Categories
мэдээ цаг-үе

Г.Занданшатар: Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдож, дунджаар 1.7 жил ажилласан байдаг

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хуралд та илтгэл тавьж байсан. Ер нь Үндсэн хууль үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?

-Улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, төрийн хэрэгт чөлөөт сонгуулийн аргаар оролцох эрхийг хангасан, чөлөөт зах зээл, эрх мэдлийн хяналт, тэнцлийн суурь зарчмыг баталгаажуулсан гээд 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлыг дурдвал арвин их. Жил гаруйн өмнө буюу 2015 оны тавдугаар сард “Үндсэн хуулийн өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж Үндсэн хуулийн асуудлаар олон талаас нухацтай хэлэлцсэн. Уг хуралд гадаад, дотоодын олон эрдэмтэн, судлаач илтгэл тавьсан бөгөөд сүүлийн жилүүдэд засаглалын гурван салаа хоорондын зааг ялгаа бүдгэрч, төрийн эрх мэдлийн үр нөлөө, Үндсэн хуулиар тунхагласан хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа талаар сэтгэл зовнилоо илэрхийлж байсан.

-Ер нь сүүлийн үед болж буй хурлуудаас хараад байхад Үндсэн хуульд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байх шиг байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах обьектив, субьектив шалтгаан бий. Үндсэн хуулийн удаан үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, улс төрийн зөрчлийг зохицуулах чадвар, төр засаг дур зоргоор авирлах боломжийг хязгаарлах, төр засгийг эрх мэдэлжүүлэх зэрэг олон үндэслэл шалтгааныг судалгааны үндсэн дээр нотолсон байдаг. Тоймтойгоос нь дурдвал, обьектив шалтгаан нь нийгэм, эдийн засгийн буюу засаглалын зөрчлийг зохицуулах чадвар, хариуцлагын хямралтай холбоотой. Органик хуулиудаар Үндсэн хуулийн мөн чанарыг амьдруулж баталгаажуулдаг. 1996 оноос хойш буюу нэн ялангуяа 2012 оноос хойш батлагдсан манай олон хуулиуд өөр хууль эрх зүйн бүлээс хуулбарлан хэрэглэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн Үндсэн хуулийн эх санааг бүдгэрүүлсэн. Хоёр дахь шалтгаан нь Үндсэн хуулийн Цэц дээр очсон маргааны тоо, санал гомдлын байдал, шийдвэрлэгдсэн байдал. Гуравдугаарт, төрийн тогтвортой байдал. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдсон байдаг. Нэг Засгийн газар дунджаар 1.7 жил ажилласан байгаа. Нэг ёсондоо маш тогтворгүй Засгийн газартай байсан гэсэн үг. Манай үе, үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд институци хооронд үүсэж байсан зөрчилдөөнт байдал. Үүнийг системийн анализын аргаар судалж үзэхэд Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой. Дөрөвдүгээрт, субьектив шалтгаанууд гэвэл хариуцлага, шударга ёсны талаар судалгааны байгууллагуудын хийсэн иргэдийн санал асуулгын үр дүн, нийгмийн уур амьсгалын байдал.

-Гэхдээ бас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс байх шиг байна шүү дээ?

-Үндсэн хуулийн эх баригч, гол архитектор Б.Чимид багш “Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад “Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй” гэсэн байдаг. Филисофийн ухагдахуунаар нэг үе дараагийн үеэ ямар нэгэн өөрчлөлт хийхийг хориглож болохгүй гэж үздэг. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш бүхэл бүтэн үе солигдчихож. Хорин долоон жил гэдэг хүний амьдралын нэг үе. Нэгэн бүтэн үе солигдсон. Дараа үеэ юу хийхийг өнөөдөр хориглож цоожилж болохгүй. 27 жилийн дараа техник, технологи, нийгэм, эдийн засаг яаж ч хөгжиж болно. Тэрийг тааж мэдэшгүй. Нийгэм, эдийн засаг, технологи, нийгмийн ухамсар, хөгжлийн үе өөрчлөгдсөн учраас Үндсэн хуульд ч зарим нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна гэж үзэж байна.

-Өөрчлөлтийг юунаас эхлүүлэх вэ?

-Хариуцлагын тогтолцооноос эхлэх ёстой. Хариуцлага, сахилга батгүйгээр амжилтад хүрсэн улс орон битгий хэл иргэн хүн ч байдаггүй гэж Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю хэлсэн байдаг. Монголд өнөөдөр хариуцлагын тогтолцоо гэж алга. Хямралаас гарахад бидэнд хариуцлага, сахилга бат хэрэгтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэй байгаа. Хариуцлагын тогтолцоо бэхжүүлж буй сонгодог аргыг эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй улсуудаас жишээ авч Азийн таван эрх мэдлийн загварыг санал болгож байгаа. Хариуцлагын тогтолцоог сайжруулдаг механизм нь төрийн хяналт шалгалтын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага бий болгох явдал юм. Энэ байгууллага Ерөнхийлөгч, УИХ, улс төрөөс бүрэн хараат бус мэргэжлийн байгууллага ажиллана. Мөн төрийн алба элит алба байх ёстой. Элит гэдэг нь нэр хүндтэй, шударга, тогтвортой, залгамж чанартай байна гэсэн үг. Гол нь чадварлаг мэргэжлийн боловсон хүчин байх ёстой.

-Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдсан гэдэг. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Ард иргэд бүгд бурхад биш учраас зохицуулах төр байх ёстой. Үүний тулд төр байдаг. Төрд ч дандаа бурхад ажиллахгүй учраас хяналт, хариуцлага хэрэгтэй. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн эрх мэдлийг хязгаарлах, хариуцлагатай байлгахын тулд Үндсэн хуультай байдаг.Үндсэн хууль бол “stop sign” юм. Судалгаагаар эрх мэдлийн харилцан хяналт алдагдсан байгаа нь харагдаж байна. УИХ бүхнийг хянах ёсгүй. УИХ-ыг хянах институци гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ хариуцлага алдаж алдаа гаргавал тараадаг механизм байдаг. Улс оронд маш чухал асуудал шийдвэрлэж чадахгүй бол ард түмнээрээ шийдүүлнэ гээд УИХ-ыг тарааж болно. Иймэрхүү байдлаар төрийн эрх мэдлүүд УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч харилцан хянагдаж байх ёстой.

-Ер нь манай улсад засаглалын хямрал нүүрлэчихсэн юм биш үү?

-Өнөөдөр манай улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тод харагдаж буй гажуудал, хүндрэлүүд нь угтаа төрийн үйл ажиллагааны доголдол, хариуцлагын тогтолцооны завхралаас эхтэй засаглалын хямрал нүүрлэсэн байна гэж олон судлаач, шийдвэр гаргагчид дүгнэж байгаа. Энэ хямрал эдийн засаг, төсөв, засаглалын бүхий л салбарт гүнзгийрээд байна. Засаглалын хямралын үндсэн шалтгаан юу вэ гэдгийг тодорхойлох ёстой. Манай улсад өнөөдөр гүйцэтгэх эрх мэдэл Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийн гурван институцид гурвууланд нь хуваарилагдсан байгаа. Сонгодог парламентын засаглалтай орны Ерөнхий сайдад байвал зохих Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх маш чухал эрх мэдэл өнөөдөр манай УИХ-д байна. Шүүх эрх мэдэл ч гэсэн харилцан хяналттай байх зарчим алдагдсан. 30 гаруй ардчилсан орны жишээн дээр харьцуулсан судалгаа хийж үзэхэд, өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол, Ирланд, Словен гэсэн гурван оронд ийм тогтолцоо оршин байна. Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон эрх мэдэл, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах Үндсэн хуулийн хамгаалалт аль, аль нь манайд бусад улстай харьцуулахад маш сул. Өнгөрсөн 25 жилийн турш Монголын улс төрийн тогтвортой байдлыг маш хангалтгүй гэж хэлэхээс өөр аргагүй.

-Тэгэхээр тогтворжуулахын тулд яах ёстой вэ?

-Ерөнхийдөө гүйцэтгэх эрх мэдлийн хоёр том баталгаа байдаг. Нэгдүгээрт, томилгооны эрх мэдэл буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө танхимаа бүрдүүлэх эрх. Хоёрдугаарт, төсөв мөнгөний эрх мэдэл. Манайд парламентын засаглал гэхээр УИХ нь бүхнийг шийддэг газар мэт ташаа ойлголт хүчтэй оршиж байна. Манайд тогтолцоонд хариуцлагын зааг ялгаа засаглалын институци хооронд маш тодорхойгүй, гүйцэтгэх эрх мэдэл нэг дор төвлөрөөгүй байна. Монгол Улс парламентын засаглалтай орон учир зүй ёсоор Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдэл төвлөрөх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг нэлээд хуваалцдагаас гадна Үндсэн хуулиар УИХ-д гүйцэтгэх зарим эрх мэдэл их хэмжээгээр хуваарилсан байдаг. Иймээс өнөөдөр Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл хэнд байна вэ гэдэг асуултад хариулахад бэрхтэй, нэг дор төвлөрсөн ойлгомжтой босоо тогтолцоотой гүйцэтгэх эрх мэдэл тэнд байна гэж хэлэхэд төвөгтэй байна. Мөн органик хуулиудаар Үндсэн хуулийн мөн чанарыг амьдруулж, баталгаажуулдаг бол манай хуулиуд олон өөр хууль эрх зүйн бүлээс хуулбарлан хэрэглэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтын Үндсэн хуулийн эх санааг бүдгэрүүлсэн. Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох, чөлөөлөх эрхгүй, сайд нарыг нь УИХ, өөрөөр хэлбэл УИХ-д суудалтай нам, фракцууд томилдог тул Ерөнхий сайд бодит амьдрал дээр танхимын жинхэнэ тэргүүн байх, танхимынхаа өмнөөс дангаараа хариуцлага хүлээх аль, аль нь ор нэрийн төдий зүйл болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *