Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, 22.00 цагт түр завсарлалаа. Өнөөдрийн шүүх хурлаар нотлох баримтыг шинжлэх ажиллагаа явагдсан. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн бүх нотлох баримтыг шинжилж хараахан дуусаагүй байна.
Шүүх хурал хуулиараа 22.00 цагт өндөрлөх ёстой /дээд хязгаар нь/ байдаг тул энэ удаагийн шүүх хурал ийн түр завсарлажээ. Ингээд ирэх даваа гарагийн 10.00 цагт дахин үргэлжлэхээр болсон байна. Уг хурлаар шүүх бүрэлдэхүүн үлдсэн нотлох баримтыг шинжлэхээс гадна шүүмжлэл явуулах юм байна.
Эдгээр өдрүүдэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хийгээд шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт хуулийн дагуу нууц аж.
Нотлох баримт гэж юу вэ…
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаархуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 79.2. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно гэж бий.
Үүний зэрэгцээ 79.3 дахь хэсэгт Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална гэж заасан.
Нотлох баримтыг хэрхэн шинжлэх вэ…
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 261.1.Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтална.
261.2.Яллах баримтыг нотлох үүргийг улсын яллагч, шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах баримтыг нотлох үүргийг өмгөөлөгч, шүүгдэгч тус тус хүлээнэ.
261.3. Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.
Тэгвэл шүүмжлэл явуулах ажиллагаа гэж юу вэ…
Энэ нь шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож, хэлэлцүүлэг явуулах ажиллагаа аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 280.1-т зааснаар Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй аж.
Мөн шүүгдэгчийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй юм байна. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхлүүлж, улмаар шүүх нотлох баримтыг хангалттай гэж үзвэл шүүгдэгчдийг яллах эсэх тогтоолыг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах ажээ.