“ДЭЛХИЙД ТҮГСЭН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” НОМ, “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭЭЛТ БОЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтэд хүргэж буй “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэд судлаачдын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.
- “ДЭЛХИЙД ТҮГСЭН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ:
Уг бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ы судалгааг шинэ шатанд гаргахад судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох юм.
Монгол туургатны язгуур эх түүх, үндэсний хэл бичиг, ардын билиг зүй, эртний утга зохиол, монгол хүмүүний ёс заншлын их нэвтэрхий толь бичиг, уламжлалт оюуны соёлын хосгүй гайхамшигт туурвил болох “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, эл сурвалж таван тивд түгэн тархжээ. Эдүгээ вьетнам, румын хэлээр орчуулж байгаа аж. Энэ баримтаас харахад “Монголын нууц товчоо” хэмээх монгол туургатны оюуны нандин сурвалж монголчуудаар овоглосон дэлхийн бүтээл болсон байна. Бас комикс цуврал, брайль үсэг, жүжиг хэлбэрээр ч олны хүртээл болжээ.
2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд “Монголын нууц товчооны каталоги” сэдэвт төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд “Дэлхийд түгсэн МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” хэмээх энэхүү бүтээлийг хэвлүүлжээ. Уг номыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран бүтээжээ. Төслийн удирдагчаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар ажилласан. Эл бүтээл эдүгээ дэлхий дахинд гарсан “Монголын нууц товчоо”-ны холбогдолтой бие даасан номын товч танилцуулга төдийгүй уг сурвалж дэлхий дахинаа түгэн тархсаныг батлан харуулах бодит баримтын цоморлог юм. Тус цоморлогт “Монголын нууц товчоо”-ны судалгааны бүтээл, орчуулга хөрвүүлэг, хялбаршуулсан номыг аль болох давхардуулахгүй оруулжээ. Ялангуяа гадаадад хэвлэгдсэн бүтээлийг бүрэн хамруулахыг чухалчилсан байна.
Номын тайлбарыг кирил, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, зарим бүтээлийн галиг, хөрвүүлэг, орчуулгын онцлогийг тодорхой харуулах үүднээс “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлийг үлгэр болгон хавсаргажээ. Мөн уг сурвалж бичгийн холбогдолтой марк, тэмдгийг шигтгэн оруулсан байна.
- “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН ТУХАЙ
“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн онцлог нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч булан бүрээс тус толийн толгой үгийг бүтээх боломжтой болж байгаа тул хүн бүр эх түүхээ бүтээхэд хувь нэмрээ оруулах, эцэг өвгөдөөс мэдсэн мэдлэгээ үлдээх боломж бүрэн нээлттэй боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийг сүүлийн жил гаруй хугацаанд хийж дуусгасан байна. Төслийн гүйцэтгэгч багийн ахлагчаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор С.Чулуун ажилласан юм.
Тус төсөл нь агуулгын хувьд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх 800 мянган жилийн Монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтэнүүд, түүхийн үйл явдал, үйл явцыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын үндсэн суурь судалгаанд үндэслэн, олон хэлний сурвалж эх хэрэглэгдэхүүн, архивын баримт, аман түүхийн мэдээлэл ашиглаж шинжлэх ухааны судалгааг үндэслэн олон нийтэд түүхийг цогцоор нь, үнэн зөв ойлголт өгөх, эх түүхийн мэдлэгийг өргөжүүлэх, түүхийн судалгааг өргөн олонд хүртээмжтэй байлгах үүднээс хийгдсэн байна. Монголын түүхийн цахим тайлбар толь нь түүхийн судалгааны хамгийн сүүлийн үеийн болон хамгийн бодитой судалсан эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн болно. Түүнээс гадна Монголын түүхийн аливаа асуудлыг судлахад монголын байр суурь, монголын судалгааны чиг хандлагыг зөв харахад томоохон түлхэц өгөх ажил болжээ.
Тус тольд эхний удаад нийт 999 толгой үгийг багтаасан бөгөөд урьд өмнө ийм том хэмжээний монголын түүхийн толь бичиг Монгол улсад ч, дэлхийн улс орнуудад ч гарч байгаагүй болно. Уг толь нь анх удаагаа орчин үеийн монгол үсгээс гадна хуучин монгол бичиг, аудио хэлбэрээр хийгдэж байгаа нь хэн бүхэнд илүү сонирхолтой болох бөгөөд хамрах хүрээг өргөжүүлсэн байна.
Тус түүхийн тольд нийтдээ 2000 гаруй гэрэл зураг, түүхийн баримт, эх сурвалжийг багтаасан бөгөөд 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших эх сурвалж, ном, өгүүлэлийн нэрсийг бас багтаажээ. Уг төсөл нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнд түшиглэн тасралтгүй үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 5000 толгой үгийг бүтээхээр зорьж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн, эх хэл, соёл, түүхийн чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга; хэрэгжлүүлсэн төсөл, хөтөлбөр:
- Олон улсын монголч эрдэмтний X, XI их хурлыг дэмжин холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан.
- “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн.
- “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг гаргасан.
- Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтсон.
- Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
- ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтдийн эрхэлсэн Монголын түүхийн цуврал зохиол: ” А.Амарын “Монголын товч түүх” тэргүүтэй “Монгол эх түүх” 7 ботийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон.
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын “Монгол хэлний их тайлбар толь” төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
- ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачдын, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
- Рашид-Ад-Диний “Шаштирын чуулган” бүтээлийг монгол хэлээр орчуулан гаргах ажлыг дэмжиж ажилласан.
- Хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан. Уран дархны урлагийг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан.
- МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайханы “Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; “Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл; “Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат киног бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
- Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн хүү, туульч А.Балдандорж, нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, цуурч Б.Наранбат нарын монгол тууль, цуурын уламжлалыг үргэжлүүлж буй хичээл зүтгэлийг дэмжиж, үндэсний соёлын өвийг дэлгэрүүлэх зорилгоор “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлсэн.
- 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Эх хэл, түүх, соёлоо судлах хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гаргасан.