Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian next top model”-н эхний шалгаруулалтад 22 охин тэнцжээ

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг тун удахгүй “Боловсрол суваг” телевизээр цацагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус нэвтрүүлгийн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра, “Mongolian next top model” нэвтрүүлгийн ерөнхий продюсер, төслийн удирдагч Ө.Содгэрэл, тус шоуны зөвлөх продюсер Мартин Рэдмен, шоу нэвтрүүлгийн хөтлөгч, загвар өмсөгч, модель Нора нарын хүмүүс оролцлоо.

Шоунд оролцохоор нийт 220 гаруй гоо бүсгүй бүртгүүлсэн байна. Улмаар гурван үе шат бүхий шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцжээ. Тэднээс 14 оролцогч дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болсон байна. Эдгээр охин Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид “Next top model”нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөх юм байна.

Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора ажиллах юм байна. Мөн “On n Off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажиллахаар болжээ. Харин хоёр сарын турш үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллах аж.

“Mongolian next top model” шоуг АНУ-ын “CBS” international” студийн албан ёсны эрхийн дагуу зохион байгуулж буй юм. Тийм учраас зөвлөх продюсер Мартин Рэдмен ажиллахаар манай улсад иржээ. Тэрбээр Миний хувьд Монголд ирж энэхүү нэвтрүүлэгт туслах болсон нь нэр төрийн хэрэг байлаа. Би 12 жилийн турш Их Британийн “Next top model” шоуг продюссерлосон. Энэ бол маш гайхалтай нэвтрүүлэг. Тийм учраас Монголд маш том шуугиан дэгдээж, гайхалтай амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн байранд хоёр сарын хугацаанд байрлан амьдрах юм байна. Нийт 16 дугаар “Боловсрол суваг” телевизээр цацагдана.

Шоуны ялагч үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Loogue” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *