Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн түүхтэй.
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.
Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна. Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахалж байна.
Комиссын гишүүдээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах нар ажиллаж байна.
Мөн шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссоос “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.