах хуудас юм.
Бид энэ ухуулах хуудсаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хотын гудамжаар наасан. Ухуулах хуудсаа наах явцад бидний
зарим нөхдийг ТЕГ-ын ажилтнууд барьж, хорьсон.

-Ямар үндэслэлээр барьж хорьсон юм бэ?

-Манай хүмүүсийг “Энэ үйл ажиллагаа чинь
таван жилийн хорих ялтай” гэж айлган сүрдүүлж, ганцаарчлан тусгай
өрөөнд оруулж байцаасан байсан. Мөн бичиг баримтыг нь ухуулах
хуудаснуудтай нь хураан авч, гар утсан дахь мэдээллийг нь шалгасан.
Мөн энэ үйл явдлыг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг
дарамталсан. Ингээд арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ТЕГ болон Эрүүгийн
Цагдаагийн газраас шалтгаангүйгээр биднийг дуудсан.

-Та бүхэн Эрүүгийн Цагдаагийн газарт очсон уу?

Очсон. Биднийг “Хийж байгаа үйлдлээ зогсоо” гэж шаардсан. Уг
нь Монгол Улсын бүх иргэн Үндсэн хуульд зааснаар “Үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх” эрхтэй шүү дээ. Тийм болохоор
бид ЦЕГ болон ТЕГ-ыг иргэдийнхээ эрх чөлөөг хангаж ажиллах, Үндсэн
хуульд заасан чиг үүргээ сахин ажиллахыг мэдэгдэж, барьж дуудаж
байцаасан, айлган сүрдүүлсэн хариуцлагагүй үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардаж байгаа юм.

-Танай хөдөлгөөнийнхөн цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Бидний цаашдын зорилго бол олигархуудыг халж, ард түмэн засаглаа эрхээ эдлэх “Ардын их хуралтай” болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *