Categories
мэдээ нийгэм

Жагсагчид хөл хүнд, хүүхэдтэй эхчүүдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэхийг шаардав

Аргаа барсан ард түмний жагсаал нэгээр нэмэгдэв. Өмнө нь цэвэр агаарын төлөө жагсана гэж хэн ч санаагүй буй за. Тэгвэл өнөөдөр хүмүүс жагсаж байна. Эхийнхээ хэвлийд бойжиж байгаа нялх үр эсэн мэнд төрж ээждээ тэврүүлэхийн тулд та биднээс амь гуйж байна. Тахир дутуу, хараагүй, сохор доголон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ л утаа хэмээх хар мангасын хар гайгаар хорвоод тарчилж байна. Төр засаг нь өдөр хоног өнгөрөөн аргацаасан шийдвэр гаргаж буй өнөөгийн өндөр албан тушаалтнуудыг сэнтийнээсээ бууж бодит байдалтай эвлэрэхийг хүсч байна. Эхчүүдийн хоолой зангиран хэлэх үгс нь ердөө л хүрэлцээтэй ор дэртэй эмнэлэгтэй байхсан, хүүхдээ амьсгалуулахсан гэж хүсч байна. Тэд эцсийн эцэст амьсгалах боломж олгохыг л шаардаж байна. Хүн уг нь үндсэн хуулиндаа амьд явж, агаар амьсгалах бүрэн эрхтэйсэн биш билүү.


ЖАГСАГЧИД ЗАСГИЙН ГАЗАРТ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

  • Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, бодитой арга хэмжээ авах. Зохих нэмэлт өөрчлөлтийг Гамшгийн тухай хуулинд оруулах.
  • Засгийн газар арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа Баянхошуунд зохион байгуулж, нөхцөл байдлыг нүдээр үзэх.
  • Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө, санхүү, хийсэн ажлын тайланг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах.
  • Агаарын бохирдлыг 2018 он гэхэд 80 хувиар бууруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, 2017 оны нэгдүгээр сарын 26-нд иргэдэд нээлттэй танилцуулах.
  • Хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлэлт, амбулаторийн үзлэг, нас баралтын статистик мэдээг ангилан, долоо хоног бүр олон нийтэд мэдээлэх.
  • 2017 оны нэгдүгээр сарын 10 гэхэд нэг ч монгол хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхгүйгээр зохион байгуулах.
  • Агаарын бохирдлоос болж айл өрхөд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах.
  • Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан-Уул, Орхон болон аймгийн төвүүдэд суурилуулж, нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх.
  • Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны нэгдүгээр сарын 15 гэхэд 25 хувиар бууруулах арга хэмжээ авах.

Жагсаал зохион байгуулагчид 14.00 цагаас УИХ-ын өргөдлийн байнгын хороонд БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яамны удирдлагууд болон Хотын дарга С.Батболд нарыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.Мөн энэ үеэр Засгийн газарт шаардлага хүргүүлэх юм байна.

ЖАГСАГЧИД ХОТЫН ЗАХИРГААНД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

  • Агаарын бохирдлын голомтод хордож буй жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг бохирдол багатай бүс рүү нүүлгэн шилжүүлэх.
  • Улаанбаатарын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах.
  • Агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах мэдээллийн цогц арга хэмжээг явуулах.
  • Нийслэлд агаарын чанар хэмжигч 15 ширхэг суурин станц шинээр суурилуулах.
  • Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хойш хотын утаанаас дайжиж сувилуулсан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудад зардлын 50 хувийг нөхөн олгох.

Өнөөдрийн тайван жагсаалыг улс төр, нам эвслээс ангид, зовлонгоос үүдсэн эцэг, эхийн нэгдэл хэмээн жагсаал зохион байгуулагчид онцоллоо. Тэд дээрх шаардлагын хариуг нийслэл, Засгийн газраас 2017 оны нэгдүгээр сарын 10-ны дотор хүлээн авахыг хүсчээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *