Categories
мэдээ цаг-үе

Урлан нь компьютерт багтсан төрийн соёрхолт барималчийнх

Төрийн ордны өмнөх “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Үндэсний түүхийн музейн урд талын хэлмэгдэгсдийн хөшөө, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж, Сэрэлтийн Бумаагаараа олонд хайрлагдсан Т.Цэвээнжав, Улс төрийн товчооны Д.Төмөр-Очир, Мэргэн гүн Гомбожав зэрэг алдартнуудын өөрийн гэсэн характер нь хачин тод сийлэгдсэн, өвөрмөц шийдэлтэй хөшөөнүүдийг урласан Төрийн соёрхолт Л.Болдынд өнжлөө. Барималчийнх цэнгэлдэх хүрээлэнгийн урдхан талын Номун хотхонд амьдардаг юм байна. Оронгуут л хүүхдийн шулганасан яриа, цангинасан инээд угтав. Амралтын өдөр учраас ач нь иржээ. Хүү, охин нь тусдаа гарсан өвөө, эмээгийн жаргалтай өдрүүдийн нэг гэдэг нь харваас илт. Гэрийн эзэн “Манайх чинь хүү, охинтой айл. Хүү маань эдийн засагч. Охин АНУ-д менежмэнтийн чиглэлээр сурч төгсөөд тэндээ аж төрдөг. Бага залуудаа хүүхэдтэй болчихоор тэдэнтэйгээ хамт л өсч төлөвшдөг бололтой юм. Хүүхдийн өхөөрдөм, хайрлам, хөөрхөнийг тавь гарсан насандаа, яг өдийд л жинхэнэ утгаар нь мэдэрч байна.

Уран бүтээлчид бүтээлээ хүүхэд шигээ санадаг гэдэг. Сэтгэл гаргаснаа л зүйрлэж хэлж байгаа байх. Тэрнээс биш үр хүүхдийг юутай ч зүйрлэх аргагүй л дээ” гэж хэлээд инээвхийлж байна. Гэрийн эзэн Сэлэнгийнх, эзэгтэй Сарангэрэл Улаанбаатарынх гэнэ. Аав, ээжийн нутаг ус гэж яривал Л.Болд барималчийн аав нь Хэнтийн хүн аж. Харин эзэгтэйн аав Завханых юм байна. Аавыгаа “Сууж байгаад сургаал хайрлаж байсныг нь санадаггүй. Аав минь тийм байгаагүй. Зөв аж төрөхийг амьдралын хэв маягаараа харуулсан хүн. Мянган сургаалаас илүү үлгэрлэл шүү” хэмээн дурслаа.

Бидний анх орсон өрөөг Л.Болд “Найз нөхөдтэйгөө үүрлэдэг үүр” гэж хошигнов. Ширээ тойруулсан буйдантай, урлаг цэцэглэсэн Тан улсын үеийн бүтээлүүдийг хуулбарласан баримлуудтай, ханандаа Гүюг хааны тамганы дардсыг жаазалж өлгөсөн тохитой гэж жигтэйхэн өрөө юм. Эзэгтэйн бэлдсэн ширээний ард яриа хөөрөө өрнүүллээ. Ардчилсан холбооны Зохицуулах зөвлөлийн анхны хурал урлангийнх нь өрөөнд болж байж. Гэрийн эзэн “Зохицуулах зөвлөлийн 11 гишүүний нэгээр Э.Бат-Үүлийг хүчээр оруулж байсан юм. Мань хүн сэтгүүлч болж тэмцэнэ гээд тэрүүхэндээ хөөрхөн юм болсон” гээд хөгжилтэй инээв. “Одоо таны урлан хаана вэ” гэтэл “Монголд урлангүй ганц хүн би л байх. Миний урлан энэ шүү дээ” гэж хажуудаа байсан цагаан өнгийн i mac-ийг заагаад жуумалзав. Барималч урдаа байсан халуун байхууг оочлонгоо “Москвад хөшөө дурсгалын мэргэжлээр төгссөн хоёр хүний нэг нь би. Тиймээс өдөр тутмын жижиг баримал энэ тэрд сэтгэл татагдаад байдаггүй юм. Хөшөө дурсгалаа гүйцэтгэх, боловсруулах ажлыг энэ өрөөндөө л хийдэг. Гүйцэтгэх болохоороо тав, арван метрийн өндөртэй заал түрээсэлдэг” гэж ярилаа. Өрөөндөө найзынхаа аавын хөргийг бүтээж эхэлжээ. Ойрын хүнийх нь аав учраас жижиг баримлын ажил эхэлсэн бололтой.

Удам сударт нь урлагийн хүн байсан эсэхийг сонирхоход “Би анх ном, замаар нь яваад барималч болсон гэж боддог байлаа. Арван жилийн маань ангийн багш мужаан, дүрслэх урлагийн дунд сургуулийн төгсөгч гэсэн зам л барималч болгосон гэж сэтгэнэ. Ихдээ л аавыгаа бодно. Аав минь хуучин бичгээр хачин гоё бичнэ л дээ. Чөлөөлөх дайнд штабын бичээчээр ажиллаж байсан хүн. Нэг удаа төрийн хүлээн авалтын үеэр хэсэг уран бүтээлчтэй уг удмаа ярилаа. Н.Жанцанноров гуай ээжийгээ сайхан дуулдаг гэж яриад. Н.Сувдаа гуай ойлгомжтой. Ээж нь мундаг. Би аавыгаа хэллээ дээ. Гэтэл гавьяат Г.Эрдэнэбат “чи боль л доо” гээд дургүй гэж жигтэйхэн байна. Аав маань Хэнтийн Батноровынх болохоор мань эр аавыг мэднэ. Тожил дархнаас гаралтай нутгийн хүн байж гэж ирээд нэг их зэмлэсэн нь санаанаас гардаггүй юм. Тийм л дээ, Монголын уран дархны агуу хийц тэнд байдаг. Тэр дундаа цутгаж бүтээдэг Батноров хийц. Би одоо болтол барималч гээд хөөмөл цутгаад явж байна. Миний аав тэр дархыг хийгээгүй, уламжлаагүй ч гени нь надад байгаа хэрэг. Тэр үеэс хойш өөрийгөө Хэнтийн Батноровын үр хойчис, урлалыг нь дамжуулж яваа нэгэн гэж боддог болсон” гэж байна.

Хэлмэгдэгсдийн хөшөөг цоолж балласанд эмзэглэж яваагаа нуусангүй. “Засах гээд цагдаа цэрэг болоод байх шиг. Сэтгэл шимшрээд очиж үзээгүй ээ. Хүмүүсээс дуулах нь ээ, 200 гаруй цоолсон сурагтай” гэв.

“Чингисийн хамгийн бодитой гэж хэлж болох зураг Тайваньд байдаг гэдэг. Ордоны өмнөх хааны дүрийг бүтээхдээ ямар зургийг барив” гэхэд “Миний шийдэл. Олон янзын үзэл байсан учраас өөрийнхөөрөө бүтээсэн” гэж байна. Хятадын зарим эх сурвалжид Чингис хааныг 197-201 см өндөр, зөв царайтай гэж дүрсэлсэн байдаг бол хэд хэдэн эрдэмтэн Тайваньд байдаг хааны хөргийг бодитой биш гэж үгүйсгэдэг гэнэ. Төрийн ордны урд талын Өгөөдэй, Хубилайг харин маргашгүй гэдэг утгаар нь Тайванийн зургаар бүтээжээ.

Өмнөд Монголд Чингис хаан болон Их Монголын түүхтэй хамаатай хэд хэдэн хөшөө урласнаа нөүтбүүкээсээ сонирхуулав. Хорчин нутагт хорчин гэж үгийг морины хэлбэрээр урласан хөшөө нь анхаарал татахаар содон юм. “Хорчин хошууны 84 хувь нь монголчууд болохоор тэр үү, хятадууд нь хүртэл монголоор ярьдаг юм билээ” гэх мэтээр урд зүгийн монголчуудын тухай баахан яриа өрнүүлэв.

Л.Болд барималчийн “Есүхэйн захиас” гэж хөшөө Сөүлээс ойрхон Ичон гээд газарт олон улсын баримлын паркт байдаг юм байна. Зургийг нь харлаа. Гарны хэлбэртэй өвөрмөц бүтээл юм.

Гэрийн эзэн Жанрайсигийг бүтээх ажлыг таван жил удирдсанаа ярьж сууснаа Ардчилсан холбоотой хамаатай бас нэгэн түүх дэлгэв. “Ардчилсан холбооны анхны хурлаар шууд надтай хамааралтай гурван зорилго тавьсан юм. Эхнийх нь хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж хөшөө босгох. Хоёр дахь нь өв соёлоо сэргээхийн тулд оросуудын бууны сум хийхээр авч явсан гэх Жанрайсигийг бүтээх. Гурав дахь нь Чингис хааныхаа хөшөөг мөнхжүүлэх. Хувь тавилангаар уу, азаар гэх үү гурвууланг нь би хийсэн. Ардчилсан холбооны анхны хурал дээр өгсөн даалгаврыг биелүүлсэн гэсэн үг. Энэ болгонд Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж таарсан. Ухаандаа Ардчилсан холбооноос дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд Н.Энхбаярын оролцоо байдаг юм” гэснээ үе үеийн төрийн тэргүүнүүдийг “Бүгдээрээ урлагт хайртай, элэгтэй, урлагийг үнэлэх үнэлэмжтэй улс” гэж магтав. Л.Болд барималч Урчуудын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байхдаа П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяртай харилцаж байж. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай “Шууд харилцах ажил үүрэг байхгүй ч урлагийн өндөр үнэлэмжтэйг нь мэднэ. Уран зургийн хоббитой. Өөрөө зурдаг, хувийн маш баялаг галлерейтэй. Ордны өмнөх цогцолборыг эхлүүлэх шийдвэр гаргахад голлох нөлөөтэй ажилласан” гэж ярив.

Сонирхуулж хэлэхэд, Төрийн соёрхолт барималч маань оюутан ахуйдаа хамтлагт цахилгаан гитар тоглож манаргаж явж. Төрийн соёрхолт С.Саранцацралтын нөхөр зураач Бат-Эрдэнэ, “Нохойн орон” бүтээлээрээ нэг хэсэг шуугиан тарьсан Д.Төрмөнх гээд хэсэг зураач залуус хамтлаг болж явжээ. Хамтлагийнх нь найзууд өнөөдрийн Болдыг бүтээхэд нөмөр түшиг, хөг болсон хэмээн гэрийн эзэн ярилаа.

Барималч өрөөнийхөө хойморт Бурхан багшийн хөргийг залжээ. “Шүтэхдээ философи болгож судалсангүй. Бодол, сэтгэл цэгцлэх цэг, түшиг тулгуур маань бурхан багш болчихоод байна л даа. Хүнийг сайхан руу чиглүүлэх нь шашны мөн чанар гэж хардаг. Тэр талаас нь бодож хүндэлж, шинийн 29-нд Очирваань бурхандаа мөргөх хэмжээний л шүтлэгтэн” гэж өөрийгөө тодорхойлов.

Номын сан нь их даруухан юм. Зураг, баримал, урлагийн голдуу ном өржээ. Үе үе дэлгэж хардаг нь 30000 жилийн дэлхийн урлагийг багцалсан зузаан гэгчийн цагаан хавтастай ном юм байна. Сингапураас монгол төгрөгөөр бол хагас сая орчим төгрөгөөр авчээ. Зураг сайтай, товч, ойлгомжтой тайлбартай энэ номд Монголоос Занабазарын нэг бүтээл багтжээ. Гэрийн эзэн номоо бидэнд сонирхуулчихаад “Ямар ч байсан хүмүүний урлагийн түүхэнд дурсагдах агуу уран бүтээлчтэй л ард түмэн” гэж хэлээд номын сан руугаа эргэв.

Гэрийн эзэн “Зураач хүн гэхээр зурахаас өөрийг мэддэггүй гэж шүүмжилдэг. Спортынхныг ч ялгаагүй. Гэтэл Түвшинбаярыг олимпийн аварга болоход монголчууд яалаа. Талх үйлдвэрлэдэг хүн биш л бол юу ч хийдэггүй нөхөд гэсэн ойлголтыг эвдэж чадсан. Уран бүтээлчээс гадна Улаанбаатарт амьдарч яваа хүний, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож явдаг сонгуульт болон томилогдсон ажлууд бий. Урлагийн зөвлөлийг байгуулсан. Ирэх жил 15 жилийн ой нь болно. Өнгөрсөн жилүүдэд зургаан сая ам.долларыг Монголын урлагт олж ирж зарцуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл улаанбаатар хотын ерөнхий зураач гэсэн ажилтай. Орон тооны биш л дээ. Жил бүрийн наадмын чимэглэл гэхэд миний нуруун дээр. Цалингүй, сэтгэлээрээ хийдэг ажлууд. Үүргээ л биелүүлж яваа гэж ойлгодог доо” гэсээр биднийг үдлээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *